Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Нархажид: “Шөнө дундын бүжиг“ жүжгийн АНКА жүжигчин мэргэжлийн маань бахархлыг надад мэдрүүлэх байх

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
10 минут 47 секунд

СУИС-ийг жүжигчин мэргэжлээр 2021 онд төгссөнөөс хойш "Үнэр", "Хавтаст хэрэг", "No Rules" зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдээр өөрийн чадварлаг уран бүтээлч болохоо батлан харуулсаар буй залуу жүжигчин Н.Нархажидтай та бүхнийг уулзуулж байна. Түүний хувьд өнөөдөр нээлтээ хийж буй Орфей театрын "Шөнө дундын бүжиг" жүжгийн Анкагийн дүрээр үзэгчидтэй уулзах гэж буй билээ.

-Их сургуулиа төгссөнөөс хойш уран бүтээлийн олз омог ихтэй байх шиг байна?

-Тийм ээ. Миний хувьд цар тахлын үеийн төгсөгчдийн нэг л дээ. Тэр утгаараа жаахан харамсалтай санагддаг. Илүү их зүйлийг сурч мэдэж, өөрийгөө задлах ёстой цаг үе дээрээ төгссөн. Гэхдээ би азтай байсан. Сургуулиа төгссөнийхөө дараа Боловсрол суваг телевизийн "Хавтаст хэрэг" зэрэг хоёр, гурван ч олон ангит цувралд дүр бүтээсэн байна. Мөн Ю Фильм нэгдлийн "Ангарагаас ирсэн эмэгтэй" жүжигт тоглосон.

-"Ангарагаас ирсэн эмэгтэй" жүжиг нь гадаадын улс орнуудад тоглох шиг болсон. Хаана, хаана тоглосон бэ. Үзэгчид хэрхэн хүлээж авав?

-Австрали болон БНСУ руу очиж тоглосон. Үзэгчид үнэхээр халуун дотноор хүлээж авсан. Тэгж л анх тайзны бүтээлээр зеритлтэй харьцаж гарч үзсэн дээ. "Ангарагаас ирсэн эмэгтэй" жүжгийн хувьд өмнө тавигдаж байсан жүжиг л дээ. Миний ажилласан дүр дээр өмнө н.Идэрмаа эгч жүжиглэж байсан. Энэ утгаараа анхнаас нь зохиолтойгоо танилцаж, задалж, ширээний уншлага хийж, бэлтгэл сургуулилтдаа ороод явж байгаа нь "Шөнө дундын бүжиг" жүжиг байна. Алхам алхмаар ажиллаж байгаа учраас жүжигчний хувьд "Ангарагаас ирсэн эмэгтэй" жүжиг дээр ажилласан үеэс арай илүү их ажиллагаа орж байгаа.

-"Шөнө дундын бүжиг" жүжгийн бэлтгэлд орохын өмнөхөн ямар уран бүтээл дээр ажиллав?

-Саяхан Black zebra продакшны "Дээд айл" нэг ангит уран бүтээлд тоглолоо. Зураг авалт дуусаагүй байхад л жүжгийн бэлтгэлдээ орж эхэлсэн дээ.

-Анкагийн дүрээр үзэгчидтэйгээ уулзаж байна. Дүрийн санал хэрхэн ирэв?

-Анх над руу холбогдоод проб авмаар байна гэсэн. Би чинь кино зураг авалтын үеэр проб өгсөн. Дараагаар нь над руу холбогдоод Шөнө дундын бүжиг жүжгийн Анкагийн дүр дээр гэхэд үнэхээр гайхсан. "Шөнө дундын бүжиг" жүжгийн өмнө тавилтуудыг би үзэж байгаагүй. Учир нь бид нар бага байхад л энэ жүжгийг тавьж байсан шүү дээ. Яг одоо л манай үеийнхэн "Шөнө дундын бүжиг" жүжигтэй танилцаж эхлэх байх гэж бодож байна. Анкагийн дүрээ авч зохиолоо уншихад үнэхээр галзуу хүүхэн санагдсан.

-Өөрөөс тань зан чанарын хувьд нэлээн хол санагдсан уу?

-Тийм ээ. Нэлээн хол. Би чинь нэлээн дуугүй, дотогшоогоо хүн байхгүй юу. Баярлаж, гунигласан ямар ч цаг үед дотроо л сэтгэл хөдлөлөө гаргачихдаг. Анка бол сэтгэл хөдлөлөө гадагшаа гаргаж чаддаг нэгэн байсан. Хүн бүртэй харьцаж, адтай сэргэлэн бүсгүйн дүр байсан.

-Анкагийн дүр надаас хэдэн мянга дахин хүчин чармайлт шаардаж байгаа-

-Өмнө хэлсэнчлэн манай үеийнхэн одоо л "Шөнө дундын бүжиг" жүжигтэй танилцах гэж байна. Өөрт тань жүжгийн зохиол ямархуу сэтгэгдэл төрүүлж байна?

-С.Жаргалсайханы "Шөнө дундын бүжиг" жүжиг гэхлээр маш их сонсож чихэнд дассан, бүр дуу нь хүртэл хоногшчихсон мэт санагддаг шүү дээ. Дууг нь сонсоход хүртэл бүтэн жүжиг үзчихсэн юм шиг санагддаг шүү дээ. Цаанаасаа сэтгэл хөдөлгөөд байдаг гэх юм уу. Увдистай сонгодог зохиолууд л ийм байдаг шүү дээ. Би "Шөнө дундын бүжиг" жүжгийг Монголын сонгодог зохиол гэж хардаг.

-Өмнө өөрийн танд дүр дээр ажиллаж байсан жүжигчдийн тавилтуудаас сонирхож судлав уу. Бас анх энэ дүр дээр ажиллана гэдгээ сонсоод хэр айдастай "дайрч" орсон бэ?

-Мэдээж хэрэг маш том айдас байгаа. Намайг дөнгөж төрж байх үед л тавигдаж байсан жүжиг байгаа байхгүй юу. Одоо шинэчилж тавигдаж буй "Шөнө дундын бүжиг" жүжигт тоглох болсондоо туйлын баяртай байгаа. Миний хувьд маш нэр төрийн хэрэг. М.Батболд найруулагч маань яагаад намайг сонгосон юм бол гэж бодож ч үзсэн. Тэр бол найруулагчийн л харсан нэг өнцөг байсан болов уу. Найруулагч нэг зүйлийг харсан болохоор л надаас түүнийг хүсэж байгаа байх. Надаас хэдэн мянга дахин хүчин чармайлт шаардаж байгаа. Өмнөх жүжигчдийг харахад манай СУИС-ийн багш Оюундарь багш маань ажиллаж байсан дүр юм билээ. Тэгээд л багшийгаа бодож, сүсэглээд л явж байна даа. Чадах болов уу гэж шаналж л байна.

-Жүжигчнээр төгссөнөөс хойш мэргэжлийн маань бахархлыг надад мэдрүүлэх цаг үе "Шөнө дундын бүжиг" жүжгээр эхэлж байна гэж харж байгаа-

-Дүр дээрээ хэрхэн ажиллаж байна?

-Би өөрийнхөө хэмжээнд ажиллаж л байна. Дотроо бодсоноо гаргах гэж хичээж байгаа хэдий ч жаахан балчирдаж байна. Гэхдээ намайг жаахан гэж бүү бас гэдэг биз дээ /инээв/

-Анкагийн дүр өөрт тань маш том сорилт болж байгаа байх нь?

-Өмнөх дүрүүд маань өөртэй маань ижил төстэй тал ихтэй дүрүүд байсан. Харин Анкагийн дүрээр үзэгчид Н.Нархажид гэх жүжигчин ийм дүрийг ч гаргаж чаддаг юм байна гэж бодоосой гэж хүсэж байгаа. Одоо л жинхэнэ шүүмжлэлүүд ирэх байх гэж бодож байна. Жүжигчнээр төгссөнөөс хойш яг мэргэжлийн маань бахархлыг надад мэдрүүлэх цаг үе "Шөнө дундын бүжиг" жүжгээр эхэлж байна гэж харж байгаа.

-"Шөнө дундын бүжиг"-т дуу, бүжиг хослох нь тодорхой. Өөрийг тань бүжигчин гэж сонссон. Мэргэжлийн бүжигчин байх нь эргээд жүжигчнээрээ ажиллахад хүртэл давуу тал болж өгч байгаа байх?

-Хөгжим бүжгийн сургуулийг дүүргэсэндээ би үнэхээр баярлаж явдаг. Юм бүхэнд миний давуу тал болж өгдөг. Бүжиг бол үнэхээр гоё зүйл. Хүнд бие махбод, гоо зүйн, сэтгэлийн таашаал өгдөг урлаг шүү дээ.

-Зарим үед жүжигчнээрээ ажиллахаа больё гэх бодол төрдөг ч тэр бодол удаан үргэлжилдэггүй-

-Нэлээн шахуу хуваарьтай ажиллаж байгаа юм байна. Олон ч залуус ажлын талбар дээр гараад мэргэжлийнхээ хүнд хэцүүгээс мэдрээд ирэхээр шантрах, холдох гээд байдаг тал бий шүү дээ. Өөрийн тань хувьд мэргэжилдээ үнэнч ажиллаад явахад нөлөөлж байгаа, татаж байгаа зүйл нь юу байна?

-Нойр хоол, хөлс хүчээ шавхаж, хэдэн мянга дахин хичээсний эцэст тухайн уран бүтээл үзэгчдэд хүрдэг. Одоо л больё гэж шантрах үе хүртэл таарна. Ингэж бодсон хэрнээ ажиллахгүй байж чаддаггүй юм билээ. Долоо хоногийн дараа л гэхэд тэс өөр бодол ороод ирдэг юм билээ. Тэгэхээр мэргэжилдээ дурласан хүний л зан чанар энэ юм болов уу гэж боддог. Ийм байгаа тулдаа мэргэжилдээ үнэнч байж олон жил ажилладаг юм болов уу гэж бодож байгаа.

-Хэрэв боломж нь байвал түлхүү тайзны уран бүтээлд ажиллах хүсэлтэй байна-

-СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн хүн бүрийн хүсэж "шунадаг" газар нь УДЭТ-ын тайз байдаг байх. Таны хувьд тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулахаар шийдсэн үү. Аль эсвэл хэзээ нэг үед УДЭТ-д орж ажиллана гэж бодож байна уу?

-Би анх СУИС-д орохдоо л УДЭТ-д орно гэж боддог байсан. Тиймээс тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулаад явна гэж бодож байгаа. Хэрэв боломж нь байвал түлхүү тайзны уран бүтээлд ажиллах хүсэлтэй байна.

-Тайзан дээр гарахын давуу талыг нь юу гэж хардаг юм бэ?

-Кино уран бүтээлийн явцад нэг хэсэг бужигнаж байгаад л түүний ард гардаг. Театрын жүжигчин болвол өдөр болгон жүжигчний форумтай болж, жүжигчний ажиллагаатай байна. Ядаж л тэнд жүжиглэж байгаа хүмүүсийг харна шүү дээ. Тэг талаараа өдөр бүр хичээллээд байгаа ч юм шиг.

-Ойрын хугацаанд шинэ уран бүтээлд тоглох уу. Киноны санал хэр их ирж байна даа?

-Удахгүй Хавтаст хэрэг киноны маань дараагийн ээлжийн зураг авалт эхлэх гэж байгаа. Мөн өөр шинэ олон ангит киноны зураг авалтад орж эхэлсэн байна.

-Ярилцсанд баярлалаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.