“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 19 дэхь өдрөө үргэлжилж байна. Өчигдрөөс хэргийн нотлох баримтуудыг шинжлэн судалж эхэлсэн билээ. Өнөөдөр шүүгдэгч Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр Мон Роуд компаниуд давуу байдал бий болгосон гэх хэргийн нотлох баримтыг товчоор шинжлэн судалсан юм.
Уг хэрэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах мэдүүлгийг өгчээ.
-Монгол Улсын Ерөнхий сайдаар ямар хугацаанд ажиллаж байсан бэ?
-2012 оны наймдугаар сарын 9-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 5 хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Засгийн газрын тогтоол албажин гарах явцад хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг тухайн асуудлыг хуралдаанд оруулж ирсэн салбарын сайд өөрчлөх боломжгүй. Засгийн газрын тогтоолыг зүйл тус бүрээр нь авч үздэг. Эцэслэж Ерөнхий сайд дээр авч ирдэг хүн нь ЗГХЭГ-ын дарга байдаг. Засгийн газрын гишүүн дангаараа өөрчлөх эрх байдаггүй. Салбарын сайд асуудлыг ганцаараа шийдвэрлэхээр бол өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэдэг. Дээрх Халзанбүргэдэй Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын ажил нь он дамжин баригдах жагсаалтаас шинээр баригдах замын жагсаалтад оруулсан нь зарчмын шинэчлэлийн өөрчлөлт юм" гэж мэдүүлжээ.