УИХ-ын сонгуулийн 10 тойрог, Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон С.Чинзориг , Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нарыг сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг шүүхээс тогтоолоо гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж, өнөөдөр хэсэг иргэд тэднийг эргүүлэн татах ёстой хэмээн жагсаал зохион байгуулсан билээ.
Тэгвэл уг асуудал Өвөрхангай аймгаас сонгогдсон гурван гишүүнд хамааралгүй харин тус аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнтогтохтой хамааралтай байжээ. Тодруулбал,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнтогтох нь 2020.06.02-ны өдөр Бат-Өлзий суманд нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дэлгэрийн Цэрэнтогтохын зөрчлийг 2020.06.19-ний өдөр хүлээн авч 2020.06.25-ны өдөр шийдвэрлэжээ. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2 /нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн/ зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна.
А.Содномдаржаа