Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд 25 тусгай сангийн мэдээлэл ил болох ёстойгоор одоогоор зургаан сангийн мэдээлэл нээлттэй болоод буй билээ. Тэгвэл тус ажиллагааг ахалж ажиллаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Засгийн газрын тусгай сангуудыг шилэн болгох Ерөнхий сайдын албан даалгаврын хугацаа 6-р сарын 1-нд дуусна.
Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд шилэн ажиллагаа 3-р сарын 27-нд эхлэж www.shilen.gov.mn систем ажиллаж эхэлсэнээс хойш нийт 1,472,558 удаагийн хандалт, 57,123 мөр өгөгдлийг мэдээллийн санд оруулаад байна.
Шилэн ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор
Ерөнхий сайдын гаргасан хугацаатай албан даалгаврын хүрээнд нийт 25 тусгай сангийн мэдээллийг ил болгох үүрэгтэй. Shilen.gov.mn-д одоогоор Засгийн газрын ХАА сан, ЖДҮ сан, Соёл урлагийн сан, Улсын авто замын, Нийгмийн халамжийн сан, Хүүхдийн төлөө сан гэсэн 6 сан нээлттэй байршаад байна.
Мэдээлэл огт ирүүлээгүй 10 сан байна. 6-р сарын 1-нд албан даалгаврын хугацаа дуусна. Шилэн ажиллагааны тайланг 5-р сарын 31-нд Ерөнхий сайдад танилцуулна. Мэдээлэл ирүүлээгүй тусгай сангуудын захирлууд болон холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал ч яригдана.
Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд байгуулагдсан “Шилэн штаб” маргааш хөдөлмөр эрхлэлтийн сан болон нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ил болгохоор ажиллаж байна" гэлээ.