УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр "Ховд аймгаас төлөөлж сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллаад ирлээ. Ховдчуудын хувьд өнгөрсөн хаврын чуулганаар хүлээлт үүсгэсэн олон асуулыг төр засаг шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэнэ гэсэн итгэлтэй байсан ч төдийлөн биелэлт хангагдаагүйг шүүмжилж төрд итгэх итгэл нь улам суларсан байна.
Тухайлбал, Нийгмийн даатгалын багц хууль реформын шинж чанартай хууль болж чадаагүй бөгөөд ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлж зөрүүг арилгах асуудал нь мэдээлэл дутуу, ихэнх ахмадуудад "чихэр долоолгосон" явдал болж хувирсан хэмээн ярьж байна. Олонх иргэдийн хувьд НДШ тийм ч өндөр төлөх боломжгүй байснаас болж өнөөдөр 50 мянган төгрөгийн нэмэгдэл авч сууна. Энэ нь хүнс барааны үнийн өсөлт, худалдан авах чадвартай харьцуулахад маш бага үнэлгээ юм.
Мөн авлига, хулгайн асуудлыг дорвитой шийдвэрлэж чадалгүй байсаар хаврын чуулганыг хаачихсан. Иргэд уг асуудлыг төр засаг нэг сенсацийг нөгөө сенсациар дардаг байдлаар иргэдийг хуурч байна хэмээн шүүмжилж байна. Тиймээс ирэх намрын чуулган гишүүдийн сахилга бат, ёс зүй, үүрэг, хариуцлагыг нэхэх байдлаар үргэлжлэх байх гэж бодож байна" хэмээв.