Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХНӨ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентаас дахин сонгогдохыг хүсэх үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 26 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

ҮХНӨ-ийн төслийг Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт D-Parliament флатформд байршуулан олон нийтээс санал авч эхэллээ. Төсөлд гишүүдийг тоог 152 болгон 76 гишүүнийг нь мажоратори, 76 гишүүнийг пропорциональ хэлбэрээр сонгохоор тусгаад байна. Мөн Цэцийн гишүүний бүрэн эрхийг сунгахгүй байх, нам байгуулах чанга босгыг болиулах, хүний эрхтэй холбоотой асуудлыг ҮХЦ-ээр хэлэлцдэг болох зэрэг өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар боловсруулаад буй нь энэ. Одоо олон нийт болон яамдууд саналаа өгч дуусмагц Засгийн газраас УИХ-д өргөн барина.

Өрнөж буй үйл явцыг ажиглахад энэ баасан гарагт эсвэл ирэх долоо хоногийн дундуур УИХ-д ҮХНӨ-ийн төслийг өргөн барих байх. Аль болох хурдан өргөн барьж, хэлэлцэж дуусахгүй бол ҮХНӨ-ийн төслийг УИХ хүлээж аваад нэгэнт хэлэлцэж эхэлбэл дундуур нь өөр асуудал хэлэлцдэггүй. Мөн 45 хоног тасралтгүй хэлэлцэх хуультай.

Сонирхолтой нь, энэ удаагийн ҮХНӨ-ийн төсөлд өнгөрсөн хугацаанд яригдаж байсан Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох агуулга тусгагдсангүй. ҮХНӨ-ийг хийхийн тулд намдууд болон бүх талууд ойлголцож, тохирсон байх шаардлагатай. Ялангуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тохирохгүйгээр ҮХНӨ-ийг явуулна гэдэг үлгэр. Хэрвээ Ерөнхийлөгчийн “виз”-гүй ҮХНӨ-ийг явуулах гэж оролдвол хориг тавихаас эхлээд зүсэн зүйлийн улс төр өрнөх аюултай. Тиймээс Ерөнхийлөгчийн институттэй ҮХНӨ-ийн чиглэлээр ойлголцсон учраас Засгийн газар ажлаа эхлүүлсэн гэсэн үг юм.

Харин тэрхүү ойлголцол нь чухам юу байв гэдэг сонирхолтой. Нэг удаа 6 жилээр ард түмнээс сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй ойлголцсон асуудал нь парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог болох зүйл заалтыг ҮХНӨ-ийн дундуур зүтгүүлэх байв уу. Эсвэл 6 жилийн хугацаагаа дуусгаад улс төрөөс тэр үнэхээр явахаар шийдсэн үү. Түүний бүрэн эрх одоогийн Үндсэн хуулиар 2027 онд дуусгавар болно. 59 нас гэдэг бол улс төрд хөгшин нас биш. Өөрөөр хэлбэл, ганцхан удаа 6 жилээр Ерөнхийлөгчөөр ажиллаад буух нь У.Хүрэлсүхийн улс төрд арай л багадах тул парламентаас сонгогдог болох агуулгыг мань эр битүүхэн дэмжих нигууртай.

Хэрвээ У.Хүрэлсүхэд дахин сонгогдох хүсэл байгаад, түүн дээрээ тохирсон бол Ардын намынхан ҮХНӨ-ийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийг парламентаас нэг удаа сонгоно гэдэг саналыг ХҮН намаар ч юм уу, АН-аар гаргуулаад хүч түрчихнэ. Тэнд юу л байна. Хүн хүч бий.

Магадгүй 76 гишүүний хэт олонхыг бүрдүүлж буй одоо л Ерөнхийлөгчийг парламентаас сонгох хувилбарыг оруулахгүй бол гишүүдийн тоог нэмж 100-гийн босго давуулчихвал дахиж ҮХНӨ хийхэд маш төвөгтэй нөхцөл байдал бүрдэнэ. Парламентад олон намын төлөөлөл орж ирнэ, олон гишүүдтэй тохирно гээд асар хүнд замыг туулах болно. Тиймээс энэ удаагийн ҮХНӨ-ийн хүрээнд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хувилбар орох уу, үгүй юу гэдэг сонирхол татсан асуулт хэвээрээ байна.

Мөн дашрамд сонирхуулахад, ҮХНӨ-ийн төсөл батлагдаж гишүүдийн тоо нэмэгдснээр Ерөнхийлөгчийн институт бүхэлдээ Өвөрхангай аймагт байгуулагдах Хархорум хот руу шилжин байрших гэнэ. Засгийн газраас боловсруулсан ҮХНӨ-ийн төсөлд “Төвлөрлийг сааруулах” гэх агуулгын дор төрийн дээд байгууллагуудыг Улаанбаатар хотод заавал байх зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан. Энэ өөрчлөлт батлагдвал Ерөнхийлөгчийн институтээс эхлээд ҮХЦ тэргүүтэй бусад төрийн байгууллагууд бусад хотууд руу нүүх эрх зүйн үндэс бүрдэнэ. Ингэснээр төвлөрөл саарч, хөдөөгийн сэргэлтийг эрчимжиж, хот хөдөөгийн ялгаа буурна хэмээн үзэж байгаа ажээ.

Г.Лхагвадорж

“Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болно
“Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болно
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.