Дархан-Уул аймагт үерийн нөхцөл байдал бий болоод буй. Үүнтэй холбоотойгоор тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням газар дээр нь ажиллаж буй талаараа мэдээлжээ.
Тэрбээр "Дархан-Уул аймаг үер, усны өндөр эрсдэлд байгаатай холбогдуулан орон нутгийн удирдлагууд болон аймгийн ОБГ, Онцгой комисстой хамтран газар дээр нь ажиллаж байна (2023.07.09) Хараа, Чулуут голууд эргээ давж хальсан байдалтай байгаагаас урьдчилсан байдлаар 117 айл өрх үерийн аюулд өртсөн гэсэн тоо гарч байна.
Аймаг, сумын Онцгой комиссоос шуурхай зохион байгуулж 300 орчим цэрэг, цагдаагийн ажилтнуудын хүчээр далан босгох, нүүлгэн шилжүүлэх түр байр бэлдэх, иргэдийг аюулгүй газарт нүүлгэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Одоогоор 200 ор бүхий түр байрыг бэлдсэн байна. Үер усны аюулыг даван гарахад Дарханчууд маань төр, хувь, иргэн гэлтгүй бүгд хандив тусламж, техник тоног төхөөрөмжөөрөө тусалж оролцож байна. Далан босгох ажилд Дархан сумын 1,2,3-р багийн иргэд сайн дураараа хүч нэмэгдүүлэн оролцож байгаад талархаж байна. Гамшгийн эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно.
Мөн гамшгийн дараа цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх суваг, шуудуу, далан босгох ажлын хөрөнгө оруулалт, төлөвлөгөө, төсөв зэргийг боловсруулах, хэрэгжүүлэх, бүтээн босгох ажлуудыг хийх болно" гэжээ.