Анхныхаа дуугаа ТҮЦ-нээс гуйгаад кассетанд бичүүлж байсан гэх тэдний энгийн нэгэн дурсамж хөвөрсөн яриа одоо ч бидэнд Татар гэх хамтлаг хэрхэн "өсөн өндийж", хип хоп хөгжмийн хаана нь яваа вэ гэдгийг тодорхойлж хэлэх нэг баримт болох байх. Бусдын хайрыг хүндлэхийг, хүн хүнээрээ байхыг "заасан" тэдний дуу сонсогч фенүүдийнх нь playlist-д одоо ч бий. Тэр ч утгаараа тоглолтын тов зарлагдсанаас хойш сонсогч фенүүд нь өдөр бүр шахуу Татараар амьсгалж байна. Хамтлагийн залуус ч ялгаагүй, бэлтгэлийн хажуугаар тоглолт болох өдрөө хүлээж буй талаараа ярьж байв.
-Тоглолт болоход хэдхэн өдөр үлдэж. Бэлтгэл ажлаа хэр хангаж байна?
-Ч.ЖАРГАЛСАЙХАН /Жагаа/: Татар хамтлаг энэ тоглолтоо 20 жил бэлдлээ. Энэ тоглолтын хөтөлбөрийн эхлэлээс төгсгөл хүртэлх секунт бүрт 20 жилийн туршлагаас авхуулаад бүх зүйл шингэсэн гэж хэлж болно. Бидний бэлтгэлээс гадна хөтөлбөрийн дагуу хийж буй тайзны техникийн бэлтгэл, зар сурталчилгаа маркетинг зэрэг маань жигдрээд байна. Ер нь тоглолт болоход бэлэн болсон.
-Хэдхэн хоногийн өмнө танай фен клубын аялалын тэмдэглэлийн нэвтрүүлгийг үзлээ. Олон жилийн өмнөх Татар хамтлагийн залуусыг харав. Та хэд тэр бичлэгийг өмнө үзэж байсан уу?
-Д.МӨНХЧУЛУУН /Мөөгий/: Бид фен клубынхээ аялалын тэмдэглэлийг дөнгөж өчигдөрхөн өөрсдөө анх удаа үзлээ. Учир бид үргэлж ажлуудаа төлөвлөгөөнд оруулж явдаг байсан учраас тэр видеонуудаа үздэггүй, үзэж амждаггүй ч байж. Фен клубынхээ бичлэгийн үзээд сэтгэл өмрөх шиг л /инээв/. Бичлэгийг үзсэний дараа бид гурав хоорондоо “Фен клубын гишүүддээ зориулсан хаалттай тоглолт хийх ёстой юм биш үү” гэж ярьж суулаа. Учир нь тухайн үед фен клуб гэх соёлыг Татар хамтлагийн фен клуб өөрсдөө гаргаж ирсэн. Маш хүчтэй, идэвхтэй үйл ажиллагаануудаа явуулдаг байж. Тэндээс хамтлаг болох хүсэл сонирхолтой залуус нь биднээс зөвлөгөө авч эргээгээд бидэнд ч санал зөвлөгөө өгдөг байсан. Бид ч түүний хүчээр хөгждөг ч гэх юм уу. Энэ мэт фен клубынхэнтэйгээ их ойр байсан.
Жагаа: Одоо эргээд харахад маш нандин дурсамжууд үлдсэн байна. Маш их дурсамжийг олон фенүүд маань бидэнтэй цуг бүтээлцсэн байна.
-Тоглолтын зар гарсны маргааш өглөө нь гэхэд Улаанбаатар хотыг Татар хамтлагийн тоглолтын плакат бүрхсэн байж чаддаг байсан-
-Гэхдээ хэчнээн фен клуб байлаа гээд хамтлагийн гишүүд нь фенүүдтэйгээ тийм ойр дотно байх ховор тохиолдол шиг санагддаг. Аялалд хүртэл цугтаа яваад л?
-Мөөгий: Тийм шүү. Тухайн үед бид хүүхэд, залуучуудын ордонд байрладаг байсан. Сардаа 1-2 удаа заавал цугладаг байв. Онигоо ярина, шинэ дуунуудаа сонсгоно, Open mic хүртэл зохион байгуулдаг байсныг санаж байна. Татарын дууг хэн сайн дуулах вэ, хэн freestyle хийх вэ, хэн сүүл холболтыг сайн хийх вэ зэргээр open mic маань болдог байсан. Бид тэнд ирж буй залуусаас мотиваци авахаас гадна нийгэмд тусгаж буй санааг нь олж хардаг байсан юм. Энэ маш зөв ажил байсан гэж хардаг. Фен клубыг ямар байх ёстой талаар “Сонор рекордс” чиглүүлдэг байсан. Манай фен клубын тэргүүнээр ажиллаж байсан н.Ганбат гээд залуу 20 жилийн турш бидэнтэй хамт байна. Энэ залуучууд нэг ч төгрөг биднээс харж байсан удаагүй. Өөрийнхөө зүрх сэтгэл, оюун ухаанаа өөрсдийн чөлөөт цаг, сонирхолдоо зарцуулж, зориулж чадсан.
Жагаа: Яг л бид гурав шиг гэсэн үг шүү дээ. Бид Татар хамтлагийг хэрхэн сэргэн мандуулах вэ гэж боддог байсантай л адил бодож сэтгэл гаргадаг байсан.
Мөөгий: Тэд чинь парад хүртэл зохион байгуулдаг байсан. Бүгд л туг бариад, машинаар явцгаадаг. Тухайн үед гоё машин ч ховор байсан цаг шүү дээ. Цуглаан, алхалт, аялал гээд л. Бид бараг 3-4 удаа аялалд цугтаа явцгааж байсан шүү.
Жагаа: Тухайн үеийн сонсогчид маань санаж байгаа бол Татар хамтлагийн тоглолт болох тухай зар гарсны маргааш өглөө нь гэхэд Улаанбаатар хотыг Татар хамтлагийн тоглолтын плакат бүрхсэн байж чаддаг байсан. Энэ бол манай фен клубын гишүүдийн сэтгэл. Нэг шөнийн дотор хотын бүх хэсэгт тэр плакатыг наана гэдэг аравхан хүний хийчих ажил биш шүү дээ.
-Тоглолтын өмнө тэгж байгаа бол тоглолт болох өдөр бүр л "галзуу" уур амьсгал угтдаг байсан байлгүй?
-Мөөгий: Тоглолтын өдөр бол бид гуравын хувьд “аймшигтай” өдөр. Үнэндээ маш их айдастай байдаг. Өнгөрсөн жилийн нэг тоглолтын үеэр Заяа “Энд нэг чулуу ч юм уу, төмөр ч юм уу орчихсон юм шиг санагдаад байна” гэхэд нь нэг литр ус уулгаж хүртэл байсан. Сандрал байнга байдаг. Олон хүний анхаарал нэг цэгт очиж байна гэдэг утгаараа тэр энерги нь ирээд ч тэгдэг юм уу. Эсвэл бодчихдог ч юм уу. Сайн хэлж мэдэхгүй юм.
Жагаа: Нэгдүгээрт, хариуцлага бодогдож байгаа. Мөн маш их сэтгэл гаргаж байгаа. Тэгж бодох тусам л сандардаг.
-Одоо ч буурахгүй байгаа хэрэг үү?
Мөөгий: Буурахгүй л байна. Сая Заяа ирээд өглөө цочиж сэрсэн талаараа хэлж байна. Тоглолт болоход тавхан хоног үлдчихсэн юм уу гээд цочиж сэрж байна гэж байна шүү дээ. Босонгуутаа “Хоёроо сэрээрэй” гээд бид хоёр руу залгана.
Жагаа: Бэлтгэлээ хийхээр нэг уужраад тайвширч байна. Гэртээ байхад тоглолтоо хүлээгээд цаг хугацаа явж өгөхгүй л байна. Таван хоног надад маш урт санагдаж байна.
-Бид өөрсдийгөө бэлэн болсон гэж үзсэн цагтаа л дуугаа цацаж, тоглолтоо хийдэг. Энэ бол бидний л хүссэн тоглолт-
-Хамтлаг гэдэг хамтаараа лаг байхын нэр гээд л бид маазардаг л даа. Гэхдээ тэнд хариуцлага ч дагалдаж байдаг. Та бүхэн тайзан дээр дуулах дуунуудаа бэлдэхдээ хэр бие биенээ "мэдэрч" ажиллаж байна?
-Жагаа: Энэ жилийн хувьд харьцангуй бэлтгэл сайн байгаа. Би хэсэг хугацаанд гадаадад сурч байгаад ирсэн. Гэхдээ тэр үед буюу өнгөрсөн жил Люмино хамтлагтай хийсэн The Best тоглолтын бэлтгэлийн үеэр бид гурав огт тайзан дээр дуулж байгаагүй дуунуудаа дуулах гэж үзсэн. Тэр үед өөрсдөө ч тэр дуунуудаа мартаагүй санаад дуулж чадаж байсан. Яалтчгүй далд ухамсартаа ортол, маань мэгзэмийг арван мянган удаа уншлаа гэдэг шиг л бэлдсэн учраас жаахан сэргээхэд л дуунууд маань өөрийн эрхгүй ороод ирж байх жишээтэй. Энэ жилийн хувьд хэцүү зүйл гэхээр зүйл алга. Кайфтай байна.
Мөөгий: Ойлголцлын тал дээр асуудал байдаггүй. Бид чинь бэлтгэл ангиасаа цугтаа байсан найзууд учраас уран бүтээлийн тал дээр ч ойлголцоод явахад хэрэлдэж уралдаад байдаггүй. Манай Заяа хэлдэг юм. Бид хэдийгээр уран бүтээл хийгээд хамтлаг нэр дор явж байгаа боловч амьдралын найзууд шүү гэж.
-20 жилийн ой гэдэг утгаараа тоглолтоо хийх бодол байсан байх. Түүнээс гадна тоглолтоо хийгээч гэх сонсогч фенүүдийн санал хүсэлт их ирсэн биз?
-Жагаа: Энэ жилийн цагаан сарын үеэр “Тоглолтоо хийгээч ээ. Ажилгүй юм бэ” гэх сэтгэгдэл ирж байсныг маш тод санаж байна. Энэ мэтээр тоглолтоо хийх хүсэлт их ирдэг. Гэхдээ үзэгчдийн хүсэлтээр гэхээсээ илүүтэйгээр бид өөрсдийгөө бэлэн болсны дараа л тоглолтоо хийдэг. Дуу хийж, цацахад ч ялгаагүй. Олон хүнээс тоглолтоо хийгээч гэж хэлээд аль эсвэл одоо л тоглолт хийвэл алах юм бишүү гэж шуургадаад өнгөрдөг хамтлаг нь бид биш. Энэ бол бидний л хүссэн тоглолт.
-Өнгөрсөн тавдугаар сард "Сэргэн мандъя" дуугаа цацсан. Дууг цацагдсан даруйд Жагаа ахыг хамтлагтаа нэгдэж, уран бүтээлээр нь цугтаа харах таатай байна гэх сэтгэгдлийг сонсогчид их хэлсэн байсан. Та тэр сэтгэгдлүүдийг олж харсан уу. Таныг гадаадад сурч байгаад ирсэн гэж сонссон?
-Жагаа: Хэсэг хугацаанд сурч байгаад ирсэн. Гэхдээ тэр хооронд бид чинь тоглолт хийгээд амжсан. 2018 онд манай хамтлагийн 15 жилийн ой болсон, аялан тоглолтуудыг ч хийсэн. Олон нийтэд цацаагүй ч бид дуугаа хийсээр л яваа. Ойрхон байгаа хүмүүс нь мэдэж л байгаа байх. Бид гурав хэлхэлдээд л, студидээ ирж уулзаж л байгаа. Дуугаа гаргаад хүмүүст хүргэхэд би байгаагүй учраас хүмүүс тэгж бодсон байж магадгүй. Түүнээс биш гэнэтхэн гараад ирсэн зүйл биш.
-10 гаруй жилийн өмнө зохиож байсан "Улаанбаатарын нулимс" дууны мессеж одоо ч чанга хэвээрээ байна-
-Сүүлд хэд хэдэн хамтралууд цацагдсан. Хит болсон уран бүтээлээ шинэчилж дуулах бодол байсан юм уу. Магадгүй хамтлаг дуучид 20,30 жилийн ойдоо зориулаад шинэ дуу гаргахыг үгүйсгэхгүй шүү дээ?
-Мөөгий: Сүүлд шинэчилж гаргасан хоёр дууг маань санааг манай менежментийг хариуцаж байгаа Urban talk нэвтрүүлгийн хөтлөгч Учрал маань гаргасны дагуу түүнийг нь бид дэмжсэн. Ажил хэрэг болсон. Мишээл маань ч маш сайхан дуулсан. "Жаргалтай хосууд" дуу маань youtube дээр нэг сая хандалттай болоод байна. "Улаанбаатарын нулимс" дуу маань ч мөн ялгаагүй нэг сая хандалт хүрэх гэж байна. Энэ утгаараа маш зөв хамтрал болсон гэж харж байгаа.
Жагаа: Нөгөө талаас маш олон давуу тал бий болгож байгаа. Жишээлбэл 2003 онд төрсөн хүүхэд одоо 20 настай. Одоо үеийн залуусын сонсож байгаа хөг, дуугаралт шал өөр. Жаргалтай хосууд бол 2006 оны дуугаралтаар сонсогдох дуу шүү дээ. Тэгэхээр 2023 оны sound vibe-р одоогийн сонсогчдод хүргэж байгаа гэдгээр давуу талтай.
-Клипүүд их өвөрмөц байсан?
-Жагаа: Бид 20 жилийн ойдоо зориулж үеийнхэндээ сэргэн мандая гэдэг мессежийг хүргэж байгаа. Тухайн дууны клипийг Хар нүд студи буюу бидний найз Оргил хийсэн. Жаргалтай хос дууг мөн адил Оргил маань дүрсжүүлж өгсөн. Найздаа баярлалаа гэдгээ хэлэх нь зөв байх. Улаанбаатарын нулимс дууг Young Mo'G өөрөө эдит хийсэн. Young Mo'G-ийн санаачилж, дууныхаа зохиол тал дээр өөрөө ажилласан.
-"Улаанбаатарын нулимс" дууны хамтрал их сонирхолтой санагдсан. Гинжин, Young Mo'G залуу репперүүдтэй хамтарсан. Түүнээс гадна үзэгч сонсогчдын зүгээс энэ дууны үг, агуулга өнөөдрийн нийгэмд илүү хүчтэй сонсогдож байгаа талаар сэтгэгдлүүдийг ирүүлсэн байсан. Та бүхэнд өөрсдөд ч ингэж санагдсан уу?
-Жагаа: Бид гуравын хувьд шинэчилж дуулахдаа магадгүй өөр хэв маягаар ч юм уу дуулах хүсэл байгаагүй. Жаахан бардамнахад, 10 гаруй жилийн өмнө Заяагийн маань зохиож байсан энэ дууны мессеж одоо ч чанга хэвээрээ байна. Тиймээс Гинжин, Young Mo'G шүлгээ бичээд цоо шинэ шинэчлэлтэй орж ирж байхад бид өөрсдийнхөөрөө хуучнаараа дуулсан ч хоцрогдоогүй. Дууны мессеж энэ цаг үед хэрэгтэй, шаардлагатай байна гэдэг утгаараа бид дууныхаа ширхэг үгийг ч солиогүй. Хүмүүс ч маш сайшааж хүлээж авч байгаа учраас баяртай байгаа.
"Цацалгүй устгасан 7-8 дуу бий-
-"Халаасанд минь хэдэн дуу бий" гэдэг шиг уран бүтээлч болгонд гаргаж хүргээгүй "дарж орхисон" дуунууд байдаг гэж их ярьдаг. Татар хамтлагийнхан дуугаа хэр "дардаг" байв?
-Жагаа: Шууд л устгачихдаг байсан.
Мөөгий: Яг тэгж хэлэх гэж байлаа. “Энэ явахгүй дуу байна, delete” гээд устгасан 7-8 дуу бий шүү.
-Шалтгаан нь?
-Мөөгий: Таалагдахгүй болоод л. Би тухайн үед үлдээчих, байж байг гэдэг л байсан. Манай хоёр болохоор шууд л устгачихдаг байсан. Тэр нь ч зөв санагдсан. Манай Заяа “Дахиад л хийчихье л дээ” гэдэг байсан. Ундаршгүй хүн байна шүү, энд чинь /инээв/.
-Манай үзэгчдэд Татарчуудын багахан ч атугай дурсамж "хэрэгтэй" болов уу гэж бодож байна. Магадгүй хамтлаг байгуулагдсанаас хойшхи цаг үед санаанаас арилдаггүй мөч ямар үе байсан бол?
-Мөөгий: Бөхийн өргөөнд хийсэн анхны тоглолт санаанаас арилдаггүй. Бид гурав бараг л гурвуулаа ухаан алдчих гээд байсан. Татарыг сонсох гэж ирсэн фенүүд, тэдэнд уран бүтээлээ сонсгох гэсэн хамтлаг гэдэг утгаараа тэр уур амьсгал санаанаас арилдаггүй. Анхны тоглолт ч байсан.
-20 жилийн өмнө Татар хамтлаг залууст уран бүтээлээрээ дамжуулан юуг өгөхийг хүсдэг байсан бол. Тэр зорилго өнөөдөр өөрчлөгдсөн үү, аль эсвэл?
-Мөөгий: Татар хамтлаг аливааг шууд илэрхийлдэггүй. Манай Заяа энэ тал дээр маш гайхалтай ажилладаг. Үнэхээр дургүй нь хүрсэн байсан ч түүнийгээ ёгтолж, уран сайхан оруулж хүргэдэг. Үүнийг нь хүлээн авч сонссон хэн ч зөвөөр шингээж авдаг. Мөн бид хараалын үгсийг их хэлэхийг зорьдоггүй. Учир нь хүн нэг зүйлийг удаан сонсоод байхаар түүндээ кодлогддог. Тиймээс үлгэр жишээ гэдэг утгаараа анхнаасаа хараал ерөөлийг дуундаа маш бага шингээхийг хичээж ажилладаг байсан.
-Хип хоп хөгжимд нэгтгэсэн бидний хүсэл сонирхол одоо ч байгаа учраас бид 20 жилийнхээ төрсөн өдрийг хийх гээд сууж байна-
-Хамтлаг байгуулагдсан ч тарах нь цаг хугацааны л асуудал болчихсон байж болох юм. Гэхдээ Татар 20 жилтэйгээ золгож байна. Хамтлагаа хамтлаг хэвээр нь авч үлдэхэд юу нөлөөлсөн гэж хардаг вэ?
-Жагаа: Бид гурав яагаад Татар нэрийн дор хамтлаг болж нэгдсэн бэ гэдэгтэй адил асуулт. Бид нэг л зүйлд хүсэл сонирхолтой, дуртай байсан. Тэр бол хип хоп хөгжим. Зүрх сэтгэлээсээ дуртай зүйлээсээ хүн холдож чаддаггүй юм билээ. Хэчнээн ажилтай байсан ч орой студи дээр бичлэгтэй гээд л гүйдэг. Тэр хүсэл сонирхол байсан, одоо ч байгаа учраас 20 жилийнхээ төрсөн өдрийг хийх гээд сууж байна даа.
-Төрсөн өдрийн тоглолтод очихыг хүсэж байгаа сонсогчиддоо хандан юу гэж хэлмээр байна?
-Жагаа: Урьж байна. Татар хамтлагийн 20 жилийн түүх бол нэг хамтлаг аль эсвэл хэдхэн хүний асуудал биш. Маш олон хүмүүс бидэнд хэлдэг. Татарын маш олон дуу хүмүүсийн зүрх сэтгэлд эд, эс болсон байдаг. Өөрөө өөрсдийнхөө дурсамж, жаргалтай амьдралын дурсамжийн төлөө ирнэ гэдэгт итгэлтэй байна. Наймдугаар сарын 19-нд Татар хамтлагийн төрсөн өдөрт бүгдээрээ ирээрэй.
-Ярилцсанд баярлалаа.