Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн институт ИХ ТЭНГЭР рүү нүүж, 2024 оноос Засгийн газар болон 126 гишүүнтэй парламент саарал ордонд үлдэх үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 34 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-д суудалтай гурван нам өнгөрсөн долоо хоногт гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлэх, тогтолцооны өөрчлөлтийг хийхдээ сонгуулийг 78/48 гэсэн харьцаагаар хийхээр тохирцгоосон. Араас нь энэ долоо хоногт Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулснаар үндсэндээ дараагийн парламентыг бүрдүүлэхэд улс төрийн намууд хэрхэн өрсөлдөх шинэ тоглоомын дүрэм бүрэн утгаараа бидний өмнө тодорхой болно гэсэн үг.

Тэгвэл одооноос саалиа бэлдэхээс өмнө саваа бэлтгэх шаардлагатай тулгарч эхэллээ. Гишүүд ч эхнээсээ бид хаана багтаж шингэх вэ гэх зэргээр асуулт хариулт болж сууна. Ирэх 2024 онд орж ирэх 126 гишүүдийн ажлын байр, хуралдааны танхим, туслах зөвлөх, нарийн бичгийн бүрэлдэхүүн гээд аж ахуйн асуудлуудыг цэгцлэх шаардлага УИХ-ын тамгын газарт тулж ирлээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын ажлын албаны хүмүүсийн заримыг нь өнгөрсөн сард хэл амны бай болсон Хууль зүйн үндэсний хүрээлэн рүү оруулахаар бэлтгэл ажлуудыг хангаж эхэлсэн сурагтай.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ХЗҮХ-г УИХ-ын харьяанд шилжүүлсэн бөгөөд тухайн үед УИХ-ын даргыг дэгийн хуулиа зөрчиж тогтоол гаргасан хэмээн УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр эсэргүүцэж, ҮХЦ-д хандахаа хүртэл илэрхийлж байсан юм. Тэгвэл одоогийн нөхцөл байдалтайгаа эвлэрцгээсэн үү гэлтэй асуудал дарагдаад буй.

Үүнээс гадна саяхан ҮАБЗ Их тэнгэр руу нүүж дуусч байгаа. Одоо араас нь Ерөнхийлөгчийн тамгын газар нүүхээр бэлтгэлээ базааж байгаа аж. Харин Ерөнхийлөгчөө нүүлгэж, дөрвөн давхарыг чөлөөлүүлж авсан УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн нэг хэсэгтээ л байрнаасаа хөдлөхгүй үлдэх бололтой.

Өөрөөр хэлбэл, ирээдүйд Ерөнхийлөгчийн институт шинэ байгуулагдах Хархорум хотыг түшиглэж, Ерөнхий сайд тэргүүтэй гүйцэтгэх засаглал Хөшигийн хөндийд байгуулагдах шинэ хот руу явж, саарал ордноо УИХ сахиж үлдэх зам руу орно гэж төлөвлөөд буй.

Өөр нэг чухал асуудал нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын хүрэлцээ, зохион байгуулалтыг хэрхэн шийдэх вэ гэдэг шийдэл юм.

Уг танхим нь одоо байгаа 76 гишүүн суугаад л дүүрчихдэг. Нэмж 50 гишүүний суудал гаргах шаардлагатай тул зохион байгуулалтад нэлээд өөрчлөлт орохоос өөр аргагүй. Тиймээс хуралдааныг өөр танхимд хийдэг болох, эсвэл одоо байгаа танхимын зохион байгуулалтын өөрчлөх гэсэн хоёр хувилбар яригдаж эхэлжээ.

Ямартай ч нэмж 50 ширхэг сандал ширээ хийлгэх болно. УИХ-ын чуулганы танхимын одоо байгаа 76 гишүүний суугаа улаан модон сандал ширээг 2003 онд БНАЛУ-ын парламентаас бэлэглэсэн бөгөөд гандаж өнгөө алддаггүй, урт настай эд гэгддэг. 2020 оны парламент бүрдэх үед СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин нэг удаа “Ажлын өрөөн дахь хуучны модон цонх. Уртхан иштэй модоор нээж хаана. Өвөл болохоор хүүхэд үеийнх шиг голд нь хөөсөнцөр, хөвөн хийж дулаалдаг, их дотно санагддаг.

Манай өрөөнд зочилсон иргэд сонгогчид ийм энгийн, жижигхэн өрөө байдаг юм уу гэж асуудаг. Төсөөлөл нь өөр байдаг бололтой. Өрөөний хаалга мөн л хуучны янзаараа. Түүх өгүүлсэн булан бүр үнэ цэнэтэй. Өрөөгөө гэрэлтэй болгох шинэ хөшиг, суух сандлаа өөрөө авч очсон. Монгол төрийн бодлого тасрахгүй үргэлжилж ирсэн ийм эгэл өрөөнд ажлаа хийдэг билээ” хэмээсэн түүх гишүүдэд давтагдах нигууртай.

Аж ахуйн асуудал шийдэгдлээ гэхэд араас нь УИХ-ын нэг гишүүний ажлын алба хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх тухай яригдах нь мэдээж. Саяхан ЗХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан гишүүдийн тоо нэмэгдсэн ч төсөв данхайж, зардал нэмэгдэхгүй. Мөн нэг өрөөнд хоёр УИХ-ын гишүүн суух боломжтой тухай ч мэдээлсэн.

Одоогоор нэг УИХ-ын гишүүний ажлын албанд 4-5 хүн ажиллаж байгаа бөгөөд үүнд 1 нарийн бичиг, 2 туслах, 2 зөвлөх багтаж байна. УИХ-ын 76 гишүүний хэмжээнд 380 хүн ажиллаж байгаа гэсэн үг. Дээрх хүмүүсийн цалин хөлс, урсгал зардалд жилд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Тэгвэл шинээр нэмэгдэх 50 гишүүний дор ажиллах хүмүүсийг гаднаас нэмж авахгүй бөгөөд одоо байгаа 380 хүнийг 126 гишүүнд хуваарилж ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэх болжээ.

Ямартай ч ирэх оны сонгуулийн дараа бүрдэх шинэ парламентын гишүүд сууриа олтлоо эхний жил нэлээд бужигнах шинжтэй аж.

Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийж эхэллээ
Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийж эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.