Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГОМДЛЫН МӨРӨӨР: “28 дугаар сургуулийн барилгын ажил удааширч, улсаас МҮИС-д сарын 35 сая төгрөгийн түрээс төлж хүүхдүүдийг нь суулгаж байна“ гэв

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 21 секунд

Манай редакцид БГД-т байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын эцэг, эхчүүд хандсан юм. Учир нь тус сургуулийн хуучин байрыг нурааж 960 хүүхэд хичээллэх боломжтой хичээлийн шинэ байр бариулахаар БШУЯ-наас тендер зарлаж “Содон номин констракшн” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд барилга ашиглалтад ороогүй, ажил удаашралтай байгаад бухимдалтай байгаа нь энэ аж.

-ЭЦЭГ, ЭХЧҮҮД: Хүүхдүүд маань сургуульгүй хүмүүс шиг анги, танхим царайчилж явсаар сүүлдээ сурлагад нь нөлөөлж байна-

Барилгын ажил удаашралтай байгаа асуудалд наймдугаар ангийн сурагчдын эцэг, эхчүүдийн төлөөллөөс дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр ярихдаа “Сургуулийн байрыг барьж эхлээд хоёр жил гаруйн нүүрийг үзэж байна. Гэтэл шинэ байр нь хэзээ ашиглалтад орох нь ч мэдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Анги танхимгүй болсон хүүхдүүдийг маань МҮИС, 47 дугаар сургуулиудад тараан хичээллүүлж байгаа. Сургууль нь гэрээсээ холдсон учраас хүүхдүүд маань хичээлд явах замдаа дээрэлхэлтэд өртөх цаашлаад МҮИС-ийн оюутнуудтай нэг газар хичээллэж байна. Энэ байдлаас шалтгаалан сурлагад ч нөлөөлж, хичээлдээ муудаж эхэллээ” гэлээ.

-Хүүхдүүдийн сургалтын асуудлыг шийдэлгүйгээр ийнхүү хохироож байгааг гайхаж байна-

Өөр нэгэн эцэг, эхийн төлөөлөл “Үйл тамаа цайж байна. Хэдэн хүүхдүүд маань ч хүнд байдалд суралцаж байна шүү дээ. Сургууль шинэчилж барих гэж байгааг бид эсэргүүцээгүй. Хамгийн гол нь хүүхдүүдийн сургалтын асуудлыг шийдэлгүйгээр ингэж хохироож байгааг гайхаж байна. Сургууль хэзээ ашиглалтад орох вэ гэдэг хамгийн чухал. Хамгийн гол нь ийм асуудлаас болж хүүхэд хохирч болохгүй” хэмээн ярив.

-"60 гаруй жил болж буй хуучны барилга тул шинэчилж барихаас өөр аргагүй байсан"-

Мөн өөр нэг иргэн ярихдаа “28 дугаар сургуулийг анхнаас нь буулгаад байх ч шаардлага байгаагүй. Мөнгө идэх гээд л буулгаад шинээр барих сэдэл төрсөн байх” гэдэг зүйлийг ч хэлж байлаа. Харин эл асуудалд сургуулийн зарим ажилчдын хэлж буй зүйл "няцаалт" болж байв. Тодруулбал, тэдний зүгээс өгсөн мэдээллээр тухайн сургуулийн байр нь 60 гаруй жил болсон хуучны барилга байсан аж. Иймээс шинэчилж барихаас өөр арга байхгүй гэдгийг онцолж байлаа.

-ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИ: Сургууль 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно-

Тэгвэл бид сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Содон номин констракшн” ХХК-ийн барилгын инженер Б.Батбаяртай холбогдож ажлын явц болон удаашралтай байгаа шалтгааныг тодруулахад “Хийгдсэн зураг төслийн дагуу барилгын ажил цаг хугацаандаа л үргэлжилж байна. Ямар нэг байдлаар удааширсан зүйл байхгүй. Ирэх оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

-СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ: Сургууль хурдан ашиглалтад орвол сайн байна-

Харин тус сургуулийн захирал Л.Отгонсүрэнтэй уулзаж мөн энэ талаар мэдээлэл авах гэсэн боловч яриа өгөхөөс татгалзсан юм. Гэхдээ "Сургууль хурдан ашиглалтад орж байвал сайн байна. Хүүхэд багш нар ийш тийш салж явж ажил явуулахад хүндрэлтэй байна” гэсэн тайлбарыг өгөв.

Мөн тус сургуулийг шинээр барих төсвийг мөшгөхөд БШУЯ-наас “Сургуулийн барилга буулгаж, шинээр барих, 960 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 28 дугаар сургууль/” гэх нэртэй тендерийг 2022 оны зургаадугаар сарын 2-нд зарласан байгаа юм. Тус тендерийн нийт төсөвт өртөг нь 11 тэрбум бөгөөд тухайн онд хоёр тэрбумаар санхүүжих аж.

ТАЙЛБАР: 28 дугаар сургуулийн барилгын ажлын тендер зарласан байдлыг хавсаргав

“ЭХ СУРВАЛЖ: Сурагчдыг хичээлийн танхимаар хангахын тулд сарын 35 сая төгрөгийг МҮИС-д төлдөг”

Өмнө дурдсанчлан барилгын ажил үргэлжилж байгаа цаг үед сурагчдын сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд МҮИС-ийн байранд зарим сурагчид хичээллэж буй. Үүнтэй холбогдуулан нэрээ нууцалсан эх сурвалж бидэнд дараах мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, 28 дугаар сургуулийн дунд ангийн зарим сурагчдын хичээл МҮИС-д хичээллэж буй аж. Гэтэл МҮИС-д анги танхимын түрээсийн мөнгө гэж 35 сая төгрөгийг төлж байгаа. 2-3 жилээр нь түрээсэлсэн гэж үзвэл бараг тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байх учиртай” гэдгийг хэлж байлаа. Үүнээс гадна тус сургуулийн сурагчидтай уулзаж ярилцахад “Сургууль л хурдан баригдаасай. Үнэхээр хэцүү байна” гэдгийг онцолж байв.

Энэ хугацаанд багш сурагчид болон эцэг, эхчүүдэд ихээхэн хүндрэл гараад байгаа юм байна. Тухайлбал, долоо хоногт хоёр удаа ордог байсан биеийн тамирын хичээл 14 хоногт нэг цаг орох болж мөн англи, орос хэлний хичээлүүд ч тусдаа орох боломжгүй болсон аж. Цаашлаад байгалийн ухаан, хөдөлмөрийн хичээлүүд ч орхигдсон талаар хэлж байна. Дан ганц 28 дугаар сургуулийн сурагчдын хичээллэх орчин нөхцөлд хүндрэл учрахаас гадна өөрсдийн сургуульдаа байрлуулж байгаа 47 дугаар сургуулийн сургалтын үйл ажиллагаанд ч бэрхшээлтэй асуудлууд гарч байгаад гомдолтой байгаагаа багш сурагчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл илэрхийлж байлаа. Өдрийн хоёр ээлжээр хичээллэдэг байсан бол гурван ээлжээр орох болсон байна. Өөрөөр хэлбэл, өглөөний 8.00 цагаас орой 20.00 цаг хүртэл ээлжээр хичээллэж, улмаар бага насны хүүхдүүд оройн цагаар тарж байгаа нь аливаа төрлийн гэмт халдлагад өртөх эрсдлийг ч бүрдүүлж байна гэж тэд үзэж байгаа юм. Сургалтын орчин нөхцөл муудсантай холбоотойгоор 28 дугаар сургуулийн сурагчдын дунд шилжилт хөдөлгөөн нэмэгдэх болсон талаар албаныхан хэлж буй юм.

Иймд БШУЯ болон холбогдох албаныхан сурч боловсрох эрхээ суралцах орчин нөхцөл гэх шалтгаанаас болж "хязгаарлуулж" буй сурагчдын асуудалд нэн тэргүүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Х.Ганхуяг: Засгийн газрын 25 тусгай сангийн гурав нь л зориулалтын хүрээнд хэвийн ажиллаж байна
Х.Ганхуяг: Засгийн газрын 25 тусгай сангийн гурав нь л зориулалтын хүрээнд хэвийн ажиллаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.