Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар НД-ын багц хуулийг баталсан билээ. Гэвч хуулийн төсөлд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс 5-аас доошгүй жил хөнгөлнө гэсэн заалт эсэргүүцэлтэй тулсан ч эцсийн дүндээ батлагдаж, нийгэмд талцал үүсгэж эхлээд буй юм.
Учир нь одоогийн тэтгэврийн тогтолцоогоор ажил хөдөлмөр эрхэлж буй гурван хүн тутам нэг ахмад настны тэтгэврийг бүрдүүлж буй юм. Гэтэл дээрх заалт батлагдсанаар нийгмийн шударга бус байдлыг улам бий болгож, нэг хэсгийн халамжийн санг нэмж тэтгэх харамсалтай байдал руу түлхэж буй хэрэг. Нөгөө талаасаа энэ заалт нь Үндсэн хуульд заасан хүн бүр эрх тэгш байх агуулгатай зөрчилдөж байгаа юм.
Том зургаараа малчдыг тусгайлж төр халамжлах нэрийдлээр татвар төлөгчдийн бүрдүүлсэн улсын төсвөөс төлөх гэж буй нь шударга бус аж. Тиймээс зарим хүмүүс ҮХЦ-д хүртэл хандахаа илэрхийлээд байна. Өөрөөр хэлбэл хаврын чуулганы хаалтаар нийгэмд халагтай хууль баталсан нь ардчилсан парламентад байж боломжгүй үйлдэл бөгөөд, хууль талаасаа ч зөрчилдөж буй уг хуулийн төсөлд МУ-ын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих ёстой гэсэн нийгэмд томоохон хүлээлт үүслээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн байдаг.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ард түмний эв найрамдал, шударга ёсны зарчмыг дээдэлж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих” үндсэн бүрэн эрхийнхээ хэрэгжүүлэх эсэхийг харах л үлдлээ.