Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой өнгөрсөн жил тохиосон билээ. Тус ойн хүрээнд Богд хааны ордон музейн орчим хөшөө дурсгалын цогцолбор байгуулах зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж байсны дагуу тус музейн дэргэдэх 1.4 га талбайд Монголын байгалийн чулуугаар зам харгуй тавьж, 13 хөшөө баримал, хуш, нарс мод тарьсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн өвөл эхлүүлсэн.
Мөн VIII Богд Жавзандамбын 4.3 метр, Богдын Лүндэн хэмээх 3.15 метр хүрэл хөшөөг босгосон бөгөөд “Шонхор, Мөнх тэнгэрийн хүчин дор” нэртэй есөн баримлыг суурилуулж эхэлсэн байна.
Хөшөө баримлын утга санаа, илэрхийллийн тухайд Хүннүгийн үеийн олдвор нар, сар зэргээс санаа авч хийж байгаа бөгөөд түүхийн тухай хүүрнэх тотемууд гэж хэлж болох ажээ. Богд Чингис хаан язгуурын төр улсыг сэргээн мандуулсан, Бага хаадын задралын үеэр Хүннүгийн төрийг сэргээн мандуулсан зэрэг утгыг бэлгэдэж хөшөө баримлуудыг бүтээсэн байна. “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримлын эх загварыг урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг урлажээ. Эдгээр баримлуудыг урлаж бүрэн дууссан бөгөөд одоо цогцолборын талбайн тохижилт, зүлэгжүүлэлт дээр ажиллаж байгаа юм байна.
Сэнзо констракшин ХХК-ийн талбай хариуцсан инженер Д.Дашням “Өнгөрсөн долоо хоногт 13 хөшөө баримал болон өөр жижиг баримлууд ирсэн. Ногоон байгууламжийн хувьд 220 нарс суулгачихсан, 40 нарс суулгах дутуу байна. Мөн усжуулалтын ажил, зам талбайн ус зайлуулах систем зэрэг ажилууд дээр одоо ажиллаад явж байна. Талбайн зам болон замын хашлага нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монголд боловсруулж буй байгалийн боржин чулуугаар хийгдэж байгаагаараа онцлог байгаа. Цогцолборыг долдугаар сарын 9-ний өдөр нээх төлөвлөгөөтэй, маш шахуу хуваариар хичээнгүйлэн ажиллаж байна” гэлээ.
Б.Жаргалмаа