Согтуурсан үедээ хүүхдээ машиндаа суулган авч явсан иргэн машинтайгаа усанд живж, хүүхэдтэйгээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Энэ сарын 1-ний 23 цагийн орчимд Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газраас Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болжээ. Улмаар ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулж олоогүй тул энэ сарын 3-ны өдөр аймгийн онцгой байдлын газарт “Цоохорын-Адаг” нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй хэмээн дуудлага өгсөн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, 33 настай эрэгтэй иргэн Н, 5 настай эмэгтэй Э нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Улмаар мөн өдрийн 20:23 цагт иргэн Н-ийн цогцсыг “Цоохорын-Адаг” нуурын эргээс 4 метрийн гүн /эргээс 14 метр/-ээс, 21:50 цагт Э-ийн цогцсыг нуурын 6 метрийн гүн /эргээс 15 метр/-ээс автомашины бүхээг дотроос тус тус олж, гарган Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн аж.
Н нь тухайн үедээ согтуу машинаа жолоодоод гарчээ.