Өнөөдрөөс эхлэн Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ыг хэсэгчлэн хаахаар болжээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
Уг ажил 2020 оны зургадугаар сарын 28-наас долоодугаар сарын 10-ны хооронд үргэлжлэх юм. Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсэг буюу “Ажилчны гудамжны уулзвараас Хөсөг трейд хүртэл 385 у/м авто зам”-ын зорчих хэсгийн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн туслах гудамж замуудыг сонгон хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Гүйцэтгэгчээр Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ ажиллаж байна.
- Ажилчны гудамжны уулзвараас Хөсөг трэйд хүртэл 06.28-07.10-ны өдрүүдэд;
- Хөсөг трейдээс Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвар хүртэл 07.16-07.28-ны өдрүүдэд;
- Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвараас Говь 2 -ын баруун урд уулзвар хүртэл 07.29-08.07-ны өдрүүдэд;
- Говь 2 -ын баруун урд уулзвараас Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далан хүртэл 08.08-08.23-ны өдрүүдэд;
- Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далангаас Шунхлай ШТС хүртэл 08.24-09.08 өдрүүдэд зам хааж, засварын ажлыг зохион байгуулна.