Арав гаруй хоногийн дараа 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Хэдийгээр улсын сургуулиудад боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг энэ тэргүүнд эрэмбэлдэг боловч жилээс жилд хувийн сургуулиудад хүүхдээ элсүүлэх хүсэлтэй эцэг, эхчүүдийн цуваа тасардаггүй нь үнэн. Үүнтэй зэрэгцэн зарим хувийн Ерөнхий боловсролын сургуулиудын төлбөрийн өөрчлөлт ч олны анхаарлыг татдаг. Тэгвэл 2023-2024 оны хичээлийн жилд хувийн сургуулиуд төлбөрийн “босгоо” хэрхэн тогтоосныг та бүхэнд нэгтгэн хүргэж байна.
-Гёте сургууль бага, дунд, ахлах ангийн төлбөрөө тус бүр 500 мянган төгрөгөөр нэмжээ-
Гёте бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр нь өнгөрөгч хичээлийн жилд бага анги 7 сая 500 мянга, дунд анги 8 сая, ахлах анги 8 сая 500 мянган төгрөг байсан. Тэгвэл 202-2024 оны хичээлийн жилд бүлэг тус бүр 500 мянган төгрөгөөр нэмэгдсэн буюу бага анги 8 сая, дунд анги 8 сая 500 мянга, ахлах анги 9 сая төгрөг болсон байна.
Гёте сургуулийн хувьд:
- 1-р ангиасаа герман, англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах боломжтой.
- Англи хэл болон герман хэлний зуны вакумжуулсан сургалтад тухайн улсад зуны амралтаараа хамрагдах боломжтой
- ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы Элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой
-Логарифм сургуулийн жилийн төлбөр өнгөрсөн жилээс 900 мянган төгрөгөөр нэмэгдэж, 7 сая 910 мянган төгрөг болжээ-
Логарифм сургуулийн жилийн төлбөр нь өнгөрөгч хичээлийн жилүүдэд анги харгалзахгүй долоон сая төгрөг байжээ. Тэгвэл энэ жилийн хувьд 1-12 дугаар ангиудын төлбөр ижил бөгөөд 7 сая 910 мянган төгрөг болж нэмэгджээ.
Логарифм сургуулийн хувьд:
- Дэлхийн 20-иод орны 400-гаад сургуулиудын дунд хэрэгжигч олон улсын Grapeseed хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн анхны сургууль.
- STEM буюу Science, Engineering, Technology, Art хичээлүүдийн нэгдсэн хөтөлбөртэй бөгөөд 4-р ангиас эхлэн инженерингийн суурь хичээлүүдийг, ахлах ангиас роботикийн хичээлүүдийг судалдаг
-Сэлбэ сургуулийн бага ангийн жилийн төлбөр нэг саяар нэмэгдэж, 12 сая төгрөг болжээ-
Сэлбэ сургуулийн хувьд 2023-2024 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө 12-15 сая төгрөг байхаар тогтоожээ. Тодруулбал, бага анги 12 сая, дунд анги 13 сая байгаа бол ахлах ангийн төлбөр 15 сая төгрөг байна. Харин өнгөрсөн жилээс гарсан нэг өөрчлөлт нь ахлах ангийн төлбөр нэг сая төгрөгөөр буурч 15 сая төгрөг болсон бол бага ангийн төлбөр нэг саяар нэмэгдэж 12 сая төгрөг болжээ.
-Гурвантамир сургуулийн төлбөр 9.5 саяас 10 сая 500 мянган төгрөг-
“Гурван тамир”, “Сакура” ерөнхий боловсролын сургуулиуд нэгдэж, кембрижийн хөтөлбөрт бүрэн шилжээд нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгвэл энэ хичээлийн жилд ГУРВАНТАМИР сургууль нь бага анги 9 сая 500 мянга, дунд болон ахлах анги 10 сая 500 мянган төгрөгийн төлбөртэй болжээ.
Гурвантамир сургуулийн тухайд:
- Сургалтыг Монгол, Англи хэл бүхий хос хэлний хөтөлбөрөөр явуулдаг.
- Олон улсын хөтөлбөрийн хажуугаар хоёр дахь гадаад хэл болгон Хятад хэлийг судлах боломжтой.
- Ахлах ангийн сурагчдад IELTS, SAT шалгалтад бэлтгэх сургалт явуулдаг
- 2019-2020 оны хичээлийн жилээс Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэх эрх авснаар үндэсний боловсролын стандарт, хөтөлбөрийг Кэмбрижийн олон улсын хөтөлбөртэй хослуулан олгож байна.
-NEST EDUCATION: Жилийн сургалтын төлбөр нэмэгдээгүй, 10-12 сая төгрөгийн хооронд байна-
Эл сургуулийн хувьд 2023-2024 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө 10-12 сая төгрөг байхаар тогтоожээ. Тодруулбал, бага анги 10 сая, дунд болон ахлах ангийн төлбөр 12 сая төгрөг байна. Энэ нь өнгөрсөн жилүүдийнхээс өөрчлөгдөөгүй буюу тус сургууль төлбөрөө нэмэгдүүлээгүй аж.
-BRITISH SCHOOL OF ULAANBAATAR: 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөр 34-67 сая-
BRITISH SCHOOL OF ULAANBAATAR сургуулийн хувьд 2023-2024 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө 34 сая-67 сая төгрөгийн хооронд байхаар тогтоожээ. Тодруулбал, тус сургууль нь нийт 13 жилийн сургалттай байхаар сургалтаа төлөвлөсөн байдаг ба нас насны түвшнээр ангийг тогтоож, төлбөрийг тогтоосон байдаг байна. Тухайлбал, дунд анги 57 сая, ахлах анги 62-67 сая төгрөгийн хооронд байхаар төлбөрөө тогтоожээ. Өнгөрсөн жилийн тухайд тус сургуулийн төлбөр 32-61 сая төгрөгийн хооронд байсан бол энэ жил 2-6 сая төгрөгөөр нэмэгдэж 34-67 сая төгрөг болжээ
-Олонлог сургуулийн жилийн төлбөр 10 сая 500 мянга, Жаргалан сургуулийнх 6 сая 500 мянган төргөг байна-
Олонлог сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөр 10 сая 500 мянган төгрөг байхаар тогтжээ. Ингэхдээ бага, дунд, ахлах анги харгалзахгүйгээр энэ төлбөрийн дүн үйлчлэх аж.
Мөн Жаргалан олон улсын сургуулийн төлбөр 6 сая 500 мянган төгрөг байна. Түүнчлэн Эрдмийн гүүр Элит сургуулийн бага ангийн жилийн төлбөр 10 сая төгрөг гэж байгаа бөгөөд энэ жил дунд болон ахлах ангидаа элсэлт авахгүй гэнэ.