Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тиймээс бид айлчлалын хүрээнд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулга авлаа. Тэрбээр,
"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал амжилттай болж өндөрлөж байна. Юуны өмнө АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй уулзлаа. Мөн дөрвөн сайдтай уулзаж, албан ёсны хэлэлцээр хийлээ. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Батлан хамгаалахын сайд, Худалдааны сайд, Тээврийн сайдтай уулзсан байгаа. Түүнчлэн эдийн засгийн цаашдын хөгжилд яаж хамтран ажиллах, цаашид юу хийх вэ гэдгээ ярилцаж, ерөнхий зураглалыг гаргаж, баримт бичиг дээр гарын үсэг зурлаа.
Өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзаж “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д гарын үсэг зурсан. Энэ нь хоёр талын ач холбогдолтой. Тухайлбал, Монгол Улсын иргэний нисэхийг лебралчилах, чөлөөтэй болгох асуудлын эхлэлийг тавьж байгаа юм. Олон жил яригдсан энэхүү ажлыг нээж өгсөн хэлэлцээр байлаа. Хоёрдугаарт Улаанбаатар болон АНУ-руу шууд нислэг хийх боломжтой болсон. Энэ нь манай ард иргэд бага зардлаар АНУ-д ирж, цаашид ажиллах боломжийг нээж өгч байгаа гэж үзэж байна.
Түүний дараа ТНБД болон Худалдааны сайдтай уулзах үедээ хоёр орны хувьд цаашид ямар салбар дээр илүү онцгойрч, хамтран ажиллахыг ярилцсан. Үүнд,
- Нэгдүгээрт, Уул уурхайн салбар. Түүний дотор чухал элементүүд дээр хамтарч ажиллахаар тохирлоо. Шинэ зуун эхэлж байгаа энэ үед техник, технологийн бүх салбарт зэс болон газрын ховор элемент дээр хамтран ажиллах чиглэл гарч байна.
- Хоёрдугаарт, Хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллая гэж байгаа. Тухайлбал, Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтарч ажиллахаар болж байгаа.
- Гуравдугаарт, Цэвэр эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана.
Мөн Батлан хамгаалахын салбар дээр НҮБ-ын чиглэлээр Энхийг сахиулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэж ярилцсан. Үүнийг онцолж хэлэх нь зүйтэй. Тиймээс АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөс гадна засгийн газрын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааг гаргаж ирж байгаа нь чухал асуудал гэж бид үзэж байгаа юм.
Түүнээс гадна банк санхүүгийн чиглэл дээр хамтран ажиллах саналууд гарч ирсэн. Яагаад гэвэл Монгол Улсад гаднын банкнууд орж ирж байж мөнгөний олдоц нэмэгдэнэ. Дээр нь хүү буурах боломжтой болно.
Үүнээс гадна дараагийн нэг зүйл бол өнөөдөр АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорацтай Ерөнхий сайд уулзсан. Энэ уулзалтын үеэр Монголын өрийг урт хугацаагаар солих ажлыг хамтарч хийх боломжуудын талаар ярилцаж, санал солилцсон. Энэ нь ирэх жилүүдэд төлөгдөх бондуудыг илүү бага хүүтэйгээр эсхүл АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорацын баталгаатайгаар 25 жил хүртэлх хугацаагаар өөрчлөх боломжтой болж байгаа юм. Эргээд Монголын банк санхүүгийн салбар дээр, Засгийн газар болон хувийн хэвшлүүд дээр ирэх төлбөрийн дарамтыг бууруулах боломж бүрдэж байгаа юм.
Тиймээс хоёр улсын хамтын ажиллагаа цаашид өргөжих байх гэж бодож байна. Энэ боломжийг Монгол Улс бүрэн ашиглаж, цаашид эдийн засгаа төрөлжүүлэх, эдийн засагт орж ирэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх, хүүг буулгах, өрийн дарамтыг буулгах, хамгийн орчин үеийн технологийг эдийн засагт оруулж ирэх тал дээр хамтарч ажиллана гэдгийг онцолж хэлмээр байна" гэлээ.