Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Гадаадын банкыг Монгол Улсад урьж оруулж ирэх, хамтарч ажиллах бололцоог Эдийн засгийн форумоор бүрдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 42 секунд

Монголын эдийн засгийн форум 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй. Тодруулбал энэ сарын 09, 10-ны өдрүүдэд болох юм. Тэгвэл тус форумын онцлог, ач холбогдлын талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тэрбээр "Сүүлийн 10 жилийн турш Эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Мэдээж ковид-19 цар тахлын үед түр хойшлуулаад байсан юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 41.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд буурч байгаа. Тэгэхээр энэхүү форумаар дамжуулж гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах шаардлагатай байна. Бид хуулиа тодорхой болгож, дэлхийн бусад улс орнуудын хөрөнгө оруулагч нарыг татахын тулд өрсөлдөөний таатай орчныг бий болгохоос гадна Хөрөнгө оруулагч нарыг урьж, нүдээр нь үзүүлж, харуулах боломжийг олгож байгаагаараа удахгүй болох чуулга уулзалтын онцлог оршино.

Эдийн засгийн форумд зориулж тусгайлсан аппликейшныг ажиллуулж байгаа. Түүнд оролцогчид, зочид бүртгүүлнэ. Одоогийн байдлаар 1700 орчим зочид төлөөлөгчид оролцохоор байна. Үүнээс 700 орчим нь хувийн хэвшил, ивээн тэтгэгч байгууллага, эрдэмтэн судлаач болон ХМХ байна. 500 гаруй нь гадаадаас Монгол Улсыг зорин ирж байгаа хөрөнгө оруулагчид, томоохон банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид ирэх юм. Үлдсэн 400 орчим хүмүүс нь төр, засгийн төлөөлөл оролцоно. Төлөөлөл дотор Европ, Австрали, БНСУ-ын парламентын гишүүд ирж, зарим улсын худалдааны сайд, эдийн засгийн яамдын төлөөллүүд мөн ирж байгаа гэдгийг хэлье.

Эдийн засгийн форумд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Дөрвөн үндсэн хэлэлцүүлэг хийгдэнэ. Үүнийг дагаад 15 салбар хэлэлцүүлэгтэй. Мөн хаалттай ярилцлагууд явагдана. Засгийн газрын удирдлагууд, шийдвэр гаргагч нар, тухайн салбарт манлайлал болон ажиллаж байгаа хүмүүсийн нүүр тулсан ярилцлагууд хийгдэнэ. Индексийг мөн хэрэгжүүлнэ. Монгол Улсын индекст эзэлж буй байр сууринд хүмүүс саналаа илэрхийлж, хэрхэн олон улсын индексийн байр сууриа нэмэгдүүлж болох талаар мөн хэлэлцүүлгийг хийнэ.

Эдгээрээс гадна хамгийн гол нь Монгол Улсад хэрэгжүүлье гэж бодож байгаа төслийн танилцуулгыг хийх тусгайлсан тайзыг бэлдэж өгч байгаа. Мөн оюутан залуучуудын дунд "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт" "Хотын түгжрэл" зэрэг сэдвээр технологийн шийдлүүдийг эрэлхийлэх оюун санааны уралдааныг зохион байгуулахаар болсон.

Төв банк олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй идэвхтэй сайн уулзаж байгаа. Гадны банкыг Монгол Улсад урьж оруулж ирэх, хамтарч ажиллах, бололцоог энэ удаагийн эдийн засгийн чуулган гаргаж өгч байгааг онцолж хэлмээр байна. Тиймээс цаашид Монгол улсын эдийн засгийг сэргээх, өсөлтийг хурдасгах, хөрөнгө оруулалт татаж, ард түмний орлогыг нэмэгдүүлэхэд дээрх арга хэмжээ чухал үүргэ гүйцэтгэнэ гэж үзэж байгаа" хэмээв.

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хэргийг прокурор хянаж байна
ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хэргийг прокурор хянаж байна
 
ОБЕГ: Байшин түрээсэлж байсан иргэний өрөөнд яндангийн цонолт үүсэж гал гарчээ
ОБЕГ: Байшин түрээсэлж байсан иргэний өрөөнд яндангийн цонолт үүсэж гал гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.