Зуны шөнийн театр хэмээх нэршлийг сонсоод яагаад ч юм Грек маягийн гадаа талбайг төсөөлсөн юм. Нөгөө талаар Шекспирийн "Зуны шөнийн зүүд" инээдмийн жүжгийн талаарх бодол зурсхийх нь тэр. С.Жаргалсайханы зохиол, М.Батболдын найруулсан “Шөнө дундын бүжиг” жүжгийг үзсэн минь энэ юм.
“ХАЛААЛТ”
Хоцрох дуртай монголчууддаа тааруулаад ч тэр үү, жүжиг эхэлтэл үзэгчдээ “халаах” гэсэндээ ч тэр үү товлосон цагаас ялимгүй хоцорч жүжиг эхлэв. Гэхдээ энэ хугацаанд эхлэхийг нь хүлээж, уйдаж зовсонгүй. Улаанбаатар зочид буудлын Их танхимын хөшгийг нээн ормогц бүсгүйчүүдийн дурлалт залуугаасаа хүсээд байдаг ч эрчүүдийн төдийлөн бүрдүүлж чаддаггүй бүрэнхий орчин, улаан ширээний бүтээлэг, бүдэг лааны гэрэл болоод түүний анхилуун үнэр, хундага дарс, романтик хөгжим зэргээр хосуудад зориулсан VIP болзооны орчныг бүрдүүлсэн нь таашаалтай.
ШУБИРА
Ингээд жүжиг эхэллээ. Үнэндээ энэ жүжгийн эхний үзэгдлээс төгсгөлийн жүжгийн танилцуулга хүртэл хамгийн ихээр фокусласан ганц зүйл нь эмэгтэй хүний гоо сайхныг Шубирагийн дүрээр бидэнд харуулсан жүжигчин Д.Асардарь байв. Нэгдүгээр үзэгдлийн төгсгөлийн хэсгээс хойш түүнийг тайзан дээр гаран гартал, буун буутал харц салгаж чадалгүй энэ бүх хугацааг үдсэнээ нуух юун.
Шубирагийн гоо сайханд "дурлан" суухад жүжигчин бүсгүйн гаргасан зоригийн талаарх бодол үе үе цухас хийж байсан нь түрхэн сатааруулж байв. Гэсэн ч театрын урлагийн гоо зүй гэдэг бүсгүй хүний үзэсгэлэнт төрхөөр төгөлдөрждөг юм байна гэх бодол давж байсан юм. Гэхдээ би Шубира, Д.Асардарь хоёрын хэнд нь дурласнаа одоо ч бодоод олохгүй юм.
ЦЭЦГИЙН ДЭЛБЭЭНД АЛЧУУР УНАГАХ ШИГ...
Жүжгийнхээ нэрээр нэрлэгдсэн энэ дуу эх жүжгээсээ илүү алдартай гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Жүжгийн оргил хэсэгт анхны хувилбарыг тэр чигээр нь оруулж өгсөн нь авууштай. Ер нь нийтийн дунд ингэж хүчтэй тархсан дууг өөр дуучдаар шинэчлэн дуулуулбал “фэйл”-дэх буюу үзэгчдийн сэтгэлд хүрэхгүй байх магадлал 99 хувь. Гэсэн хэдий ч ганц дуугаараа жүжгийн турш “нүдээд” байлгүй өөр олон ая ашиглаж, “эрдэнийн чулуугаа” шигтгэх ёстой хамгийн чухал хэсэгтээ шигтгэж өгсөн нь хөгжмийн найруулгыг үнэ цэнтэй болгожээ.
ШААХАЙ
Нэгэнт Шубирагаас харц салгаж чадахгүй байсаар дуусгаснаа дээр дурдсан учир Шубира, Анка хоёрын харилцан яриа, ширээн дээрх бүжгийн хэсгээс анзаарсан нэг өнцгийг өөрийнхөөрөө тайлбарлах гэж хичээе.
Шалаар дүүрэн хагарсан шилний хэлтэрхийтэй тайзан дээр Анка шаахайтай алхах бол Шубира хөл нүцгэн. Энэ бол энэ хоёр дүрийн ялгааг ганц муу шаахайгаар төлөөлүүлэн харуулсан найруулагчийн шийдэл бололтой.
Гаднаасаа үдэш бүр эрчүүдийн нүдийг хужирлан бүжиглэх Шубираг хэн ч хараад бүтэхгүй нэгэн гэж бодмоор. Гэтэл түүний эмэгтэй хүний гэнэн хонгор зан чанар шилний хэлтэрхийд хөлөө шалбалах үгүйгээ ч мэдэхгүй шаахайгаа тайлан тайзан дээр гарч байгаагаас харагдана.
Харин “Аниа, аниа” хэмээн гүйж, урдаас харж инээн, ардаас харж муулах Анка ширээн дээр гаран гартлаа шаахайгаа тайлахгүй. Гаднаа хэнд ч гэмгүй харагдах хэдий ч дотроо бүх хорыг найруулж буй Анка, гаднаасаа юм юм үзсэн мэт харагдах ч дотроо өнөөх л гэнэн хонгор охин хэвээр буй Шубира хоёрын дүрийн эсрэгцэл ийн мэдрэгдсэн юм.
ХАВХАНД ОРСОН ХАВХ
Жүжгийн эх зохиолын зангилаа, өрнөл, туйл, тайлал болон төгсгөл хэсгүүдийг зангидсан ганц дүр нь Хавх. Түүний дүрийн өсөлт, бууралтыг үзүүлэхэд жүжигчин Т.Сэргэлэн тун зохиж.
Хавх нэртэй сүрхий эрийн дүр. Гэтэл үнэндээ өөрөө хавханд орсон. Цэнгэлийг тагтнаас түлхэж унаган амийг нь хөнөөж, хэргээс хөнгөн мултарсан гэж бодсоор явсан нь Амигогийн эхний хавх, хамаг хөрөнгийг нь шантаажлан өөрийн нэр дээр шилжүүлсэн нь түүний хоёр дахь хавх. Өөрийг нь чин сэтгэлээр хайлаж байсан Шубираг гомдоосон явдал бас л түүнийг хавханд оруулсан. Анкаг бие давхар болгосон нь өөр нэгэн хавх. Хавх өөрөө тэр чигтээ хавханд орсныг тайзан дээр түүнийг цагаан бүчээр бүслэн хүлж буй үзэгдэлд тодхон харагдана. Гэвч эцэст нь Хавх хавхнаасаа мултарна. Хэрхэн мултрахыг үзэгч та бүхэнд үлдээе.
ОРЧИН ЦАГТ...
Орчин цагт үзэгчид тайзныхаа дөрвөн талд суугаад, дарс шимэнгээ жүжиг үздэг болж. Орчин цагт жүжигчид микрофоноо хацар дээрээ биш духан дээрээ тогтоодог болж. Орчин цагт жүжгийг заавал театрт бус зочид буудалд толилуулж, үүдэндээ сүрчиг зарж болдог болж. Орчин цагт жүжгийн дундуур тайзан дээр нэвширтэл бороо орж, нүүрний эгнээний үзэгчид нь борооны усанд гараа норгохоор тайз руу тэмүүлдэг болж. Орчин цагийн театрын урлагийн энэхүү шинэчлэлийг бидэнд дэглэн харуулж буй ганц найруулагч нь М.Батболд. Түүнд орчин цагийн жүжиг дэглэлтийн арга ухаан, сэрэл мэдрэмж бүхэн байна. Түүнд орчин цагийн зохиол л алга.