Хэдхэн хоногийн өмнө манай улс шатрын шинэхэн дэлхийн аваргуудаа өлгийдөн авсан. Дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцсон 600 гаруй хүүхдийг ардаа орхин Монгол Улсын хоёр тамирчин эх орныхоо нэрийг өндөрт өргөсний нэг нь 11 настай Б.Буянхишиг охин юм.
Тавхан настай байхдаа Говь-Алтай аймагт Ч.Ядамсүрэн багшаар анхны хичээлээ заалган шатрын спортод хөл тавьж байсан бол өнөөдөр "Дэлхийн аварга" болтлоо өсөн дэвжжээ. Б.Буянхишиг охины хувьд өдгөө "Стейниц Монголын шатрын академи"-д суралцдаг бөгөөд Г.Мөнхбаяр багшийн шавь. Иймд Ubn.mn сайт энэ удаагийн ярилцлагынхаа зочноор шинэхэн ДЭЛХИЙН АВАРГА Б.Буянхишиг охиныг урин оролцуулж, шатрын спортоор хичээллэх болсон шалтгаан хийгээд дэлхийн аварга болоход нь төрсөн мэдрэмж мөн ирээдүйн зорилгынх нь талаар цөөн хором ярилцсан юм.
-Юун түрүүнд "Сурагчдын шатрын ДЭЛХИЙН АВАРГА" болсонд баяр хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батпэлдэнгийн Буянхишиг гэдэг. Би 21 дүгээр сургуулийн 5б ангид суралцдаг.
-Хэдэн настайдаа анх шатраар хичээллэж эхэлсэн бэ?
-Таван настайгаасаа хойш шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Одоо долоон жил болж байна.
-Яагаад шатрын спортыг сонгож хичээллэх болов?
-Намайг аав, ээж хоёр маань цэцэрлэгт байхад даамны сургалтад явуулж байсан юм. Тэгээд сар гаруйн дараа цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохиогддог даамны тэмцээнд ороод хүрэл медаль авч байсан юм. Тэгээд намайг ирээдүйтэй хүүхэд байна гээд манай өвөө Говь-Алтай аймгийн ХГБЗХГ-т Ч.Ядамсүрэн багшийн шавь болгож байсан юм. Тэгээд л шатрын спортоор хичээллэж эхэлсэн.
-Хамгийн анх шатар тоглож сурч байхад хэцүү санагдаж байсан уу?
-Ер нь бол хэцүү санагддаг байсан. Шатрынхаа хөлгүүдийн дүрсийг цээжилж чадахгүй жаахан зовсон. Гэхдээ би хурдан сурсан гэж боддог.
-Шатраар хичээллэхийн хамгийн сайхан зүйл нь бас давуу талыг нь юу гэж хардаг вэ?
-Хамгийн түрүүнд шатраар хичээллэдэг хүүхдүүд маш тэвчээртэй болдог. Дээр нь их боддог болохоор ихэнх шатар сайн тоглодог хүүхдүүд математикийн хичээлдээ сайн байдаг.
-Саяхан "Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-д оролцоод Алтан медаль хүртээд, дэлхийн аварга болчхоод ирсэн шүү дээ. Хэдэн насны ангилалд өрсөлдөв?
-Би 11 насны эмэгтэй ангилалд тоглосон. 55 орчим орны 600 гаруй сурагч оролцсон томоохон тэмцээн болсон. Урьд өмнөх жилүүдээ бодвол маш өргөн цар хүрээтэй тэмцээн болсон.
-Ямар, ямар орны тамирчидтай өрсөлдөв. Хэдэн өрөг тоглосон бэ. Бас хамгийн хэцүү санагдаж байсан өрөг нь аль өрөг вэ?
-Нийт 9 өрөг тоглосон. 7 хожиж, 2 тэнцсэн. Хамгийн хэцүү санагдаж байсан өрөг нь 4, 8-р өрөг байсан.
-Яагаад 4, 8-р өрөг нь хамгийн хэцүү санагдсан бэ. Өрсөлдөгч нар нь их хүчтэй байв уу?
-Тийм. 8 дугаар өрөг дээр Турк улсын тамирчинтай таарсан. Маш хүчтэй өрсөлдөгч байсан. Өнгөрсөн жил өсвөрийн ДАШТ-д мөнгөн медаль авсан тамирчин.
-Дэлхийн аварга болоход ямар мэдрэмж төрсөн бэ. Мэдрэмжээсээ хуваалцаач?
-Үнэхээр сайхан мэдрэмж төрсөн. Багш намайг гарч ирэхэд шууд үнссэн. Одоо ч гэсэн үнэхээр сайхан санагдаж байна. Гэхдээ медаль, цомоо авч байхдаа маш их сандарсан. Яагаад гэвэл маш олон хүн байсан болохоор сандраад байсан.
-Дэлхийн аваргын цомоо авчхаад хамгийн түрүүнд хэнтэй ярихыг хүссэн бэ?
-Ээж рүүгээ яримаар санагдсан. Яагаад гэвэл дүүгээ маш их санаж байсан болохоор дүүгээ харахыг хүссэн.
Мөн аав, ээж хоёр маань намайг медаль ав гэж шахдаггүй. Зүгээр л сайхан тоглоод ир гээд явуулчихдаг учраас би түүнд нь маш их баярладаг. Намайг хамгийн их ойлгож, дэмждэг хүмүүс.
-Өмнө нь ямар ямар амжилтууд гаргаж байв?
-Энэ жилийн Насанд хүрэгчдийн анхан шат дээр хүрэл медаль хүртсэн. Бас Цодгор хүү тэмцээнд оролцоод алтан медаль авсан.
-Одоо ямар клубт харьяалагдаж байна. Мөн багшийгаа танилцуулахгүй юу?
-Стейниц Монголын шатрын академид хичээллэдэг. Багшийг маань Г.Мөнхбаяр гэдэг.
-Багш нар нь хамгийн их захьдаг зүйл юу вэ?
-Намайг жаахан биеэ барих гээд байна гэдэг. Гэхдээ хүүхэд бүр дээр өөр, өөр зөвлөгөө өгдөг.
-Тэгэхээр их даруухан хүүхэд юм байна шүү дээ?
-Тийм. Яагаад даруухан байдгаа мэдэхгүй юм. Гэхдээ надтай илүү ойр дотно байдаг хүмүүс маань намайг галзуу гэж боддог байх. Бусад хүмүүстэй нээлттэй харилцаж чадахгүй л байна.
-Тэгвэл эгчийн дүү цаашдынхаа зорилгоос хуваалцахгүй юу?
-Би 18 нас хүрэхээсээ өмнө Их мастер цол хүртэхийг хүсдэг. Учир нь Их мастер гэдэг цол нь хамгийн том цол. Одоо Монголд цөөхөн их мастер байдаг байх гэж бодож байна.
-Энэ ташрамд хайртай хүмүүс, ээж, аавдаа баярласан, талархсанаа илэрхийлэхгүй юу?
-Аав, ээж хоёртоо бас ах дүү, хамаатан садан, ангийнхандаа бүгдэд нь маш их баярлалаа. Мөн намайг энэхүү тэмцээнд явахад тусалсан бүх хүмүүстээ баярлалаа. Хайртай шүү.
-Ярилцсанд баярлалаа.