Олон Улсын Монголч Эрдэмтний Их хурлыг 1959 оноос эхлэн 5 жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг болсон байна. Нэг удаагийн хуралд дунджаар 30-аад орны 400 орчим эрдэмтэд оролцдог юм.
Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурал нь 2023 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ удаагийн Их Хурлыг БШУЯ, ЕТГ, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж байна. 12 дугаар их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” нэрийн дор Монголын нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарна.
Их Хурал таван салбар хуралдаантай.
Салбар 1. Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд
Салбар 2. Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе
Салбар 3. Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз
Салбар 4. Монголын гадаад ертөнц ба харилцаа
Салбар 5. Монголчуудын соёл: уламжлал ба шинэчлэл
Хурлын эхний захиаг 2023 оны 4 дугаар сарын 24-нөөс эхлэн 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 36 улсын 650 гаруй доктороос дээш зэрэгтэй монголч эрдэмтдэд түгээсэн. Их Хуралд 20 орны 307 эрдэмтэд илтгэлтэй. Их Хурлын нээлтэд гадаад, дотоодын 750 гаруй оролцоно.
Мөн энэ удаагийн Их хурал нь монгол судлалын залуу үеийг дэмжин Залуу Монгол судлаач дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, нийт 59 залуу монгол судлаачид илтгэл тавих юм байна.