Монгол Улс Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос хойш тэмдэглэж байна. Тухайлбал, 1991 оны 01 дүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлаас баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн “Нийтээр амрах баярын өдөр” гэсэн 32 дугаар зүйлийн 3-т “Эх үрсийн өдөр 06 дугаар сарын 01” гэж хуульчилснаар 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 оноос “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэн, энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрүүлж байгаа билээ.
Хүүхдийн эрхийн тухай конвенцод зааснаар 18 насанд хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэж тунхагласан нь Монгол Улсын хууль тогтоомжид тусгалаа олж, Хүүхэд хамгааллын тухай хуульд 18-аас дээш 21 нас хүртэл хүнд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж болох эрх зүйн зохицуулалт орсон нь хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт илүү дээшилж байгааг илтгэж байна.
Эрх зүйн зохицуулалт сайжирч байгаа ч Монгол Улсын тухайд 3 хүн тутмын 1 болсон хүүхдүүд маань гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох тохиолдол төдийлөн буурахгүй байсаар байна.
Ийм учраас Цагдаагийн байгууллагаас хүүхэд, багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудын нэг нь Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд бүрийг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ялангуяа тусгай хэрэгцээт хүүхдэд бусадтай тэгш оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Ахиллис Монголиа” ТББ-тай хамтран “БАГАЧУУДЫН ХӨГЖИЛТЭЙ ГҮЙЛТ” тэмцээнийг өнгөрсөн 7 хоногт зохион байгуулж, шаардлагатай хүүхдэд цагдаагийн байгууллагын алба хаагчдаас хөтчөөр дэмжлэг үзүүлж, хамтран зохион байгуулсан нь цар хүрээгээ тэлж 700 гаруй хүүхэд, оролцсон онцлог үйл явдал болсон.
“ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” өдөрлөг нь хүүхэд, багачууддаа “Ногоон гэрэл-цагаан шугам” уралдааны шилдэг хүүхдүүдийн үзүүлбэр, олон төрлийн уралдаан, тэмцээн, тусгайлан үзүүлбэр, тоглолтуудыг өөрсдийн нөөц боломжийг ашиглан зохион байгуулахаас гадна тэдэнд эрх зүйн мэдлэг, ойлголт, хандлага нэмэгдүүлэх мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, мөн ирээдүйд Цагдаагийн байгууллагад орж ажиллах сонирхолтой хүүхэд, багачуудад мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа нь бусад өдөрлөг, арга хэмжээнээс онцлогтой юм.
Мөн энэхүү өдөрлөгт тусгай хэрэгцээт хүүхдүүд тэмцээн, уралдаанд оролцох боломжийг бүрдүүлж, тэдэнд дэмжлэг үзүүлж, зайлшгүй шаардлагатай хүүхдэд хөтөч цагдаа нар тусалж, дэмжлэг үзүүлж байгаа нь өмнөх жилүүдээс онцлогтой.
Цагдаагийн байгууллагаас энэхүү өдөрлөгийн нэрийг “Хүүхэд таныг хамгаалъя” гэж нэрлэсэн нь энэ өдөр бол Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр юм шүү гэдгийг иргэд, олон нийтдээ уриалах гэсэн утга агуулгатай юм. Хүүхдэд ганцхан чихэр биш хамгаалал хэрэгтэй, хайр халамж хэрэгтэй шүү гэдгийг эцэг эх, асран хамгаалагч нартаа хэлмээр байна.
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье!
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР