"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт холбогдон шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн Баасан гаригт /2023.05.05/ батлан даалтаар сулласан байна. Тодруулбал, түүний цагдан хоригдох хугацаа дууссан тул прокурорын зүгээс үргэлжлүүлж, цагдан хорих санал гаргасныг шүүх хүлээж авалгүй сулласан байна. Ингэхдээ түүнд хилийн хориг тогтоож шийдвэрлэсэн байна.
Харин Б.Ганхуягийг сулласан шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, гомдол гаргажээ. Гомдлыг өнөөдөр 13.30 цагаас хэлэлцэхээр болсон байна.
Эргэн сануулахад, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4, 22.10 дугаар зүйл ангиар шалгаж буй билээ.