Эрх баригчид тэргүүтэй улс төрийн намууд Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийж гишүүдийн тоог 126, сонгуулийн тогтолцоог 78:48 хэмээн холимог байхаар шийдээд долоо хоног өнгөрлөө. Энэ өдрүүдэд ҮХӨ-ийн үргэлжлэл болох Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ бол Үндсэн хуулиас дутахгүй нэн чухал хууль. Өчигдөр МАН, АН, ХҮН намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хуралдаж саналуудаа “хайрцагласан”. Өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ. Нэгэнт том “тоглоомын дүрэм” ойлгомжтой болж, тохироо явсан тул сонгуулийн хууль дээр нэг их цаг алдахгүй л болов уу. Энэ долоо хоног, амжихгүй бол ирэх долоо хоногтоо багтаагаад “машиндах” биз.
Сонгуулийн хуулийн өөрчлөлт дээр тойргийн хуваарилалт, эмэгтэйчүүдийн квот, намын жагсаалтын хаалттай болон нээлттэй хувилбарын алийг сонгох, цаашлаад жагсаалт дахь дараалал гэх зэрэг олон чухал асуудлууд тодорхой болно.
НЭГ, Олныг төлөөлөх 78 гишүүнийг том, жижиг мажоритарын аль хувилбараар сонгохоо 2024 онд УИХ-ын тогтоолоор шийднэ
ҮХӨ-ийн дараа улстөрчдийн хамгийн их анхаарч буй зүйл бол олныг төлөөлөх 78 гишүүнийг тойргоос сонгохдоо том, жижиг мажоритар хувилбарын аль замаар нь явуулах вэ гэдэг асуулт юм. Угтаа бол 2020 оны сонгуульд ашигласан томсгосон мажоритар хувилбарыг сонгох нь зүйтэй. Судлаачид ч уг хувилбар дээр саналаа өгдөг. Гэвч дахин сонгогдох боломжоо тасралтгүй эрэлхийлж яваа ах нар тэргүүтэй одоогийн УИХ-ын гишүүд жижиг мажоритар хэлбэрээр 78 тойрогт хүч үзэх санаатай байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд тойргоо хангалттай “усалчихсан”, тойргийн сонгогчдодоо харьцангуй танил дүрийг бүтээчихсэн. Төсвийг мөнгийг зам харгуй, байшин сав болгоод цемент зуурчихсан. Мөн нүүрс, тендер, Хөгжлийн банкнаас эхлээд буруу гарын мөнгөн “хуримтлуулал” ихтэй тул жижиг тойрогт мөнгөөр “зодох” сонирхол, боломж тэдэнд харьцангуй элбэг. Өөрөөр хэлбэл, жижиг тойрогт очиж өрсөлдөх нь МАН-ын ах нарт ашигтай. Намын нэр, намын даргын нэр хүнд гэхээс илүүтэй жалга, жалгандаа үзэх нь МАН шиг “хөл” сайтай нам хамаагүй бага хохирно.
Гэхдээ аль хувилбараар явах вэ гэдэгт одоохондоо хариулт өгөхгүй. Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг УИХ-аас тогтоол гаргаж шийддэг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хуулиар үүнийг шийдэхгүй гэсэн үг. Энэ асуудлыг сонгууль дөхүүлж байгаад, магадгүй 2024 оны гаргаад бараг шийдэх байх. Тэр хүртэл тойргууд дээрээ судалгаануудаа явуулж, горилогчдынхоо тарыг таньж, өөр хооронд нь өрсөлдүүлэн багагүй тос, тоос гаргуулах биз. Ингээд эцэст нь хамгийн ашигтай “зиг заг” хувилбараараа тойргоо зурах нь гарцаагүй.
ХОЁР, Хаалттай жагсаалт бөгөөд 48 нэр дэвшигчээ намууд эрт зарлана
Намын жагсаалтыг нээлттэй байх уу, хаалттай байлгах уу гэдэг хувилбараа сонгуулийн хуульдаа харин зааж өгнө. Өчигдөр ажлын хэсэг дээр хаалттай хувилбараар жагсаалтын асуудлыг шийдэхээр яригдсан. Одоо байнгын хороо, чуулганаар орж батлагдана. Харин хаалттай жагсаалтад багтаж буй 48 нэр дэвшигчээ нийтэд эрт зарлаж, ил болгох гэнэ. Ингэснээр сонгогчид эртнээс мэдээлэлтэй болж, нэр дэвшигчдийг жагсаалтад анализ хийсний дүнд хүмүүст нь тулгуурлаж нам дугуйлах нь. Намуудын авсан саналын хувийг нь босго оноотой нь уялдуулан хувь тэнцүүлж суудал хуваарилах юм. Нээлттэй жагсаалтыг сонгож болох сонгогчдын санал өгөх хугацаа сунаж, сонгуулийн ирцтэй холбоотой асуудал үүсэх эрсдэлтэй. Мөн саналын хуудсанд маш олон тэмдэглэгээ хийх тул энэ хэрээр хүчингүй саналын хуудас маш их гарах эрсдэлтэй. Тиймээс хаалттай жагсаалт гаргаад, жагсаалтад багтсан хүмүүсээ эрт зарлах хувилбар явах бололтой.
ГУРАВ, намуудын босго оноог төсөлд тусгагдсан ГУРАВ хэвээр нь хадгална
Сонгуулийн хуулийг өргөн барихдаа пропорциональ хувилбарын дагуу жагсаалтаар орж ирэх гишүүдийн намд нь тавих босго оноог 3 хувь болгохоор заасан. Тэгвэл ажлын хэсэг болон улс төрийн хүрээнд намуудын босго оноог 3 хувь хэвээр нь хадгалах гэнэ. Өнгөрсөн 2012 оны босго оноо 5 байсан гэдгийг дашрамд сануулах нь зүйтэй байх. Энэ босго онооны дагуу жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог нам тус бүрд хувь тэнцүүлэн хуваарилах юм. Мэдээж босго оноог бууруулсан нь жижиг намуудын төлөөлөл орж ирэх боломж нь нээгдэнэ. Гэхдээ нөгөө талдаа том намуудын жагсаалтаар орж ирэх гишүүдийн тоо нэмэгдэх учиртай.
ДӨРӨВ, эмэгтэй нэр дэвшигчдийн 30 хувийн квотыг хадгална
Энэ удаагийн сонгуулийн хуульд эрх баригчид болон улс төрийн намуудын зүгээс барьж буй маш прогрессив бодлогуудын нэг нь эмэгтэйчүүдийн квот юм. Өнгөрсөн хугацаанд 20 хувийн квотыг намууд эмэгтэйчүүддээ өгсөөр ирсэн. Тэгвэл энэ удаад уг квотыг нэмж 30 хувь болгохоор тусгасан. Өчигдөр хуралдсан ажлын хэсэг ч үүнийг дэмжсэн. Тиймээс байнгын хороо, УИХ-аар эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 болгож тогтох нь ойлгомжтой байх. Энэ бол маш прогрессив хандлага юм. Квотгүй байсан эмэгтэйчүүд 20 хувь хүртэл квоттой болсон. Одоо 30 хувь, ирээдүйд 50 хувь руу зүтгэх нь зүйтэй. Өчигдөр С.Одонтуяа, Т.Доржханд нарын гишүүд эмэгтэйчүүдийн квотыг 40 болгох санал гаргаж санал хураалгасан ч олонхын дэмжлэг аваачгүй байна.
ТАВ, намын жагсаалтад эмэгтэйчүүдийн 30 хувийг дуустал эрэгтэй, эмэгтэй гэж дараалуулж бичнэ
Сонгуулийн хуульд намын жагсаалтад эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцааг 1:1 гэсэн байдлаар тусгах дээр ажлын хэсэг санал нэгдсэн байна. Ингэснээр намын жагсаалтад эмэгтэйчүүдийн эзлэх хувийнхаа дагуу эрэмбэлэгдэхдээ нэг эрэгтэй, нэг эмэгтэй нэр дэвшигч гэсэн байдлаар бичигдэнэ гэсэн үг. Ингэснээр дараагийн парламентад урд нь байгаагүй олон эмэгтэй гишүүд орж ирэх нөхцөл бүрдэх юм. Парламент бол нийгмийн бүлэг, сегмент, газар нутгийн төлөөллийг бүрэн хангах учиртай. Одоогийн харьцаагаар бол 17 хувийг нь л эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ бол тэгш оролцоо, тэгш төлөөлөл огтоос биш юм. Мөн эцэст нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлуудыг нэг тийш болгосноор Сонгуулийн хууль бэлэн болно.
Сануулахад эдгээр зүйл нь хуулийн ажлын хэсэг дээр яригдаж, санал нэгдсэн зүйлс бөгөөд ажлын хэсгийн саналуудыг холбогдох байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батална. Гэхдээ ажлын хэсэгт парламентад суудалтай намууд болон тэдний гол төлөөллүүд багтсан. Мөн ҮХӨ-ийн үеэр ерөнхий агуулгууд дээрээ намууд тохирч, ойлголцсон тул эдгээр санал, заалтууд нэг их хөдлөөд байхгүй л болов уу. Өнөөдрөөс байнгын хороодоор эдгээр асуудлууд хэлэлцэгдэж эхэлнэ. Олон нийт, хэвлэл мэдээллийнхэн яг энэ цаг үед сонгуулийн хуульд нэн сонор сэрэмжтэй, соргог хандах нь зүйтэй гэдгийг сануулах нь илүүдэхгүй буй за.
Г.Лхагвадорж