Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд өчигдөр 15 настай охин байрны дээврээс унаж амиа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас "15 настай охин байрны дээврээс унаж амиа алдсан хэргийг шалгаж байгаа" хэмээсэн. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар охин хүчирхийлэлд өртсөн гэх хэргээр шалгагдаж байсан бөгөөд хэргийн холбогдогч нь тус аймгийн цэргийн ангид ажилладаг 24 настай залуу байсан. Охин шалгагдаж байх хугацаандаа сэтгэл санааны хямралд орж ийнхүү амиа хорлосон байж болзошгүй гэсэн юм.
Тэгвэл бид талийгаач охины үеэл эгчээс зарим зүйлийг тодрууллаа.
-Юун түрүүнд танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Дүүг тань амиа хорлосон гэх мэдээллүүд цацагдаж эхэллээ. Хэргийн талаар бодит мэдээлэл өгөхгүй юу?
-Дүү бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Надтай байнга холбоотой байдаг. Хамгийн сүүлд, би дүүтэйгээ өчигдөр өдөр утсаар холбогдоход хичээл дээрээ байна. Гадаа бороо ороод гоё байна. Дүү нь зургаадугаар сарын 1-нд танайд очно гэж хэлж байсан. Гэтэл орой нь аав нь над руу залгаад "Дүү чинь нас барчихлаа" гэж хэлсэн.
-Охин тантай их дотно байсан байна. Цагдаагийн байгууллагад хүчирхийлэлд өртсөн хэргээр шалгагдаж байснаа танд хэлж байсан уу. Энэ талаар талийгаач охин юу гэж ярьдаг байсан бэ?
-Надад тийм зүйл огт ярьж байгаагүй. Саяхан дүүгээ нас барсны дараа ээжээс нь энэ талаарх мэдээллийг сонсоод гайхсан. Ээж нь ажлаар хол явсан байсан учраас өнөөдрөөс ах дүү нараараа бүгд цуглаж байна.
-Холбогдох байгууллагуудаас охиныг амиа хорлосон эсвэл санамсаргүй осол байсан эсэх талаар мэдээлсэн зүйл бий юу?
-Дүүг маань байрны дээврээс унаж нас барсан гэх мэдээллийг саяхнаас л авч байна. Цагдаагийн байгууллагаас бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Гадны нөлөөтэй эсэхийг шинжилж үзсэний дараа мэдэгдэнэ гэсэн. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна. Би хувьдаа дүүгээ амиа хорлосон гэж бодохгүй байгаа" гэлээ.