Англи хэлийг хоёрдогч хэл гэж хуульд тодорхой заах эсэхийг ардчилсан Монгол Улсын иргэд анхааралтай ажиглаж байна. Ардчилсан сонгуулиар иргэдээсээ төлөөлөх эрх авсан түшээд өнөөдөр уг асуудлыг эцэслэн шийднэ. Товчхондоо, хоёр сарын шатахуунаа сонгох уу, хойч үеэ сонгох уу гэх сонголтын өмнө тулж ирлээ. Засгийн газрын хувьд бол асар хүнд сонголт байх нь гарцаагүй. Гадагшаа Оросуудад "алуулах" гээд, дотогшоо олон нийтэд "алуулах" гээд байж суух газраа олж ядаж буй.
Мэдлэгтэй, мэдлэггүй болон зорилготой, зорилгүй хэл судлаачид өнгөрсөн өдрүүдэд барин тавин баахан л цамнав. Товчхондоо, англи хэлтэй холбоотой “ургасан” хэрүүлийн алим шуудай, шуудайгаар хураагдах шинжтэй. Байдлыг ажиглавал байнгын хороон дээр унасан санал чуулган дээр ч гэсэн хэвээрээ батлагдах бололтой. Англи хэлийг хоёрдогч хэл болгоно гэдгийг хойд “айл” машид дургүйцэж хүлээж авсан. УИХ-ын даргын айлчлал явагдахаас өмнө, чуулганаар боловсролын багц хууль орох үеэс л тэд шатахууны үйлдвэрээ засна, сэлбэнэ гэдэг бичиг цаасаа шидэж эхэлсэн.
Байдал нэгэнт эвгүйтсэн тул ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан гарсан гэх мэдээлэл ч байна. Гэвч зөвлөмжийг нь одоог хүртэл гишүүд хүртэл олж үзээгүй, бие биеэсээ сураглацгааж сууна. Дургүйцлээ ил далдаар хойд айл илэрхийлсэн хойно шатахуунаа хаачихвал эдийн засгийн форум, наадам, ургац хураалт гээд бүгд даший шог болох нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газар ухралт хийж хуульд заахгүйгээр хөтөлбөрөөр явуулъя гэдэг байр сууриа хамгаалах бололтой. Тиймээс ч байнгын хорооны хурал дээр хууль бичсэн Засгийн газрын гишүүн нь, байнгын хорооны дарга нь, Засгийн газрын бусад гишүүд нь нүүрээ улайлгаж, нүдээ бүлтийлгэж байгаад эсрэг саналаа өгч буй нь энэ. Товчхондоо, найдвар тун бага үлджээ.