Үерийн нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагч, ажилтнуудад зориулан иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, шатахуун, хоол хүнс, бараа материалаар Нийслэлийн онцгой комисс /НОК/-т хандив өгсөөр байна.
Тодруулбал, НИТХ-ын 20 төлөөлөгч 5 сая төгрөг, нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая, “Ви эс ойл”, “Лекс ойл” компани 200 сая, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК 0.6 сая төгрөг, “Ачит” ХХК 100 сая төгрөг, Төрийн тусгай хамгаалалтын газар 2 сая төгрөг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК, Эрдэнэс Баян Богд ХХК 0.5 сая төгрөг, нийт 314.9 сая төгрөгийн мөнгөн хандив өглөө.
Мөн НҮБ 11.9 сая төгрөг, “Шунхлай групп” ХХК 100 сая төгрөг, Нийслэлийн Биеийн тамир спортын газар 500 мянган төгрөгийн буюу нийт 112.4 сая төгрөгийн шатахууны талон өгсөн.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 37 агентлаг, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Бест бейкери”, ББК, ЗГН, “Юнител групп”, “Монгол эм импек”с, ЭНТО, “Юнитра”, “Мобиком”, “Өгөөж чихэр боов”, АПУ, “Тесо” ХХК зэрэг 24 аж ахуйн нэгж, жүжигчин Учрал, Чинбат нарын хоёр иргэн шуудай, нэг удаагийн бээлий, нойтон салфетка, ажлын бээлий, усны гутал, “Монгол эм импекс”, “ЭНТО” ХХК-иуд витамин, дархлаа дэмжих бэлдмэл зэрэг нийт 64,513 ширхэг бараа материал өглөө.
Тэрчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 35 агентлаг болон лам нар, Мэдээлэл технологийн үндэсний парк, “Бигүрү”, “Бест бейкери”, “Жи энд Жи Интернэшнл”, “Дижитал концепт”, “Вояж”, “Номин фүүдс”, “Тэгш чанар” ХХК-иуд нийт 10,059 ширхэг ундаа, ус, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна.
Эдгээрээс бэлэн мөнгөнөөс 4.4 сая төгрөгөөр ус соруулах помп түрээсэлж, шатахууны талоноос 29.2 сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд хоол хүнс, бараа материалыг тухай бүр шаардлага гарсан тохиолдолд зарцуулж байгаа юм.