Нийслэлийн онцгой комиссоос үерийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1094 дэд өртөөнд холбогдсон 52,071 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан. Үүнээс Сүхбаатар дүүргийн 14, 15, 17, 19 дүгээр хорооны Салхит, Дамбадаржаа, Шарга морьт, Чингэлтэйн 18, 19 дүгээр хороо Шадивлан, Жигжид, Доод салхит болон Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо Дарь-Эх, Ганц худаг орчмын 630 дэд өртөөний 32,842 хэрэглэгчийг цахилгаанд холбожээ.
Одоогоор 25 байршилд 465 дэд өртөөний 19,269 хэрэглэгч цахилгаангүй байна.
Цаашид үүсэж болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын усны түвшний өөрчлөлтийг тогтмол хэмжиж, хянаж байна. Мөн Туул голын усны түвшин нэмэгдсэнтэй холбогдуулан үерийн даланг сэргээн засварлана.