Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав.
Энэ онд 16 байршилд замын засвар, шинэчлэл хийхээс таван байршлын ажил бүрэн дууссан. 18 байршилд 40 мянган ам метр орчим явган болон дугуйн замын ажил хийсэн байна. 64 мянга орчим ам метр талбайн нүхэн эвдрэл засварлаж, 49 мянга гаруй ам метр талбайд хэвтээ тэмдэглэл хийжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр анги, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг хууль, тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах үүрэг өгсөн. Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл 56 хувьтай байна.
Түүнчлэн барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын суурийн нүх ухаад удаан хугацаанд орхисон 104 байршил байгаа юм. Үүнээс нь 88 нь “А” даалгавартай бол 16 нь “А” даалгаваргүй. Иймд Хотын дарга барилгын суурь зөвшөөрөлгүй ухсан бол нүхийг булж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, цаашид ногоон байгууламж болгоход анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.