Натурын гүүрний дэргэд баригдаж байгаа барилгыг зогсоох болсон шалтгааны талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам мэдээлэл өглөө.
Тэрбээр "Наймдугаар сарын 1-нээс эхлэн энэхүү барилгатай холбоотой гомдол иргэдээс маш их ирж байна. Дамдинсүрэнгийн гудамжны авто замын гудамжны нөхцөл байдлыг шалгахаар очих үед цууралт үүсчихсэн байсан. Барилгын ажил гүйцэтгэж байгаа байгууллага хамгийн түрүүнд Авто замын тухай хууль болон Барилгын тухайн хуулийн дагуу эргэн тойрны аюулгүй байдлаа хангах шаардлагатай байдаг. Гэвч энэхүү барилга нь эрэгтээ тулсан, нурах эрсдэлтэй болсон байсан. Мөн бэхэлгээ дутуу хийсэн байдалтай байсан. Тиймээс эхний ээлжинд "Магниус констракшн" ХХК-д шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр гэхэд эргийнхээ бэхэлгээг хийж бидэнд эцсийн ажил дүгнэлтээ авчирч танилцуулах ёстой.
Мөн бид наймдугаар сарын 3-нд Нийслэлийн Засаг даргад мэргэжлийн байгууллагын зүгээс энэхүү барилгын эргэн тойронд аюултай нөхцөл байдал үүссэн байна гэх дүгнэлтээ хүргүүлсний дагуу барилгын ажлыг түр түдгэлзүүлэх гэсэн шийдвэр гарсан. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас багагүй цаг хугацаа орно" гэв.