Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
"Өнөөдөр СЕХ сонгуулийн дүнг олон нийт, Ерөнхийлөгчид өргөн барьж, танилцуулах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. 6 дугаар сарын 18-нд Да.Ганболд тэргүүтэй нэр дэвшигчдийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон. Зургадугаар сарын 15-ны өдөр Да.Ганболд сонгуулийн ажлаар орон нутагт явж байсан. Тэр өдөр шүүхээс Да.Ганболдын өмгөөлөгчид нэр дэвшигчийг дуудах хэрэггүй гэж хэлсэн. Тэгснээ 15-ны өдөр 10 тэрбум төгрөгийн барьцаа нэхсэн. Ингээд 18-ны өдөр шууд цагдан хорьсон. Энэ мэтчилэн зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсныг та бүхэн мэдэж байгаа.
Шүүхээс МУҮХ-ийг маш ноцтой зөрчиж байна. Сонгуулийн үеийн бүх харилцааг сонгуулийн хуулиар зохицуулдаг. Тиймээс нэр дэвшигчдийг цагдан хорих бол СЕХ-ноос зөвшөөрөл авах ёстой. Сонгуулийн үеэр сонгуулийн хууль зөрчсөн бол тэр сонгууль хүчингүй болох ёстой. Энэ асуудлыг УИХ-аар заавал хэлэлцэх ёстой.Холбогдох шүүгчдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй" гэв.
Харин сонгуулийн дүн, АН ялагдсан талаар "С.Эрдэнэ дарга ялагдсан шалтгаанаа хэлж үүрэгт ажлаа өгсөн. Өчигдөр болсон үйл явдлын тухайд манай намын залуучууд намаа шинэчилж, намаа цааш авч явах эрмэлзэлтэй байгааг хараад баярласан" гэсэн юм.