Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Зарим ААН-үүд санхүүжилт оройтсон гэдэг шалтгаанаар малчдаас бус “Хүчит шонхор“ захаас махаа авч, нөөцийн мах бэлтгэсэн

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
7 минут 9 секунд

No description available.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас мах, гурилын үнэ чиглэлд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийсэн. Тодруулбал, Засгийн газраас гурил, махны нийлүүлэлтийн хомстлыг арилгах чиглэлээр өнгөрсөн онд 90 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон боловч үндсэн зорилгодоо хүрч чадаагүй гэх мэдээллийг өгсөн юм. Тэгвэл махны нөөц бүрдүүлэлт чиглэл дэх хяналт шалгалт хариуцаж ажилласан ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбишээс нарийн мэдээллийг тодрууллаа.

-ШӨХТГ-аас махны үнэ, нөөц бүрдүүлэлт чиглэлд хийсэн хяналт шалгалтын үр дүнгээс бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

-ШӨХТГ-ын даргын хяналт шалгалтын удирдамж батлагдаж, махны зах зээлийн нөхцөл байдал, үнэ бүрдэлт болон хийсэн хяналт шалгалтад үндэслэн бодлогын зөвлөмж гаргаж салбарын болон захиргааны байгууллагуудад хүргүүлж ажиллахаар болсон. Хяналт шалгалтын хүрээнд нөөцийн мах, экспортын мах бэлтгэн боловсруулж байгаа гэх үндсэн хоёр чиглэлд хяналт шалгалт хийлээ. Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоолын хүрээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх ААН байгууллагуудад 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкны зээлээр шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу гурван банкаар 12 ААН-д зээл олгогдсон. Гүйцэтгэлээр нийтдээ 7.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх гэрээ хийгдсэн боловч 140 гаруй мянган тонн мах дутуу бэлтгэсэн. Санхүүжилтийн асуудлаар зээлийн гэрээнүүдийг судлаад үзэхээр санхүүжилт нь хугацаа алдаж шийдвэрлэгдсэн нөхцөл байдал харагдаж байна.

Тухайлбал, өнгөрөгч оны аравдугаар сараас 12 дугаар сарын 28 хүртэл зээлийн гэрээ хийгдэж, санхүүжилт хийгдэж дууссан. Үүнтэй холбоотойгоор нөөцийн мах бэлтгэгч ААН байгууллагууд малчин болон үндсэн брокер диллерийн эрх бүхий этгээдээс худалдан авалт хийж нөөцийн мах бэлтгэх ёстой гэх гэрээний үүргээ зөрчиж, Хүчит шонхор захаас бэлтгэсэн тохиолдол ч гарсан. Хоёр ААН 140 мянган тонн нөөцийн мах дутуу бэлтгэсэн байх жишээтэй. Түүнчлэн зарим ААН-үүдийн хувьд гэрээнд заасан үнээс хэтрүүлсэн үнээр худалдаалсан зэрэг зөрчил илэрсэн. Мөн нөөцийн махны түгээлт хийж байгаа зохион байгуулалт нь эрэлтийг хангах хэмжээнд хүртээмжтэй байдлаар зохион байгуулагдаагүй байна зэрэг дүгнэлт хийсэн.

-Зээлийн санхүүжилт удааширсны цаана ямар асуудал, нөхцөл байдал үүссэн хэрэг вэ?

-Бид тодорхой салбарын төрийн захиргааны байгууллагын зүгээс хийж байгаа үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотойгоор хугацаа алдсан асуудал байгаа болов уу гэж харж байгаа. Мөн банкны шаардлага өндөр байдагтай холбоотойгоор ААН эрхлэгчид маань банкны шалгуурт тэнцэхгүйн улмаас зээл авч чадахгүй удаашрах нөхцөл байдал ч байгаа. Жишээлбэл, махны холбооноос нөөцийн мах бэлтгэх сонирхолтой 36 ААН-үүдийн нэрсийг гаргаж өгснөөс банкны зүгээс 12 ААН-д нь зээл өгсөн. Зарим тохиолдолд банкууд зөвхөн харилцагчдадаа зээл олгоно гэсэн шаардлага тавьсаны зүгээс санхүүжилт удааширсан гэж харж байна.

-Энэ хавар нөөцийн мах хомстолтой байна, цэгүүд дээр нь очихоор байхгүй байна зэргээр асуудлуудыг маш их хөндсөн. Хомстол бий болсны цаана бэлтгэсэн махны хэмжээ бага гэдгээс гадна зах зээлд бүрэн нийлүүлэгдээгүй гэдэг асуудлыг та бүхэн мэдээлсэн. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Энэ жил бэлтгэсэн 7.9 мянган тонн нөөцийн махны хэмжээ нь иргэдэд хүртээмжтэйгээр хүрэх хэмжээ биш байна. Өнгөрсөн жилүүдийг харвал 10 мянга ба түүнээс дээш тонн мах бэлтгэж байж зорилтот хэмжээндээ хүрч байж. Хоёрдугаарт, нөөцийн махыг хүртээмжтэйгээр хүргэх чиглэлд ХХААХҮЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба үр дүнтэй зохион байгуулалт хийж чадаагүй гэх дүгнэлтэд хүрэхээр байна. Тухайлбал, нөөцийн мах бэлтгэж байгаа 12 ААН-ийн зах зээлд нийлүүлсэн махны хэмжээ болон үлдэгдэл хэмжээг харахад харилцан адилгүй байгаад байна. Жишээлбэл, зарим ААН 87.5 хувь нь зах зээлд нийлүүлэгдсэн байхад эсрэгээрээ зарим ААН-үүдэд 60 хувийн үлдэгдэлтэй байна. Нөөцийн мах нийлүүлж байгаа ААН байгууллагуудын үлдэгдэл махыг зах зээл дээр гаргах зохион байгуулалт сайнгүй байгаа нь үүнээс харагдаж байгаа юм. Уг нь жигд явж байх ёстой.

-Одоо үлдэгдэл махаа хэрхэх вэ. Наадмын өнгөрч намар боллоо?

-Нөөцийн махны үлдэгдлийг яаралтай богино хугацаанд гаргаж, түгээлт хийх шаардлагыг өгсөн байгаа.

-Танайхаас танилцуулсан мэдээлэл дунд нөөцийн махаа Хүчит шонхор захаас бэлтгэсэн гэдэг зөрчлийг дурдсан байсан. Энэ тал дээр ямар нөхцөл байдал бий болсон юм бэ?

-Санхүүжилт зарим ААН-үүдэд 12 дугаар сарын сүүл үеэр шийдвэрлэгдсэн. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухайн компаниуд малчдаас худалдан авалт хийх ёстой байтал Хүчит шонхор захаас махаа худалдан авч бэлтгэсэн гэдэг зүйлийг хяналт шалгалтын явцад хэлсэн. Үүнийгээ санхүүжилтийн эх үүсвэр хугацаа алдаж шийдвэрлэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа.

-Тус хяналт шалгалтын хүрээнд гаргасан дүгнэлтэд үндэслэн та бүхэн цаашид хэрхэн ажиллах вэ?

-Энэхүү хяналт шалгалт маань нөөцийн махны удирдлага зохион байгуулалт үр дүнтэй явж байна уу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой. Хяналт шалгалтын дүгнэлтэд үндэслээд бодлогын зөвлөмжийг холбогдох шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллана. Гол нь аль нэг ААН, албан тушаалтныг буруутгах гээд байгаа асуудал биш. Жил бүрийн нөөцийн мах бэлтгэлийг тойрсон асуудлуудад цэг тавьж алдаа нь хаана байгаа юм бэ, ямар зохион байгуулалт хийвэл оновчтой бахй вэ гэдэгт бодлогын зөвлөмж гаргахаар ажиллаж байгаа юм. Гаргасан зөвлөмжийн дагуу ХХААХҮЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба тодорхой арга хэмжээ авч ажиллах байх.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдсэн байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдсэн байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.