Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хорих ангиас нэр дэвшсэн 6 нэр дэвшигчээс Ж.Эрдэнэбат ганцаараа ялалт байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 4 секунд

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өчигдөр /6.24/ болж өнгөрлөө. Сонгууль хэдий болдгоороо болоод дууссан ч сонгуультай холбоотой дуулиан шуугиан өнөөдөр ч тасарсангүй. Энэ удаагийн сонгуулиар хөл хориотой холбоотойгоор эх орондоо ирж чадаагүй зарим гишүүн гадаадаас сурталчилгаагаа явуулж, зарим нь бүр хорих ангиас сонгуульд оролцсон нь олны анхаарлыг татаад байв. Тэгвэл сүүлийн буюу хорих ангиас сонгуульд оролцсон дуулиан шуугианы эзэд бол  Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Д.Ганболд, Б.Бямбасайхан, Х.Бат-Ялалт гэх 6 гишүүн юм. Тэдний дундаас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат 22,620 хүний саналаар тэргүүлж, тойргоосоо сонгогдсон нь "шоронгоос нэр дэвшигчдээс" сонгуульд ялалт байгуулсан ганц тохиолдол болоод байна.

Тэгвэл бусад гишүүд нь ямар үндэслэлээр хоригдсон бэ?

Нэр дэвших эрхээ авч, сонгуулийн сурталчилгаа эхлүүлэхтэй зэрэгцэн дээрх нэр бүхий 6 гишүүнийг ээлж дараалан шүүхэд дуудаж, барьцаа нэхэн, цагдан хорьсон билээ. Тэднийг хорих болсон шалтгаан нь:

-Н.Номтойбаярын хувьд-

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Н.Номтойбаяр нь:

1. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн шийдвэр гаргасан

2. Талийгаач Г.Батхүү агсны нас барсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар татсан гэх үндэслэлээр цагдан хориод байгаа юм.

Түүний шүүх хурал зургадугаар сарын 11-ний өдөр болсон боловч шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг 17-ны өдөр хүртэл хойшлуулсан билээ. Гэвч зургадугаар сарын 14-ний өдрийн шүүх хурал эхэлсэн даруйдаа сонгуулийн дараа буюу зургаадугаар сарын 26-ныг хүртэл дахин хойшлогдсон юм.

-С.Баярцогт,  Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын хувьд-

АН-аас нэр дэвшсэн С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт Нийслэлийн прокурорын газраас  

Эрүүгийн хууль /2002 он/-ийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 буюу “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн”, 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 буюу “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй”  гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх энэ сарын 22-ны өдөр хуралдаж, ирэх долдугаар сарын 6-ны өдөр нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулан дахин хуралдахаар товлогдсон юм.

-Х.Бат-Ялалтын хувьд-

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Х.Бат-Ялалт нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүн асан, АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон тул түүнийг,

Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцсон юм.

Уг үндэслэлээр шүүх түүнээс барьцаа шаардахад товлосон хугацаанд өгөөгүй тул Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэрийг зургаадугаар сарын 17-ны өдөр гаргасан байна. Түүний гэм буруугийн шүүх хурал ирэх сарын 3-нд болохоор товлогдсон байна.

 -Ж.Эрдэнэбатын хувьд-

Сэлэнгэ аймгаас нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат 22,620 хүний саналаар тойрогтоо нэгээр гарч ирсэн юм. Ингэснээр тэр хорих ангиас нэр дэвшигчдийн дундаас УИХ-д сонгогдсон ганц гишүүн болоод байгаа юм. Ж.Эрдэнэбатын хувьд цагдан хоригдох болсон шалтгаан нь,

 Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн компанид нэг сая төгрөгөөр худалдан аваад түүнийгээ цааш зарсан гэх хэрэгт холбогдсон. 

Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 22-ны өдөр болсон ч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломж олгож хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу ирэх долдугаар сарын 2-ны өдрийн 11 цагт болохоор товлогджээ.
Ковид-19 халдварын тандалт, судалгааны тойм
Ковид-19 халдварын тандалт, судалгааны тойм
 
Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд гэрээ байгуулсан 885 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлээд байна
Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд гэрээ байгуулсан 885 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлээд байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц