Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг шуурхай боловсруулж, 14 хоногийн дотор ЗГ-ь танилцуулахыг үүрэгдэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 0 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даваа гараг бүрийн ээлжит “Өглөөний уулзалт” болов. Уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцлоо.

Засгийн газрын бодлогын цөм хэсэг нь хүний хөгжил рүү чиглэж байгаа бөгөөд үүнд эмч, багш нарын үүрэг оролцоо чухал. Тиймээс ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цахим шилжилт, Боловсролын багц хуулийн төслийн талаар багш нартай Ерөнхий сайд илэн далангүй ярилцаж, санал солилцов. Боловсролын гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалыг чанаржуулах, залуу багш нарыг бодлогоор дэмжих, түрээсийн болон ипотекийн орон сууцанд хамруулах боломж бүрдүүлэх, багш бэлтгэх тогтолцоонд анхаарах, сурах бичгийн агуулга, уялдаа холбоог сайжруулах, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг багш нар хэлж байв.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оноос үнэлгээний шинэ журмаар сурагч, багш, сургууль нэг бүрийг үнэлж эхэлсэн. Ингэхдээ нийт багш нарыг ур чадвараар нь зургаан индекст хувааж 1-4 дүгээр түвшинд үнэлэгдсэн багш нар буюу 43 хувь нь 10-25 хувийн урамшуулал авч, 5-6 дугаар түвшинд эрэмбэлэгдсэн багш нар ур чадвараа ахиулах модуль сургалтад хамрагддаг болжээ. Уг үнэлгээнд үндэслээд цэцэрлэгийн багш нарын 42, ЕБС-ийн багш нарын 45 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдсан. 2023 оны дөрөв, тавдугаар сард цэцэрлэг, сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Үнэлгээг чанаржуулах, багш бэлтгэх, нэр хүндийг нь өсгөх, орон нутгийн багш нарын таван жил тутамд авдаг урамшууллыг эргэж харах бодит шаардлага үүссэнийг Ерөнхий сайд салбарын яам, агентлагийн удирдлагуудад анхааруулав.

Багш нарын санал, хүсэлтэд дурдагдсан оюутан-багш бэлтгэх, цалингийн нэмэгдлийг шийдвэрлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах, түрээсийн орон сууцанд багш нарыг хамруулах, боловсрол олгох ялгавартай байдлыг арилгах, залуу багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргийг цогцоор нь тусгасан багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг шуурхай боловсруулж, 14 хоногийн дотор Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Жүжигчин Цогтоо буюу У.Цогтбаярыг эхнэрээ хэл амаар доромжилсон, танхайрсан хэргээр шалгаж байна
Жүжигчин Цогтоо буюу У.Цогтбаярыг эхнэрээ хэл амаар доромжилсон, танхайрсан хэргээр шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.