Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛБАНК: Эдийн засгийн нөхцөлийг харгалзан үзэж бодлогын хүүг ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Огноо
Унших
2 минут 57 секунд


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит хурлаа зохион байгуулж, бодлогын хүүг хэвээр хадгалах, банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах арга хэмжээний тухай шийдвэр гаргав. 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хурлаар:

 1) Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд бодлогын хүүг хэвээр хадгалах,

 2) Банкны системийн тогтвортой байдлыг хангах үүднээс банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй гадаад валютын харилцахын эзлэх хувиар банкинд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох шийдвэрийг тус тус гаргалаа.

Олон улсын санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д үндэслэн Монголбанкнаас эдийн засгийг дэмжих санхүүжилтийн болон бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Жилийн инфляц 2020 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 3.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 3.5 хувьтай гарав. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч, эрэлтийн шалтгаантай инфляц өсөхөөргүй, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл үүсэхгүй тохиолдолд инфляц зорилтот түвшнээс бага байхаар хүлээгдэж байна.

КОВИД-19 халдвартай  холбоотой гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш авч хэрэгжүүлсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогын багц арга хэмжээ нь эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлж байна. Гэхдээ гадаад эрэлт болон эрдэс бүтээгдэхүүний үнэ буурч, КОВИД-19 вирусийн тархалтаас сэргийлэх хязгаарлалтын арга хэмжээ үргэлжилж, дотоод эрэлт эхний хагас жилд агшлаа. Энэ онд эдийн засгийн өсөлт саарч, инфляц нам түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа боловч, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэртэй байдлыг хангах шаардлага нь мөнгөний бодлогын төлөвийг цаашид зөөлрүүлэх боломжийг хязгаарлаж байна. Гадаад худалдааны маргаан үргэлжлэх, гадаад эрэлт, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах зэрэг нь тодорхой бус байдал, эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Эх сурвалж: Монголбанк

Нийтийн албанд томилогдох 139 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
Нийтийн албанд томилогдох 139 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
 
Улсын дугаараа нууж нэгдүгээр эгнээгээр зорчсон  21 настай жолоочийг шалгаж, машиныг нь журамлажээ
Улсын дугаараа нууж нэгдүгээр эгнээгээр зорчсон 21 настай жолоочийг шалгаж, машиныг нь журамлажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.