Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОМИЛОЛТ...37 жилийн өмнөх захидлын ЭЗЭН: Энэ захидал хоёр жилийн өмнө олдсон ч болоосой...

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
15 минут 30 секунд

Төөнөх нарнаас бултаж сүүдэрлэх газаргүй ч нүдэнд үзэгдэх тал тэр аяараа амгалан гэхэд хэтэрхий их амар амгаланг мэдрүүлэх аж. Говь нутгийн үзэсгэлэнг ийн ажиж ой тойндоо буулгаж авангаа энэ удаад их л "яарч" явна, зорьсон газар руугаа, зочин руугаа. Нуугаад яах билээ. Тэр бол 37 жилийн дараа цэргийн хуарангаас олдсон захидлын эзэн Н.Долгоржав. Замын уртад захидлыг хэдэнтээ уншина. Элэгдэж шарласан цаасан дээр бичсэн тэр үгс энгийн хэрнээ хайрлаж, санаж, халамжилж басхүү хамгаалж буй ахынх нь сэтгэлийг маш товчхоноор илэрхийлж орхиж. Түүний хажуугаар "Ахдаа захидал бичиж байгаарай, захидал их харсан шүү" гэх үг гол зураад явчих шиг. Энэ бүх мэдрэмжинд "хутгалдаж" явахдаа захидлын эзэн Н.Долгоржав эгчтэй бушуухан шиг уулзахын хүслэн болж, түүнд төрсөн сэтгэгдэл, бодогдсон зүйл түүнтэй сүлэлдэх дурсамжуудыг нь сонсохоор яарч яваа минь энэ.

Дундговь аймгийн Луус сум. Нуруугаар өндөр, яриа сайтай байрын бүсгүй биднийг тосож инээмсэглээд "Баярлаж хөөрсөн, нулимс унагаж дотогшоо өмөлзсөн, санаж дурссан гээд сэтгэл хөдлөлийн бүх л мэдрэмж холилдсон өдрүүд өнгөрч байна даа" хэмээв. Яриа дэлгэхээс урьтаад түүнийг танилцуулах нь зөв. 1986 оны тавдугаар сарын 27-ны өдөр "Ах Н.Болдоос нь..." хэмээн долдугаар ангийн сурагч дүүдээ хаяглан бичсэн захидлын эзэн бол Н.Долгоржав.

Тухайн үедээ салаа гэзэгтэй долдугаар ангийн сурагч охин басхүү ахын хайртай эрх дүү. Эрх шар дүү нь өдгөө боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж яваа нэгэн бөгөөд одоо Дундговь аймгийн Луус сумын ЕБС-ийн захирлаар 13 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Н.Долгоржав эгч Эрдэнэдалай сумандаа 10 жилийн сургуулиа дүүргэж, багшийн их сургуулийг түүх, нийгмийн багш мэргэжлээр төгсөж ирснээсээ хойш нутагтаа ажиллаж байгаа нь энэ аж. "Манай гэр бүл нутаг амьтай учраас аав, ээж маань нутаг орондоо ажилла гэх шаардлагыг тавьдаг байсан. Тийм ч учраас манай ах, эгч, дүү нарын маань ихэнх нь Дундговьдоо ажиллаж амьдарч яваа" хэмээн ярьж байв.

Бид яриа дэлгэхээс өмнө тэрбээр захидлаа бидэнд уншиж өгсөн юм. Тэрбээр "Би энэ захиагаа хэд ч уншчихав даа. Байнга л уншмаар санагдаад байгаа" гэж хэлээд захиагаа уншина.

Сайн байна уу. Эрхэм хайрт дүү нарынхаа хичээл сургуульд нь өндөр амжилт хүсэн ерөөн мэндчилье. Та нарын бие сайн биз дээ. Миний бие сайн. Хугацаат цэргийнхээ албыг алдаа дутагдалгүй сайн хааж байна. Өмнөговь аймгаар онцын сонин юмгүй цаг агаар нь дулаахан байна. Нутгаар цаг агаар ямар байна. Долгорханд, Энхбат хоёр ямар гарсан бэ. Та хоёрын шалгалт хэзээ эхлэх гэж байна. Хичээлдээ онц сайн байгаарай. Хөдөө гэрээс чинь захиа ирж байна уу. Аав ээжийн бие сайн уу. Ахдаа захиа их бичиж байгаарай. Ах нь дүүгээсээ захиа их харсан шүү. Хариу хүсье. За өөр зүйлгүй БАКА

1986 он 05 дугаар сарын 27

(Хаяг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум, 10 жилийн дунд сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт ах Н.Болдоос)

-Ахаас ирсэн захидлуудыг уншиж өгөхөд ээж үргэлж л нулимс дуслуулж суудаг сан-

Хүлээж тэссэнгүй захидлын талаарх сонин сайхныг мэдэхээр яаравчлав. Н.Долгоржав эгч ярихдаа "Нэгдэх өдөр ажилчдадаа хурал хийгээд сууж байтал танихгүй дугаараас дуудлага орж ирсэн юм. Тэгтэл Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 дүгээр анги буюу ахын маань цэргийн алба хаасан ангид ажилладаг сумын маань охин залгаад захидлын талаар хэлсэн. Танд бичсэн захидал нь олдсон юм гэхэд нь өөрт маш сайхан санагдсан. Тухайн үед ах нараасаа захидал их авдаг байлаа шүү дээ. Том ах маань хүртэл ЗХУ-д сурдаг байв. Байсхийгээд л захиа ирнэ. Захиагаа ч хүлээнэ. Тэр үед захианууд нь их удаж ирнэ шүү дээ. Хүмүүс гайхсан байж магадгүй. Та хоёрын шалгалт хэзээ вэ гэж бичсэнийг. Би чинь ихэр байхгүй юу. Ихэр бид хоёр нэг ангид сурдаг байсан болохоор асууж байгаа нь тэр. Захиагаа авангуут хурдхан шиг аав, ээждээ аваачиж уншиж өгөхийн хүсэл болдог байв. Аав, ээж хоёр маань сумаас 45 километрт байдаг байсан. Тэр үед машин тэрэг ч ховор байсан цаг. Амралтаараа сумын төвөөс бригадын төв рүүгээ очно. Цаанаас аав маань морин тэргээр ирж авдаг байсан. Очсон даруйдаа Н.Болд ахын захидлыг уншиж өгнө. Хөөрхий муу ээж минь нулимс дуслуулаад л "Миний хүү сайн явж байгаа байх даа. Овоо доо. Сэргэлэн юм чинь албаа сайн хаагаад ирэх байх" гэж хэлнэ. Бид хоёрт үг ч дайна. Тэр үед заримдаа захианы конверт авах мөнгө ч олдохгүй. Хичээл ихтэй байгаад бичсэн захидал маань ахад удаж очдог ч байсан байж болох юм. "Ахдаа захидал бичиж байгаарай" үгийг хараад би дотроо битүүхэндээ харамсаж суулаа. Би бичээд л байдаг байсан юм" гээд хэсэг хоолой нь зангирав.

-Эрч хүч хайрласан ахын тэр үгс намайг өдий зэрэгт хүргэсэн гэж би бодож явдаг-

Тэрбээр цааш үргэлжлүүлэн "Ахын байнга хэлдэг үг бол "Онц сураарай, хичээлээ сайн давтаарай" гэх үгс. Өөрөө сургуульд байхдаа оргож ирсээр байгаад л сургуулиас гарчихсан хүн байхгүй юу. Тиймээс дүү нараа хичээлээ сайн хийгээрэй гэж их хэлдэг байсан. Тэр их сургаалиуд, тэр их эрч хүч хайрласан ахын тэр үгс намайг өдий зэрэгт хүргэсэн гэж би бодож явдаг" хэмээн дурссан юм.

-Тэр захидлын хариуг л нэхээгүй, хариу яагаад бичсэнгүй вэ гэж асуугаагүй...-

Захидал бүр асуулттай. Асуулт бүхнийхээ хариуг ах нь ч авахыг хичээнэ. Бараг л данс бүртгэж байгаа юм шиг. Гэхдээ тэр дунд нэг бичсэн захидал бичсэн нь алга болсныг Н.Болд ах нь өөрөө мэдсэн бололтой. Дүү нараасаа тэр л захианы хариуг авья гэж нэхсэнгүй, хариу яасан бэ гэж асуугаагүй талаар Н.Долгоржав эгч хуучлангаа сэтгэл өвтгөсөн ч гэх үү хөндүүрлэсэн бодол төрсөн талаараа ийн ярив. Тэрбээр "Энэ захидал хоёр жилийн өмнө олдсон болоосой гэх харамсал надад төрсөн. Тэгсэн бол ах маань их л баярлах байсан байх. Магадгүй бид цугтаа суугаад ам уралдан энэ захианы талаар яриад суух байсан байж ч болох. Гэхдээ ах минь тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэл дүүрэн байгаа. Бүтэн өдөр шахам сэтгэл хөндүүрлэсэн мэдрэмж надаас салж өгөхгүй байсан. Ахиухан захиа бичиж байдаг байж. Хүн амьд байхдаа л нэг нэгнээ хайрлаж байх ёстой юм билээ. Хүний ах гэдэг түшиг тулгуур, маш том нөмөр нөөлөг байдаг" гэсэн юм.

-Аав бурхан болсны дараа миний ах бүлтийгээд үлдэж байгаа хэдэн дүү нараа үнсчихээд "Онц сураарай, сайн байгаарай" гэж хэлчихээд явж байсан-

Хэзээ нэгэн цагт хүн бүрийг дайраад өнгөрөх зовлон Н.Болд ахыг цэрэгт байхад болоод өнгөрч. Аав нь бурхан болсон талаар хэл өгүүлж, хүү цэргийн чөлөөгөөр ажил явдлынх нь үеэр ирээд эргээд л цэргийн албандаа морджээ. Ард үлдэж буй хэдэн нялх дүү нар, ханиа алдсан ээжийгээ бодож сэтгэл хоргодсон ч албандоо мордож байсан мөчид ямар их шаналсан бол гэж Н.Долгоржав эгч нулимс дуслуулан ярив. Энэ талаар "Миний ах бүлтийгээд үлдэж байгаа хэдэн дүү нараа үнсчихээд "Онц сураарай, сайн байгаарай" гэж хэлчихээд явж байсан. Өөрийнхөө яг дараагийн эрэгтэй дүүдээ ээжид тусалж байгаарай, малаа сайн хараарай гэж захисан. Тэр мөчид дүү нар маань яаана даа гэж их л зүйл бодож дээ ах минь гэж боддог юм. Цэргийн алба ийм хойно явахаас өөр аргагүй. Манай гэр бүл тухайн үед хүндээр хүлээж аваагүй. "Миний хүү эх орноо хамгаалж буй эр цэрэг хүн шүү дээ. Сэтгэлийн хаттай байгаарай" гэж хэлээд ээж минь үнсээд л явуулж байсан. Тэр чинээгээр цэргийн албаа сайн хаагаад ирсэн" гэж байв.

Цэргийн хурангаас өөрийн, өрөөлийн гэж ялгалгүй санаа тавина. Захидалдаа байнга хэдэн нутгийн настангуудаа асууж сураглана. "Бадарчин гуай яаж байна. Хөгшнийх нь бие сайн байгаа юу. Амралтаараа очиж туслаарай" гэх захидлын хэдэн үгсээс мэдэгддэг байсан гэх.

-Н.Болд ах хөдөө явахдаа хүртэл баахан ном өвөртлөөд явдаг хүүхэд байсан-

Н.Долгоржав эгчтэй ах Н.Болдынх нь талаар үргэлжлүүлэн яриа дэлгэв.

-Ном их уншдаг, тэр хэрээрээ захидал сайхан бичдэг хүн байсан гэв үү?

-Тэр үнэн. Маш их ном уншдаг хүн байсан. Бараг л тэр Эрдэнэдалай сумын номын сангийн номын уншиж дуусгасан байх шүү. Бид чинь их, дээд сургууль төгссөн хэрнээ л сургуульд байхдаа л ном уншдаг байлаа. Тэр үеийн хүүхдүүд номтой л их нөхөрлөдөг байлаа шүү дээ. Ах номын сангаас авч ирсэн номоо дороо уншаад дуусгачихана. Удалгүй дахиад л баахан номнууд аваад ирнэ. Хөдөө явахдаа хүртэл баахан ном өвөртлөөд явдаг байсан шүү дээ. Малынхаа бэлчээр дээр номоо уншаад л явж байдаг байсан. Ёстой л номоор багшаа хийсэн хүн дээ.

-Ахдаа их л эрхэлдэг байсан гэж өмнө та ярьж байсан?

-Ихэр бид хоёр гэрийн ажлаас бүрэн чөлөөлөгдчихсөн хүмүүс байлаа шүү дээ. Та хоёр сургуульд сурах ёстой, боловсрол эзэмш, энийг хийх хэрэггүй гэдэг байсан. Би одоо боддог юм. Их сургууль төгсөөд ирж байхдаа хоол хийж чаддаггүй ирж байлаа шүү дээ. Ах нар маань бүх зүйлийг хийж өгсөөр байгаад тэр. Хожуу айлын эхнэр болсон үедээ л эзэгтэйн үүргийг гүйцэтгэж ирсэн. Бас ах нартаа их эрхэлж өсөж. Эрхлээд өсчихсөн болохоор ганц нэг үг хэлэхэд нь шууд л уйлчихана. Уйлахаараа л айлгадаг хүүхдүүд байсан юм шиг байна. Тиймээс дүү нартаа хатуу үг хэлж байсныг нь санадаггүй юм. Тэр их хүндлэлийг даахын тулд хичээл номдоо их шамдаж байж дээ гэж боддог юм.

-Ажлын хажуугаар "Ахиад нэг уншья" гэсээр хэдэн ч удаа уншчихав энэ захиагаа-

Хариулт олдохгүй асуулт гэж байдаг байх. Н.Долгоржав эгчийн хувьд хоёр жилийн өмнө ах нь зуурдаар таалал төгсөхөд "Яагаад" гэж асуултыг хэдэнтээ тавьж байсан талаараа ярьсан юм. Тэрбээр "Сургуулийн дотуур байр ашиглалтад ороод, түүний доторх техниз хэрэгслүүдийг авах гээд хот руу явж байсан юм. Тэгтэл ах, эгч нар маань над руу бүгд залгачихсан байсан. Гайхаад залгатал "Ах чинь өнгөрчихлөө" гэж хэлсэн. Түүнийг сонсоод маш хүнд байсан. Тэгээд л эргээд буцсан. Яагаад гэдэг асуулт гайхлыг минь төрүүлж байсан. Гэхдээ хүн бүрт тохиодог зовлон шүү дээ гэж бодоод өөрийгөө тайтгаруулсан даа" гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн "Захидлыг аваад ахтайгаа дахин уулзсан юм шиг болсон. Би сүүлийн хэд хоног маш завгүй байсан л даа. Гэхдээ л ажлын хажуугаар "Ахиад нэг уншья" гэсээр хэдэн ч удаа уншчихав энэ захиагаа. Ах минь захидлыг нь авлаа гээд л тэнгэр рүү хараад дээжээ өргөөд зогсож байлаа" хэмээн ярьж байсан юм.

Ахын хайр мэдрэгдсэн цаг хугацаагаар хэсэгхэн хугацаанд аялав. Хайраар зөөллөсөн цаг хугацааг дүү нар нь одоо ч бодож, ахыгаа санан дурсаж буйгаа ярьж байна. Нулимстай, гунигтай, ухаарал хайрласан хийгээд аз жаргал бялхаж, баяр баясгалантай мөч бүрийнх нь "амтаас" уншигч танд багахан ч атугай амсуулахыг хичээлээ.

КВОТ 40 ХУВЬ: “Эцгийн эрхт“ парламентын бүтцийг ӨӨРЧИЛЬЕ
КВОТ 40 ХУВЬ: “Эцгийн эрхт“ парламентын бүтцийг ӨӨРЧИЛЬЕ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.