СЕХ-ноос хяналтын тооллогын дүнг танилцууллаа.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн: Сонгуулийн санал хураалтын дүнг зарим нам эвсэл, бие даан нэр дэвшигч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Ерөнхийлөгчид мэдэгдсэн. Ерөнхийлөгч сонгуулийн дүнд хяналтын тооллого явуулах албан бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн. Үүний дагуу энэ сарын 27-ны өдрийн 17 цагаас эхлэн 28-ны өдрийн 00 цаг хүртэл хяналтын тооллогыг хийлээ.
Гомдол гаргасан тойрог буюу нийслэлийн 6 дүүрэг түүнчлэн бусад тойрог буюу Өвөрхангай аймгийн 10- тойрог, Дорнод аймгийн 7-р тойрог, Өмнөговь аймгийн 11-р тойрог, Дархан-Уул аймгийн 19-р тойрог гээд нийт 12 тойргийн 164 хэсэгт хяналтын тооллогыг хийлээ.
Үүнд 2447 албан хаагч, нам эвсэл, нэр дэвшигчдийн 645 ажиглагч нар оролцсон.
12 тойргийн 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох машинтай бүрэн тохирч ямар нэгэн зөрчил гарсангүй гэх мэдээ, тайланг хяналтын тооллого хийсэн хэсгүүдээс авлаа.
Нам эвсэл, нэр дэвшигчдийн 645 ажиглагчид хяналтын тооллогод хийсэн дүнг зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн Хяналтын тооллого явуулахад нийт 71.3 сая төгрөгийн зардал гарсан" гэв.