Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас үерт урсаж, нөлөөлөлд өртөж болзошгүй газрын судалгааг гаргасан байна.
Энэ талаар Нийслэлийн газрын албаны орлогч дарга мэдээлэхдээ "Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас үерт өртөж болзошгүй бүх газруудыг тодорхойлсон. НИТХ-аар батлуулсан, гамшгийн үед түр шилжүүлэн суурьшуулах 1000 орчим га талбай байдаг ба үүнээс эхний ээлжид иргэдийг түр шилжүүлэх 426 га газрын зураглалыг гаргасан. Энэхүү газарт 2397 айл нүүлгэн шилжүүлнэ.
Үерт урсаж болзошгүй буюу сая үер болсон БЗД-ын 21, 22, 27 дугаар хороотой адил хуучин гуу жалганд шороо асгаж буусан тохиолдол байгаа эсэхийг судалж, сансрын зураглалыг гаргаж байна. Одоогоор 2900 нэгж талбарт зураглал гаргасан давхардсан тоогоор 3000 гаруй мэдэгдлийг ОБЕГ-тай хамтран хүргүүлсэн.
Бид мэдэгдлийг хүргүүлэхэд зарим иргэд "Миний үхэх чамд хамаагүй, би эрхээ эдэлж байна" гээд шаардлага бүхий цаасыг ураад шиддэг. Газрын албаныхан үер жалганд газар олголоо гэсэн ойлголт нийгэмд байдаг. Гэтэл бодит байдалд тэд эрхээ эдэлж байна гэдэг ч үүргээ биелүүлэхгүй байх тохиолдол олон.
Нүүх шаардлагыг зарим айлд гурван удаа хүргүүлээд байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол албадан нүүлгэх арга хэмжээ авна" хэмээлээ.