Нийслэлийн Засаг даргын тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Натурын гүүрний хажууд баригдаж байгаа барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааныг Нийслэлийн Ерөнхий архитектур, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тайлбар хийж мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр энэ тухай мэдээлэхдээ "СБД-ийн 1-р хороонд байрлах иргэн н.Энхтуяа нарын гурван иргэний өмчлөлтэй 1685 м2 талбайтай газар дээр барилга барих хүсэлтийг тухайн иргэд гаргасан. Хүсэлтийн дагуу холимог ашиглалттай үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан.
Тус барилга нь нийт талбайн 842 м2 талбай буюу 50 хувьд нь барилгажихаар болж загвар зураг батлагдсаны дагуу зөвшөөрөл олгогдсон. Харин долоодугаар сард болсон үерийн үед тухайн байршил дээр суурийн нүх ухсан байдалтай байсан. Тухайн үед холбогдох байгууллагуудаас аюулгүй байдлаа ханга гэсэн шаардлагыг хүргүүлж байсан. Үүний дараа 8-р сарын 03-ны өдөр тухайн байршилд буюу Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжинд цууралт үүсэж, аюултай нөхцөл байдал үүссэн талаарх мэдээллийн дагуу бид тухайн байгууллагад шаардах хуудас өгч барилгын ажлыг зогсоосон байгаа. Одоогоор мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргах ажиллагаа хийгдэж байна. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 8 дугаар сарын 09-ний өдөр тухайн иргэнд сонсох ажиллагааны албан бичгийг өгсөн байгаа. Хариу тайлбар авах хугацаа 8-р сарын 21-ний өдөр учраас хүлээгдэж байна" хэмээв.