Зам гүүр, барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан, ачаа тээврийн хүнд даацын машины эрчим Зайсан чиглэлд эрс нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан Зайсан тойруугийн зүүн талд замын эвдрэл гараад байна. Нийслэлийн Замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд засахаар шуурхайлан ажиллаж байна.
17:30 цагийн байдлаар Тээврийн цагдаагийн албаны 5 албан хаагч хөдөлгөөн зохицуулалт хийж байгаа ч Наадамчдын зам Номин худалдааны төв, Хойд тал Төв шуудангийн уулзвар хүртэл ачаалалтай байгаа бөгөөд үүнээс шалтгаалан Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Дүнжингаравын зам, Энхтайвны өргөн чөлөөний баруун тал, Сүхбаатарын гудамж зэрэг уулзвар, гудамж замд нөлөөлж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.
Авто машины хөдөлгөөн саарах үе буюу өнөөдөр /2023.04.21/ орой 23:00 цагт зам засах ажил эхлэх юм байна. Харин цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан энэ бүтэн сайн өдөр /2023.04.23/ замын хучилтын ажил хийхээр төлөвлөж байгааг албаныхан хэллээ.
Цаашид зайсан тойруугийн чиглэлд зам засвар, арчлалтын ажил үргэлжлэн хийгдэнэ.