Өнгөрсөн оны зургаадугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын 31-р тогтоолоор байгуулагдсан "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" түр хороо нүүрсний экспорт, тээвэрлэлтийн асуудалд дорвитой анхаарч, тусгай шалгалтын хүрээнд цугласан баримт материалыг тайлагнаагүй гэх шүүмжлэлд өртсөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд хийгдсэн хяналт шалгалт, түүгээр илэрсэн зөрчлийн хүрээнд түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тавантолгой-Гашуунсухайт төмөр замд АНУ-ын компаниас дэлхий дээр ганц ч ашиглагдаагүй, нарийн царигийн толгойг өргөн цариг руу шилжүүлсэн анхны моделийг нийлүүлсэн. Толгойн сонголт буруу байсан гэдэг дүгнэлт гарсан. 2 толгой дутуу нийлүүлсэн. "Бодь" компанитай хийсэн нууц гэрээнд явах эд ангийг нууцад хамруулахгүй байсан. Бид мэдэхгүй л байгаа болохоос "Бодь" компанитай хийсэн анхны гэрээн дээр өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын нэмэлт гэрээ хийгдчихсэн явж байна. Одоо болтол нүүрсээ 13 хувийн хөнгөлөлттэй өгөөд л байгаа" гэв.