Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын ойг угтаж UBN.MN сайтын уран бүтээлчид уншигч та бүхэнд түмний хийморь, төрийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан туг, есөн шарга морины тухай бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.
Монгол үндэстний дэлхийн олон улсаас ондооших гол ялгарал, түүх соёлын илэрхийлэл бол Үндэсний их баяр наадам гэдэг. Өнө мөнхөд мандан бадрахуйн тайлал болсон нар, сар, галыг бэлгэдэн, эв нэгдэл, төрт ёс, бахархлыг зөгнөдөг Монгол наадам нь эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн утга учиртай хэмээн өгүүлдэг билээ. Түүний нэг нь Есөн хөлт цагаан туг юм.
Төрийн есөн хөлт цагаан тугийг Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл хэмээдэг.
Түүхийн эх сурвалжид дурдсанаар Цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг учир “Цагаан сүлд” хэмээн нэрлэжээ. Нэгэн жолоо дор нэгдсэн Монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугаа босгож, их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. Энэ үеэс Цагаан туг нь Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болон төрийн орд өргөөнөө залагдсаар ирсэн гэдэг аж.
Уг сүлдний орой дээр нь алтан шармал төмрөөр урласан гал бүхий гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорх дугариг царнаас цагаан хялгасан хөхлийг 81 нүхнээс нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлж унжуулсан байдаг. Цагаан туг нь гол сүлд болон түүнийг тойрсон найман элч туг буюу хөл тугаас бүрддэг байгуулал юм. Үүнийг найман хөлт цагаан туг сүлд гэх ба нийтдээ 9 туг болох тул бас "есөн хөлт Цагаан туг" гэж утга сэлгэж нэршжээ. "Монголын Нууц Товчоо" ба хуучин сурвалжуудад "есөн хөлт туг" гэсэн нь угтаа нийт есөн туг байгааг хэлж байгаа юм. МНТ нь "есөн хөлт цагаан туг"-ийг анх тахиснаас 20 гаруй жилийн дараа бичигдсэн тул утга сэлгэж "есөн хөлт" хэмээн хэвшсэн тухай судлаачид тэмдэглэжээ.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Ардын багш, доктор С.Дулам: Монголын нууц товчоо, Эрдэнийн товч зэрэг бүтээлүүдэд улаан бар жилийн зун Онон мөрний тэргүүнд есөн хөлт цагаан тугаа хатган босгож, олон Монгол туургатныг нэгтгэж, Чингис хаан гэдэг цолыг аваад Мухлай ванд Улсын ван гэдэг цол хүртээсэн гэдэг өгүүлбэр яваад байдаг юм. Тэгэхээр үйл явдал нь бүх Монгол эсгий туургатныг нэгтгээд нэг их төр улсыг байгуулж, тэнд есөн хөлт цагаан тугаа хатган босгосон гэж хэлдэг.
Энэ үйл явдал бол миний бодлоор есөн хөлт цагаан тугийг Их Монгол Улсын төрийн гол сүлд, шүтээн болгосон албан ёсны үйл явдлыг хэлж байгаа гэж боддог. Өөрөөр хэлбэл Чингис хаанаас өмнө цагаан туг сүлд гэж огт байгаагүй зүйл биш. Монголчуудын нэгэнт шүтэж байсан шүтээнийг Их Монгол Улсынхаа албан ёсны төрийн сүлд, шүтээн болгосон гэсэн утгыг илэрхийлж буй юм.
Үүн дотор тайлбарлаад хэлбэл Монголчуудын үргэлж шүтэж биширдэг төрийн шүтлэгийн гол зүйл болох төрийн сүлд байна. Монгол Хүн бараг өдөр тутамдаа “Төрийн сүлдэндээ мөргөе, төрийн сүлд минь өршөө” гэсэн уншлагын үгтэй байдаг. Энэ нь цагаан сүлдийг илэрхийлж буй юм. Үүний цаана мөн хараа ихт хар сүлд бий. Хар туг, цагаан туг гэсэн хоёр бэлгэдлийг хэлж байгаа юм. Нэг нь цэрэг, дайны үед гаргаж ирж, тахиж тайж дайн дайсныг номхотгодог сүлд юм. Нөгөөх нь энх амгалангийн үед ард түмнээ нэгтгэж, амар амгалан оршихуйн бэлгэдэл болгодог сүлд. Тиймээс учраас цагаан сүлд гэдэг бол үндсэндээ аливаа улс гүрний орших, хоёр цаг хугацааг илэрхийлж байна. Нэг нь дайн дажны. Нөгөөх нь энх амгалангийн цагийг илэрхийлдэг учиртай юм.
Монголчуудын сүлд хийморийн бэлгэдэл есөн шарга наадмын бэлтгэлээ хийсээр...
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид болон хугацаат цэргүүд жил бүрийн зургаадугаар сард наадмын бэлтгэлдээ гарч, хээрийн сургуулилтаа базаана. Торгон цэргүүд өглөө бүр 06 цагт босож, 5 км газар гүйж биеэ халаасны дараа бага үдийн нарнаас урьтаж морьтой бэлтгэлээ хийдэг байна. Ингэхдээ тэд 16 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр найрал хөгжимтэй хамт бэлтгэл хийнэ. Хөгжимтэй бэлтгэл хийх нь морьд гэнэтийн дуу чимээнээс үргэхгүй байх, хөгжмийн хэмнэлд тааруулж командаа биелүүлж хэвшдэг давуу талтай гэв.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Морин салаан дарга Х.Бямбадорж: Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт төрсөн Х.Бямбадорж гэдэг хүн байна. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Хүндэт харуулын морьт салааны ахлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Зэвсэгт хүчинд би 17 дахь жилдээ ажиллаж байна. Морьт салааны ахлагчийн гол үүрэг нь морьдын ёслолын үүргийг биелүүлэх бэлтгэлийг хангуулах ажил байдаг.
Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолд нийт 32 морь ордог. Үүн дотор Их эзэн Чингис хааны бэлгэдэл болгож хоёр загал, найман шарга морь, торгон цэргүүдийн хөлөглөх 22 бараан морь багтдаг. Морьдын зүсийг Төрийн ёслолын журамд хоёр загал морь, найман шарга морь, хээр болон хүрэн зүсмийн 22 морь гэж заасан байдаг.
Төрийн хүндэтгэлийн ёслолд хамгийн олон жил үүрэг гүйцэтгэж байгаа морьдоос гэвэл шарга дотроос тав нь 10-15 жилийн хооронд Төрийн наадамд туг цэнгүүлсэн байна. Хоёр загалын тухайд Төрийн хонжингийн унадаг загал морь 14 дэх жилдээ Төрийн их туг цэнгүүлэх гэж байна. Их тугчийн унаж буй бор морь анх сэлгээнд гурван жил байж байгаад гурван жилийн өмнөөс ёслолд үүрэг гүйцэтгэдэг болсон. Бараан морьд дотроос хоёр морь 14 жил болсон байна.
Бид энэ жил 40 хоногийн хугацаатай бэлтгэл хийхээс 30 гаруй хоногийг нь туулсан байна. Нэн тэргүүнд морьдоо бэлтгэхийн өмнө урьтаж хүнээ бэлтгэх шаардлагатай болдог. Морьдтойгоо хэрхэн харьцаж, сургуулилт хийж буйгаас бидний ажлын бүтээмж шалтгаална. Шинэ морьдыг хатуу,ширүүнээр номхруулж болдоггүй. Төрийн их цагаан сүлдийг залах морьд тайван, жигд алхаагаар алхаж явах ёстой. Шогшуулж болдоггүй. Тиймээс торгон цэргүүд маань уйгагүй дасгал, бэлтгэлийн дүнд нэг хүн шиг болчихдог доо.
Богдхан уулын дархан цаазат Шажин хурахын амыг Шарга хүлгийн тоосоор дархалсан торгон цэргийн захирагч, Төрийн хонжингоор Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч Болбаатар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Төрийн есөн хөлт Цагаан тугийг залан цэнгүүлэх ёслолыг Төрийн хонжин ахалж, Их тугч удаалж, араас нь 22 торгон цэрэг хүлгийн хамт эгнэдэг. Есөн хөлт цагаан тугийг залахдаа нэгийн болон гурвын цуваагаар алхана.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын ахлагч Н.Энхтайван: Би 2005 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаасны дараа ахлагчийн албанд улирч одоо 18 дахь жилдээ ажиллаж байна.
Хамгийн анх 2007 онд 9 хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолд торгон цэргийн салаан даргаар оролцож ажилласан. Түүнээс хойш 10 жил салаанд дарга хийж, сүүлийн 4 жил тугчаар үүрэг гүйцэтгэж байна.
Торгон цэргийн гол үүрэг нь морьдоо сургах явдал. Олон жил үүрэг гүйцэтгэсэн морьд, торгон цэргүүд яг л нэг хүн шиг болчихдог. Морьд нь эгнээ байраа мэддэг болж, дохио өгөхийн завдалгүй хөгжмийн хэмнэлдээ тааруулж эгнээндээ орж байраа эзэлдэг болчихдог. Төв цэнгэлдэх рүү Төрийн есөн хөлт цагаан тугаа өргөсөөр залахад үзэгч түмний уухайнд омогшиж, төр, түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдгийг тэргүүнд зална гэдэг их хувь заяа гэж бахархдаг.
МЭДЭЭЛЭЛ: Туг залах торгон цэргүүдийн биеийн жин 75-90 кг аж. Дээр нь 15 кг чимэглэлээр морьдоо тоноглоно. Их туг 36 кг жинтэй бөгөөд нэг морь оролцоогоор 110-130 кг ачааг дүүрч Сүхбаатарын талбайгаас Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьдог байна.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах дэслэгч, их тугч А.Ууганбаяр: Миний хувьд Үндэсний их баяр наадамд дөрөв дэх жилдээ их тугчийн үүрэг гүйцэтгэж байна. Төрт ёсны бэлгэдэл, ард түмний эв нэгдэл, төрт улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Их тугийг хүндэтгэн залж явах нь маш том хариуцлага бөгөөд нэр төрийн хэрэг л дээ. Миний унаж буй их загал маань 2020 оны Үндэсний их баяр наадмаар нөөцөд ирсэн байдаг. 2021 оны Наадамд тэргүүн магнайд төрийн их тугийг залж явсан.
Миний унаж буй загалын хувьд бэлтгэл хангах явцад өөрийнхөө зогсох байрын мэддэг. Төрийн хонжин урдаас команд өгөх гээд ташуур өргөхөд заавал команд сонсохгүйгээр өөрөө очоод байрандаа орчихдог. Төрийн их ёслолд оролцож байгаа морьд маань ер нь муухан хүнээс л илүү ухаантай амьтад даа.
1992 оноос хойших Үндэсний их баяр наадмаар есөн хөлт цагаан тугийг цэнгүүлж залсан 5 их тугч бий. Миний хувьд зургаадах нь байгаа. Бид зургаадугаар сараас эхлэн наадмын бэлтгэлдээ гардаг. Өнгөрсөн цагаан сараас хойш гэртээ очоогүй байна. Хол байхад хамгийн түрүүнд ээжийгээ, бас найз бүсгүйгээ л их санадаг даа.
Тугаа цэнгүүлээд залсны дараа нэг сайхан гүн амьсгаа авч, их ажлынхаа ард амжилттай гарсандаа баярладаг. Мэдээж тэр ашгин хүртэл үргэлж айдас, болгоомжтой байдаг. Их тугаа унагаачих вий. Морьд үргэчих вий гээд л сандрал байдаг ч цэрэг хүмүүсийн хувьд түүнийгээ ил гаргадаггүй. Морин дэл дээр, мөнхөд залах төрийн их тугийг хүндэтгэн авч явна гэдэг ховор хувь тавилан гэж боддог. Тугаа оршоогоод ёслох агшинд хийморь сэргэж, Монгол хүн болж төрснөөрөө хамгийн их бахархдаг даа.