Томоохон албан тушаал хашиж явсан эрхмүүдийн шүүх хурал шил шилээ даран үргэлжилж байна.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад анхан шатны шүүхээс 6 жилийн ял оноосон. Харин Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, сайд асан С.Баяцогт тэргүүтэй 7 хүнд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж ингэхдээ С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлах шийдвэр гаргаад байна.
Хэрэг явдлыг сануулбал С.Баярт “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг Оюутолгойн гэрээг анх байгуулахдаа авлига авч тэр мөнгөөрөө АНУ-д долоон хаус авсан, өөрийн найз Ч.Даваанямд давуу байдал олгож Оюутолгойд бензин нийлүүлдэг байсан гэх мэт асуудлууд олон жил яригдсаар ирсэн. Харин Ерөнхий сайдын албаа өгөөд олон жил болсны дараа Ч.Сайханбилэгийн дубайн гэрээтэй яаж холбогдоод тэдэнтэй нэг хавтаст хэрэгт шалгуулж байгаа нь тун ойлгомжгүй байдаг.
Сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэр дэвшин өрсөлдөж байхад шүүхээс 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шийдвэр гаргаж, улмаар шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэх үндэслэлээр тэднийг цагдан хориод байгаа. Харин С.Баярыг 5 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахаас 525 сая төгрөгийг байршуулсан тул баривчлах шийдвэр гаргалгүй гадуур шалгаж байгаа. Дээрх эрхэмүүдийн шүүх хурлыг нэг хэсэг нь улс төрийн захиалгатай гэж харж байгаа бол нөгөө хэсэг нь хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэж үздэг. Аль нь ч байсан С.Баярын шүүх хурлаас Монголчуудын улс төржилтөөс ч том асуудал хөндөгдөхөөр байгаа нь Оюутолгойн гэрээ юм.
Хэрвээ С.Баярыг уг гэрээг байгуулахдаа авлига авсан, найздаа давуу байдал бий болгосон гэж яллавал авлигаар байгуулсан Оюутолгойн гэрээ хүчинтэй юу гэсэн асуудал үүснэ. Үнэхээр авлига авсныг Монголын шүүх тогтоож ял оноосон бол дотоодын хууль, олон улсын дүрэм журмаараа ч тэр Рио Тинтотой байгуулсан бидний хэлцэл эрх зүйн чадамжгүй болно. Ингэснээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын цаашдын хувь заяа яах вэ? гэдэг асуулт зайлшгүй урган гарах ёстой. Хэрхэн шийдэгдэхийг цаашдын явдлууд тодорхой харуулах буй за.