УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваантай ярилцлаа
-Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хоёр улсын ЗГ-ын хэлэлцээр 2022 онд байгуулсан санамж бичгээс эхлэлтэй-
-Ойрын өдрүүдэд хамгийн их шүүмжлэл дагуулсан сэдэв ОХУ-аас манай улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудал болоод буй.Хэлэлцээр анх хэзээнээс эхэлж яригдсан бэ, та өөр дээрээ гал аван барин энэ хэлэлцээрийг зүтгүүлж байгаагийн цаад шалтгаан нь юу юм бэ?
-Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн асуудал анх яригдсан нь 2018 он юм билээ. Тухайн үед хоёр улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Владивосток форум дээр яригдаж эхэлсэн байдаг. Энэ үед анхны санамж бичгийг байгуулахдаа Монгол Улсад агаарын хөлгийн түлшний цогцолбор байгуулах, бусад нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэлэлцээр тусгагдаж байсан гэдэг.
Үүнээс хойш хоёр улсын төрийн хэмжээний айлчлал, уулзалт болгонд уг хэлэлцээрийн асуудлыг байнга ярьж, лавшруулсаар байгаад 2022 онд Г.Ёндон сайд ОХУ-ын “Газпром” компанийн захирал Сечинтэй санамж бичиг байгуулсан. Тухайн санамж бичигт нэлээд нарийн заалтуудаа тохирсон.
Түүний дараа Ж.Ганбаатар сайдын үед ч мөн түлш тасарсан хүнд цагт энэ асуудал нэлээн хүчтэй яригдсан байсан. Хоёр асуудал байсан гэдгийг энд цохон хэлэх нь зүйтэй байх. Эхнийх нь дизель түлш, АИ-92 шатахуун зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэлэлцээрийн асуудал. Монгол Улс өмнө нь ямар ч хэлэлцээргүй явж ирсэн. Хоёрдугаар асуудал нь агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр байсан. Гэхдээ ОХУ-ын тал энэ хоёр хэлэлцээрээ хамтад нь хэрэгжүүлж явна гэсэн байр суурьтай байж ирсэн.
Өнөөдрийн бодит нөхцөлөө бид харвал Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийхээ 96 хувийг ОХУ-аас авч байгаа.Үүнээс 2.6 хувь нь агаарын хөлгийн түлш. Миний хувьд нефть бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангах үүрэг бүхий салбарыг удирдаж байгаа хүний хувьд хоёр эрх ашиг байгаа гэж ойлгож болно.
Нэгдүгээрт, хоёр жилийн өмнө шатахуун тасалдахад бидэнд ямар хүндрэл тохиолдлоо гэдгийг эргэж санах хэрэгтэй. Ж.Ганбаатар сайд дээр асуудал яригдаж, хөдөө орон нутагт зуд нүүрлэчихсэн маш хүнд цаг үе байсан. Тийм нөхцөл байдал үүсгэхгүй байхын тулд энэ хэлэлцээрийг хийх ёстой гэж харж байгаа. Мөн ОХУ дайны нөхцөл байдалд байна. Тус улсын нефтийн үйлдвэрүүд рүү дроны халдлагууд хүртэл ирж буй эрсдэлтэй цаг үе тулгараад буй. Эдгээрээс гадна нефтийн бүтээгдэхүүнд экспортын хориг тавих асуудал яригдах болгонд бид хүнд байдалд ордог. Тиймээс энэ хэлэлцээр зурагдаад хүчин төгөлдөр болбол монголчууд нефтээр хангагдах асуудалд тайван нойртой хонож болно гэж ойлгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, манай улс агаарын хөлгийн түлшээ ОХУ-аас 100 хувь импортолж байгаа. Өмнө нь ч авч ирсэн. Өөр газраас агаарын хөлгийн түлш авч байсан түүх бидэнд байхгүй. Тиймээс авсаар ирсэн агаарын хөлгийн түлшээ цаашид ч баталгаатай, тогтвортой үнээр авах нэг асуудлыг л зохицуулсан хэлэлцээр юм.
Хүмүүсийн шүүмжилж байгаа нэг өнцөг нь хувийн хэвшлээр хийлгэхгүй байна гэж ярьж байгаа. Өмнө нь хувийн хэвшил хийж байсан. Удахгүй ямар компаниуд хэдээс хэдэн онд, хэдэн ам.доллароор оруулж ирээд хэд болгож зарж байсан тухай мэдээлнэ. Учир нь тухайн үед бөөн хэл ам дагуулж байсан зүйл нь маш өндөр үнийн зөрүүтэй худалдсанаас болж онгоцны тасалбарын үнэ нэмэгдэж, хүмүүс маш их гомдол мэдүүлж, шүүмжлэл дагуулдаг байсан. Үүнийг болиулж төрийн өмчит “Эрчим ойл” гэдэг компани гүйцэтгэдэг болсон.
-Одоо агаарын хөлгийн түлшийг хэдээр импортолж байгаа вэ?
-Одоогийн байдлаар нэг тонн агаарын хөлгийн түлшийг 3 сая 560 мянган төгрөгөөр авч байна. Хувийн хэвшил ч мөн өнөөдөр зарж байгаа. Гэхдээ 1 тонн түлшийг 4.4 сая төгрөгөөс 4.5 сая төгрөгөөр худалдаж байгаа юм. Эндээс үнийн ямар ялгаа байгааг харж байгаа байх. Цаашид агаарын хөлгийн түлшний үнэ тогтвортой байх нь Монгол Улсад аялал жуулчлалын салбар хөгжих, иргэд гадаадад зорчиход ирэх очих тасалбарын үнэ хямд, тогтвортой байх нь хэрэгтэй шүү дээ.
Тодруулж хэлбэл, нийт билетийн үнийн 36 хувь нь онгоцны түлшний үнэ ямар байхаас шалтгаалдаг. Тиймээс түлшний үнэ өсөх тусам билетийн үнэ дагаад өснө гэж хэлж болно.
Шүүмжлэл дагуулаад байгаа өөр нэг зүйлийн ойлголтын зөрүүг гаргаж хэлэх хэрэгтэй байх. Учир нь “Чингис хаан” ОУ-ын нисэх буудлыг ОХУ-д өгөх гэж байна гэх яриа гарсан. Энэ бол ташаа ойлголт. Магадгүй бид ч буруугаар ойлгуулсан байхыг үгүйсгэхгүй. “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлыг Японы хөнгөлөлттэй зээлээр барьж дуусгаад менежментийг нь 30 билүү 40 жилээр тэдэнд өгчихсөн юм билээ. Тиймээс зөвхөн агаарын хөлгийг цэнэглэх түлшний хангамжийн комплексыг орчуулахдаа цогцолбор гээд, түүнийг мушгихдаа “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлыг хэлээд байна гэж ойлгосон юм шиг байгаа юм.
-БНХАУ-аас түлш, шатахуун авдаггүйн гол учир нь маш өндөр үнэтэй-
-Шатахуун, түлшний нийлүүлэлтийн хувьд яах аргагүй бид хойд хөршөөсөө хараат байсаар ирсэн. Айл дургүйгээ хүрвэл крантаа хаахад манайд бүх үйлдвэрлэл, ажил зогсох эрсдэл нүүрлэдэг. Яригдаад байгаа хэлэлцээрийн агуулга нь хүртэл ОХУ-ын талд хэт давуу байдал бий болохоор бичигдсэн буюу шууд утгаараа тулган шаардах бичиг ч гэж харагдахаар. Үүнийг нүдээ аниад хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэж үзэж байгаа юу? Дотоодын газрын тосны үйлдвэрлэлээ ашиглалтад оруулах, урд хөршөөс түлш, шатахуун нийлүүлэх боломжийг хэр судалж байгаа вэ?
-Би Монгол гэдэг айлын өрхийн тэргүүн байлаа гэж бодоход надад нэн тэргүүнд шаардлагатай байгаа зүйлээ аль болох олон газраас худалдаж авахыг эрмэлзэнэ. Өнөөдрийнх шиг ОХУ-аас 100 хувь хараат биш, БНХАУ-аас худалдаж авах, бүр боломж байвал өөрөө үйлдвэрлэхийг л эрмэлзэнэ. Тиймээс яг энэ бодлогын хүрээнд бид дотоодын газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулах гээд Энэтхэгээс 1.7 тэрбум ам.доллар зээлж аваад явж байгаа юм. Үйлдвэр ашиглалтад орчихвол дотоодын нефть бүтээгдэхүүний 50 хувийг хангана.
Хоёрдугаарт, урд хөршөөсөө авлаа гэж бодъё. Гэтэл төмөр замаар зөөх царигийн асуудал давхар хөндөгдөнө. Автомашинд хэрэглэдэг түлшийг бодвол онгоцны бүлш онцгой, цэвэр нөхцөл шаарддаг. Угааж цэвэрлэхээс авхуулаад маш өндөр стандарт шаарддаг гэсэн үг. Тэр түлшийг манайх зөөж авчраад солиод ачих вагон, сисчер байхгүй.
Түр тэнд нь буулгаж байгаад зөөх боломж байхгүй учраас нэлээд хөрөнгө шаардана. Энэ асуудлыг цаашид анхаарч ажиллана. Урд хөршийн зүгээс биднийг ав л гэж байгаа. Гэхдээ бид яагаад БНХАУ-аас шатахуун, түлш авахгүй байна гэхээр үнэтэй, өндөр стандарттай байгаа юм. Тэгэхээр бид одоохондоо эдийн засгийнхаа чадавхыг ойлгож, аль боломжтой гэсэн шийдлээр л ажиллах зүйтэй.
Цаашид бид гурван эх үүсвэртэй болчихвол мэдээж хамгийн сайн. ОХУ-аас авдгаараа авч, дотооддоо ч үйлдвэрлээд, БНХАУ-аас ч авдаг болох хэрэгтэй.
Уул уурхай эрхэлж байгаа гол байрлал бол говийн бүс. Говийн бүсэд ихэвчлэн бид дизель түлш хэрэглэж байгаа. Уул уурхайн компаниуд муу түлш биш аль болох өндөр чанартай түлш хэрэглэдэг болчихсон.
Нэг гаж үзэгдэл нь бид ОХУ-аас аваад төмөр зам дээрээ гацан барин авчраад нийслэлдээ буулгаад дахиж ачаад говь руу хүргэж байгаа. Энэ нь дээр үү эсвэл шууд урд хөршөөс аваад тэнд нь нийлүүлэх үү гэдгээ бодох л ёстой. Уг асуудлаар манай яам бодлого гаргаад ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нефть бүтээгдэхүүнийг авчирч буулгаад хадгалах сав, агуулахын асуудлаа яриад ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.
-Газрын тосны үйлдвэр ашиглалтад орлоо ч дутагдлаа бид ОХУ-аас л авна-
-ОХУ-ын талтай хийх ЗГ хоорондын хэлэлцээрийг 20 жилийн хугацаатай хийхээр төсөлд тусгасан байна шүү дээ. Тэгэхээр агаарын хөлгийн түлшийг ч, бусад түлш, шатахууныг ч илүү давуу эрхтэйгээр нийлүүлэх эрх ашгаа айлын тал баталгаажуулах сонирхолтой байна шүү дээ?
-Одоо яригдаж байгаа хэлэлцээр зөвхөн агаарын түлшинд яригдах ёстой. Манай зах зээл дээрх нийт хэрэгцээт шатахууны 30-аас дээш хувийг борлуулж байгаа компани байвал жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг зөвшөөрөхгүй гэдэг хуулийн заалттай.
Одоогоор 30-аас дээш хувийг нийлүүлж байгаа нь Роснефть компани л бий. Тиймээс жижиглэнгийн 100 станц орж ирнэ гэсэн асуудал байхгүй.
Өнөөдөр таны хөргөгчид мах байвал зах дээрээс мах авах шаардлага гарахгүйтэй адил бид өөрсдөө агаарын хөлгийн түлштэй болчихсон тохиолдолд яалаа гэж гаднаас авах вэ дээ. Г.Ёндон сайдын байгуулсан санамж бичигт, хэрэв дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод тэндээс бүтээгдэхүүн нийлүүлсэн тохиолдолд дутагдаж байгаа бүтээгдэхүүний 75 хүртэл хувийг одоогийн хамтарч байгаа ОХУ-ын компани нийлүүлнэ гэж заасан байгаа. Үүнийг санамж бичигт цагаан дээр хараар биччихсэн байгаа юм.
-Хэлэлцээрийг соёрхон баталснаар бүх зүйл дуусахгүй. Гэрээнд нарийн заалтууд тусах ёстой-
-Таны хөндөөд байгаа яг энэ санамж бичгийн заалтад үндэслэж, одоогийн хэлэлцээрийн төсөлд тусгагдсан 11 дэх зүйлийг тодруулж асууя. Энд бичсэнээр “Энэхүү хэлэлцээрийн заалтууд нь Монгол Улс болон ОХУ-ын хооронд үйлчилж буй ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна” гэж. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд байгуулсан хэлэлцээрүүд, цаашид байгуулах хэлэлцээрүүдийн зохицуулалт нөлөөлөхгүй буюу давуу эрхтэй байх тухай асуудлыг бичсэн байна шүү дээ. Үүнийг юу гэж ойлгох вэ?
-Сая бид “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил холболтын гэрээг БНХАУ-ын талтай хийсэн. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдсэний дараа ажлын хэсгийн ахлагч нар протоколд тохирсон. Одоо компани хоорондын гэрээ хийгдэх асуудал эд явагдаж байгаа. Ийм процессоор мөн ОХУ-ын талтай хийх энэ хэлэлцээр явна.
Хэлэлцээрийг соёрхон баталлаа гээд бүх зүйл дуусахгүй. Хамтарсан компанийг хоёр улс 60/40 хувиар байгуулах гэрээ хийгдэнэ. Тэнд бүр нарийн заалтууд тусна гэсэн үг. Угаас одоо ч бид агаарын хөлгийн түлшийг ОХУ-аас өөр улсаас авахгүй байгаа.
Тэгэхээр байхгүй байгаа компанид давуу эрх олгоно гэж байхгүй шүү дээ. Энд санаа зовох зүйлгүй гэж хэлмээр байна.
-Дотоодын газрын тосны үйлдвэр ашиглалтад орлоо ч бид агаарын хөлгийн түлшийг гаргах боломжгүй гэж ойлгож болох уу?
-Агаарын хөлгийн түлшний хэрэгцээ маш хурдацтай өсөн нэмэгдэж байгаа. 2021 оны хэрэгцээг 2024 оныхтой харьцуулахад гурав дахин өссөн байна. Цаашид ч маш хурдацтай өснө. Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэх, гадаад улсыг зорих Монгол иргэдийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэх тусам түлшний хэрэгцээ нэмэгдсээр л байна. Манай үйлдвэр ашиглалтад орлоо ч дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжгүй. Тиймээс бид дутагдлаа гаднаас нөхөж л таарна.
-Газрын тосны түүхий эдийн нөөц бүрдүүлэх үндэсний компани байгуулахад өндөр өртөг шаардах тул одоогоор боломжгүй-
- Тамсагийн сав газарт газрын тос олборлогч Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компани түүхий эд нийлүүлж буй. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орлоо ч тус компаниас түүхий эдээ авах шаардлага үүснэ. Тэгэхээр түүхий эд хятадын компаниас хараат байгаа шүү дээ. Дотоодын үйлдвэрлэлээ байгуулж яагаад болоогүй юм бэ гэдэг асуудал үйлдвэрлэлтэй зэрэгцэж яригдах л зүйл байх?
-“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн оруулсан хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллар. Монгол мөнгөөр тооцвол 14-15 их наяд төгрөг буюу улсын төсвийн тал хувь гэсэн үг. Өндөр өртөгтэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг салбарт Монгол Улс одоогоор боломжгүй байгаа юм. Мэдээж ирээдүйд дотоодын үйлдвэртэй болохын төлөө тэмүүлнэ. Тиймээс дотооддоо боломжгүй байгаа салбарт гаднынхан л хөрөнгө оруулна шүү дээ.
Хоёрдугаарт, хангамжтай холбоотой асуудал байгаа. Газрын тосны салбар өөрөө бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад явдаг. Тэндээс олборлосон бүтээгдэхүүнээ оруулсан хөрөнгө оруулалтаасаа шалтгаалаад гэрээ тус бүрд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулдаг. Тухайн гэрээний дагуу Монгол Улсад олборлосон тосны тодорхой хувь нь дотооддоо ногдоно. Түүгээр бид газрын тосны үйлдвэрээ хангана.
Нөгөө талд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үлдсэн хувийг бид зах зээлийнх нь үнээр худалдаж авна.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэг өгүүлбэр байгаа. “Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болсон тохиолдолд тухайн үйлдвэрийг нэн тэргүүнд хангана” гэсэн заалттай. Энэ заалтыг хангуулах зорилгоор бид шаардлагатай хэрэгцээгээ худалдаж авна.
Өнөөдрийн байдлаар шинэ үйлдвэрийн хүчин чадал 1.5 сая тонныг жилд олборлохоор байгаа. 550 мянган тонныг жилдээ олборлож байна. Тэгэхээр үйлдвэр ашиглалтад орох хугацаанд бид жилдээ 1.5 сая тонн түүхий тос олборлох үүрэг бүхий хариуцлага манай яаманд ногдож байна гэсэн үг.
-Газрын тосны түүхий эдийн нөөцийн дутагдлыг "Петро Чайна Дачин Тамсаг" компаниас гэрээний дагуу зах зээлийн үнээр нь авах ёстой-
- Үйлдвэр ашиглалтад орсны дараа бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу дутагдалтай нөөцөө “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас худалдаж авах юм бол үнийн өсөлтийг хэрхэн тооцоолж байгаа юм бэ, газрын тосны түүхий эд нийлүүлж байгаа компани үнээ тогтооно шүү дээ?
-Манайд л үнийн хэлбэлзэл жаахан удаан байдгаас олон улсад бол биржийн үнээр явдаг. Манай борлуулж байгаа газрын тосны үнэ ч мөн биржийн үнийг барьж явж байгаа. Тэр үнээр л авна гэсэн үг.
-Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар эд хэлэлцэж буй. Төрийн өмчит бүх компанийг оффтейк гэрээ хийх боломжийг нээж өгч байгаа нь ямар учиртай юм бэ. Ганц нүүрс гэлтгүй алт, зэс зэрэг байгалийн баялгийг бүхэлд нь бартердах нөхцөлийг бүрдүүлэх гэж байна шүү дээ. Яагаад?
-Уул уурхайн биржийн хуулиа хэрэглээд бид жил хагас болсон байна. Мэдээж амьдрал баян учраас шинэ нөхцөл байдал үүссэн. Ялангуяа биржээр арилжаалж байгаа манай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байх үед сайн байсан. Үнэ унасан тохиолдолд худалдаж аваад маргааш нь дахиад үнэ унавал яах вэ гэдэгт ямар ч зохицуулалт байхгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, өсөж, буурах үнээ индексжүүлэх асуудлыг бид зохицуулж өгөөгүйгээс болоод өнөөдөр жишээлбэл биржийн арилжаан дээр коксжих нүүрсний худалдан авагч гарч ирэхгүй л байна шүү дээ. Тиймээс хуульд үнэ индексжүүлэх харилцааг зохицуулахаар төсөлд тусгасан.
Дараагийн нэг чухал зүйл нь таны асуудаг бүтээгдэхүүн солилцох тухай асуудал. Бид өнөөдөр валютын нөөцөө их ярьж байна. 5 тэрбум ам.доллароос доош орчихлоо, яах вэ гээд. Нэмээд валютын ханш их савлаж байгаа. Эдгээр нь манайд хэр их валют орж ирэхээс, эсвэл хэр ихийг гаргаж байгаагаас нөөц шалтгаалж байгаа юм.
Гэтэл одоо бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Засгийн газрын 14 мега төсөл, Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төсөл, бусад нийгмийн шинжтэй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн бүтээн байгуулалтуудаа яаж цаашид шийдэх вэ гэдэг асуудал үүссэн. Төсөв маань алдагдалгүй батлагдаж, орлогоор томоохон хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй болсон. Тэгэхээр бидэнд байгаа зүйл уул уурхайн баялаг л байна шүү дээ. Бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол мөнгөөр худалдан авалт хийж, импортыг дэмжих биш шууд байгаа баялгаараа тохироод борлуулах, солилцох асуудлыг л ярьж байгаа. Ингэж байж бодит үр дүн гарахаар харагдаад байгаа юм.
Жишээ нь, говийг усжуулах Орхон-Онги төсөл ойролцоогоор тэрбум ам.доллар байлаа гэхэд ТЭЗҮ-г нь гаргаж ирээд түүнийг хийх компанитай түлхүүр гардуулах нөхцөлөөр тохиролцлоо гэхэд тухайн хөрөнгийг зэсээр юм уу, нүүрс, цайр, жонш, газрын ховор зэрэг ямар нэгэн баялгаар солилцох байдлаар тохиролцоно гэсэн үг.
Бид саяхан хангайн бүсийн чуулганд очоод ирсэн. Бүх аймаг, сумын засаг дарга босож ирээд манай суманд зам тавьж өг, дэд бүтэц шийдэж өг, гэдэг асуудлыг тавьсан. Тэгэхээр үнийг бид өнөөдөр яаж хийх юм бэ. Ганцхан төсвөөр боломжгүй. Дээр нь гадаад зах зээл дээр Трамп тарифаас болоод хөрөнгө оруулалтын асуудлууд хүнд болсон цаг үед “үүцээ задалж” байгаа юмаа гаргаж ирж эдгээр асуудлуудыг шийднэ.
-Мега төслүүдийг төсвийн мөнгөөр хөдөлгөх боломжгүй. Бүтээгдэхүүн солилцох гэрээгээр уул, уурхайн баялгаа хөдөлгөнө-
-Нэг амьсгаагаар том төслүүдийг хөдөлгөх боломжгүй шүү дээ. ЗГ-ыг, хотыг том төслүүдээ эрэмбэлж, эдийн засгийн гадаад, дотоодын хүчин зүйлсээ тооцоолж, ажиллах шаардлагыг хаа хаанаа л ярьж ирсэн шүү дээ. Трамп тариф, нүүрсний үнийн уналтыг төсөв батлагдахаас ч өмнө гадаад, дотоодын шинжээчид ярьдаг л байсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хүртэл анхааруулж, зөвлөмж хүртэл гаргаад санал оруулж байсан шүү дээ?
-Бид хэдий болтол алтан дээр суусан гуйлгачин байх юм бэ. Нэг хүнд ногдох газрын доорх баялгаараа дэлхийд тэргүүлэгч орны тоонд ордог мөртлөө иргэд нь ядуу, нийслэл нь утаа, түгжрэлтэй. Нэг хүнд ногдох ДНБ нь 6800 ам.доллартой тэнцэж байна. Иргэд маань сайхан амьдармаар л байгаа шүү дээ. Үүний менежментийг нь хийж, хуулийг нь гаргах үүрэг нь УИХ, Засгийн газарт бий. Үүнийгээ л хийх гэж байна.
Эдийн засгийн нөхцөл байдлаа яагаад урьдчилж хараагүй вэ гэхээр бидэнд “Б” төлөвлөгөө угаасаа байсан. Өнөөдөр хэн дэлхий дээр худалдааны дайн, эмх замбараагүй байдал үүснэ гэж тооцсон юм. Япон ч тооцоогүй. Тэр айхтар тооцдог Хятад, Солонгос ч тооцоогүй, улс орнууд паник хаусд орчхоод байгаа шүү дээ.
Түүний тусгал нь манайд нүүрсний үнэ унах байдлаар илэрчхээд л байна гэсэн үг. Гэхдээ бид “Б” төлөвлөгөөгөө гаргаад Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Засаг дээр ч гэсэн хэд хэдэн хуулийн төслийг давхар ярьж байна. Дээр нь гялтайж байгаа ганц түүхэн дээд өндөр үнэ тогтчихсон алтныхаа олборлолтыг хүртэл нэмэгдүүлэх талаар ярьж байгаа. Тэгэхээр өнөөдөр дэлхийн дэг жаягийг тогтоож байсан нэг улсын байдлаас л ийм хүнд нөхцөл үүсэж байна шүү дээ. Тиймээс өнөөдрийн үүссэн нөхцөлийг 100 хувь тооцоолох боломж байхгүй юм.
-Та бүхний гаргаж байгаа “Б” төлөвлөгөөний ард хулгай гарахгүй байна гэсэн баталгаа бий юу?
-Ер нь тэгээд хулгайлахгүй л байвал дээр шүү дээ. Хулгай хийсэн хүмүүсийн очдог газар тодорхой. Түүнийгээ сайн мэдэж байгаа бол хулгай хийхгүй л байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Хууль, дүрмээ сахиад явахад асуудал гарахгүй байх.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!