Өнөө, маргаашдаа Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 5 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 5 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.