Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дижитал боолчлол ба технологийн яам байгуулах шаардлага

Ангилал
Бусад
Огноо
Унших
9 минут 37 секунд

Монгол Улсын интернэтийн хэрэглээ 120 гигабит, үүний 95 хувь нь гадаад хэрэглээ, 5 хувь нь дотоод хэрэглээ байдаг.

Гадаад урсгалын төлбөрт дунджаар жилд 80 орчим тэрбум төгрөг гадагшилж байгаа бол 5 жилийн дотор энэ тоо 500 тэрбумаар хэмжигдэхээр байна. Зүйрлэвэл интернетийн урсгалын алдагдал эрчим хүчний алдагдлаас 3 дахин томорно гэсэн үг.

Мөнгөн алдагдлаас гадна бид импортын контент, сошиал сүлжээний нийгэмд учруулж байгаа социологийн үр нөлөөг хянаж чадахгүй байгаа. Ялангуяа хүүхэд, өсвөр насныханд.

Арван жилийн өмнө БНХАУ дотооддоо фэйсбүүкийг хааж Вичат хэмээх өөрсдийн флатформыг хөгжүүлж эхэлсэн. Өнөөдөр энэ флатформгүйгээр Хятадад нэг ч алхахгүй. Вичат үндэсний флатформ байгаад зогсохгүй контент экспортын гол бүтээгдэхүүн нь болсон юм. Тухайлбал 2017 онд АНУ-ын баруун эргийн хотуудаас Тенсент групп 5.0 сая долларын орлого олсон байдаг. Хойд айл ч В Контакте гэж өөрсдийн флатформыг хөгжүүлж байна. Үндэсний флатформ дээр тулгуурласан хэрэглээний хөгжил,  оюун санааны дархлаа, гадагшаа мөнгө алдахгүй байх гээд олон талын ач холбогдолыг нь харж эдгээр улсууд сая сая доллар хаяж байна. 

Харин бид Монгол Улсын өргөн уудам нутгийг хамарсан 36.0 мянган к.м шилэн кабелийн сүлжээтэй атлаа и-баримтаас өөр флатформ гэж зүйлгүй байна. Lend.mn дөхөж магад.  Дэлхийн шинэ колончлолын дүрэм маш энгийн. Технологийг эзэмш, үгүй бол боолчлогд! Фэйсбүүк өдгөө Энэтхэг, Хятадыг нийлүүлснээс ч том гүрэн болсон,  харин үүнд үндэстнээрээ бүх мэдээллээ тавиад туучихсан вассал хамжлагуудын нэг бол Монгол Улс болжээ. 

Хүнд харах, үнэрлэх, хүрэх, сонсох, амтлах гэсэн үндсэн таван мэдрэхүй бий. Харин энэ таван мэдрэхүйгээс харах, сонсох мэдрэхүйг мэдээлжсэн бүтээгдэхүүнээр хангаж болно. Товчхондоо онолын хувьд бидний мэдрэхүйн буюу амьдралыг мэдрэх цаг хугацааны 40% нь виртуал орчинд байж болно гэсэн үг. Үүнийг дагаад амьдралд эрс өөрчлөлтүүд гарч, томоохон сорилтуудыг ч дагуулах болоод байна.

Гэтэл бодит нийгэмтэй зэрэгцэн бий болсон дижитал нийгмээ удирдах, хянах зохицуулалт бидэнд огт алга. 

Монгол залуу гүүглэд ажиллаж гэнэ. Монгол Улс харилцаа холбоо, мэдээлэл технологийн \information and communications technology-ICT\ өндөр хөгжилтэй орны тоонд орж гэнэ гэсэн мэдээг бид сүүлийн хэдэн жил олон сонслоо. Гүүгл компанид дэлхийн 162 орны хүмүүс ажиллаж байгаа, Монгол хүн тэнд ажиллах нь энгийн л зүйл.  Дэлхийн ихэнхи улс орон “ICT”-гийн өндөр хөгжилтэй орны тоонд орсон бөгөөд хэт хөгжилтэй 20, дунд зэргийн 20 улс л үлдэж бид бусад 140 орноос ялгарах юмгүй харин ч цахим засагллын \E-govermence\ үзүүлэлтээр дундаас хойгуур яваа тухайгаа ярьдаггүй. Мөн “ICT” салбарын хүний капиталын үзүүлэлтээр улам л хойшилсоор байгаа талаар статистикыг дурдахгүй байна. 

Манай Улсын өнгөтэй өөдтэй програмистууд АНУ, Япон, Сингапурт олноор гарч тэдний “хар ажлыг” хийдэг нийтлэг дүр зургийг бид мэдэх болоод удлаа. Үлдсэн хэд нь эндээ хэдэн оператор компаниуд, төрийн байгууллагад ажиллаад тус салбарт чөлөөт зах зээлийн орон зай хүнгүй хаягдаж бид өөрсдийн гэсэн ямар ч флатформгүй болчихсон нь салбарын хувьд маш том асуудал юм. Манай гарааны компаниуд бизнесийн утгаараа бол ердийн жижиг скаут төдий. Дотоодын  хэрэглээнээс гавьж цаашлах гарцгүй жижиг зах зээлдээ ханачихсан хэт цөөхүүлээ гэдгийг шулуухан хэлэх ёстой. Салаа цэрэгтэй бид дэлхийн хүчирхэг армиуд үгүйдээ л өмнөд хөршийн дундаж компанитай ч өрсөлдөж чадахгүй. 

“ICT” салбарт хүн бэлтгэж байгаа их дээд сургуулиудын хөтөлбөр 4 жилийн уламжлалт аргаар явагдаж байх хооронд технологийн ертөнцөд хоёр ээлж \generation, verision\ солигдож байна. Ихэнхи улс оронд програмист, инженер зэрэг нарийн мэргэжлийг их дээд сургуулийн системээр олгодог хэвээрээ ч кодчин, систем администатор, кабельчин, дата аналист зэрэг дагнасан туслах мэргэжилтнийг бидний хэлдэгээр тмс-ийн системээр богино хугацаанд бэлтгэж зах зээлд нийлүүлдэг боллоо. Мэдээлэл, технологийн паркын дэргэд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв буюу коллеж байгуулж сингапурын бэлэн сургалтын системийг оруулж ирээд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх туслах мэргэжилтнүүдийг бэлтгэх санал гаргасан маань тэгс хийгээд алга болсон байдаг. 

Япончууд анхандаа манайхаас япон хэлтэй програмистуудыг түүсэн, дараа нь япон хэлгүй ч код бичдэг бол хэлээ сургаад авья гэдэг болсон. Одоо бол бүр дунд сургуулийн хүүхдүүдрүү орсон. Алгоритмаа мэдэж байгаа л бол ахлах ангийг нь японд сургаад авья гэх хэд хэдэн хүнтэй уулзаж байлаа.

Тус улсад аутсорсингийн 27 мянган ажлын байр бий. Энэ тоо цаашид ч улам өсөх бөгөөд энэ орон зайдаа Хятадуудыг оруулахгүй байх нь үндэсний аюулгүй байдлын асуудал ажээ. Хятад хэдэн зуун сая програмист, кодчидтой хүчирхэг арми, хамгийн хямд өндөр технологийн дивайсаар далайлгагч их гүрэн болон гарч иржээ. Гэтэл бид технологийн салбарт өрсөлдөнө, 21-р зууны Монгол оюун ухаан юу юу ч гэнэ үү, марзан зүйл яриад явж байгаа нь саваагүй нохой саранд хуцах үлгэр гэлтэй. ICT салбарын хувьд Хятад боломж гэхээсээ илүү сорилт, өрсөлдөөн гэж харвал зохино. Бид тэдний флатформын болон дивайсын боол болоход маш ойрхон ирсэн. Ийм нөхцөл дунд хөгжлийн тухай биш эхлээд асуудлаа зөв тодорхойлох тэсч гарах дараа нь тоглох асуудлыг ярих боломжтой. Ядаж бид цахим засагллын үзүүлэлтээр 100 орноос 53-р байрт биш эхний 20-т орж байж дараагийн шатны асуудлуудаа ярих боломжтой болох юм. Өөрсдийн асуудлаа шийдээгүй байж дэлхийд өрсөлдөнө гэдэг өнөөдөртөө бол галзуу солиотой яриа.  

Гэхдээ бүх зүйл баргар байгаа юу гэвэл бас үгүй. Ирэх 20 жилд хамгийн эрэлттэй байх 10 ажлын байрны 7 нь ICT салбараас ямар нэг байдлаар хамааралтай, эсвэл шууд ICT ажилтан байх бөгөөд хөдөлмөрийн шинэ хуваарит ноёлох улс нь БНХАУ байх вий гэдгээс дэлхий нийтээрээ эмээж байна. Тийм  учраас хөгжингүй орнууд хөгжиж буй бусад улсуудад аутсорсингийн зах зээлээ  нээж байгаа нь манайд бага зэрэг найдлага төрүүлж буй. Монгол хүн толгой сайтайдаа биш социалист сургалтын тогтолцооны ачаар Монгол хүүхдүүд математикын ур чадвараар дэлхийд 26-р байрт ордог. Физик, алгоритмийн мэдлэгээр азидаа тэргүүлдэг. Гэхдээ энэ бол зөвхөн түүхий эд. 

Инноваци технологийн яам байгуулах санал зөвхөн энэ удаагийн парламентад яригдаж байгаа сэдэв биш. Дэлхийн 153 орон мэдээлэл технологийн яамтай \ministry of ICT\ зарим улс оронд технологийн яамнаас тусдаа дижитал шилжилтийн яам \ministry of digital transactions\ байгуулсан жишээ их. Манай улс  социализмийн үед холбооны яамтай байсан бөгөөд өдгөө тус яамны шууд үргэлжлэл болсон мэдээлэл харилцаа холбооны төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит аж ахуй нэгжид 2000 орчим хүн ажиллаж байна. Салбарын төрийн захиргааны чадамж нь агентлагийн төвшинд хязгаарлагддаг. Агентлаг нь Засгийн газарт харьяалагдана. Ерөнхий сайд мэдээлэл технологийн салбарт хэр элэгтэй, мэдлэгтэй байхаас салбарын эрх зүйн болон захиргааны чадамж шалтгаална. Үүнээс шалтгаалж салбарын бодлого функциналь бус субьектив шинжтэй явж ирсэн. Эсвэл зориуд манай улсын ICT салбарыг бодлого тодорхойлох төвшний чадамжгүй байлгах, боолчлох гадны сонирхол хэрэгжиж байгааг үгүйсгэх аргагүй билээ.

Сангийн яам, ЗТХЯ, Азийн хөгжлийн банк гурвалсан уулзалт хийв
Сангийн яам, ЗТХЯ, Азийн хөгжлийн банк гурвалсан уулзалт хийв
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.