Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Чингэлтэйн ӨЭМТ-үүд 740 сая төгрөгийн 82 тоног төхөөрөмжөөр иргэдэд үйлчлэх боломжтой боллоо

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 51 секунд

Эрүүл мэнд, боловсролын салбар боловсон хүчнээ гадаад улсуудад ажиллах хүч болгон "илгээж" байна хэмээх харамсал бидэнд бий. Үүнд ажиллах нөхцөл, цалин хөлс, ажлын ачаалал зэрэг олон хүчин зүйлсийг дурдаж болно. Тухайлбал, эмч ажилчдын хувьд иргэдэд сэтгэл ханамж дүүрэн сэтгэгдэл төрүүлэн ажиллахын тулд тэдэнд наад зах нь тоног төхөөрөмж сайтай ажиллах нөхцөл чухал. Харин бодит байдал дээр тоног төхөөрөмж дутмагаас иргэдээс хатуухан үг сонсож буй өрхийн эмнэлгүүд их байна. Тэгвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд анхан шатанд нь хүргэж буй Чингэлтэй дүүргийн 19 хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэхэн техник, тоног төхөөрөмжтэй боллоо. Тус дүүргээс сонгогдсон Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар эмч ажилчдад тоног төхөөрөмжүүдийг нь хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үеэр улсын "Шинэ сэргэлт-Чингэлтэй" хөтөлбөрийн хүрээнд дүүргийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлого дотор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг анхан, дунд шатны төвүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд УИХ-ын гишүүний хувиар анхааран ажиллаж байна хэмээн илэрхийлсэн юм.

-740 сая төгрөгийн өртөг бүхий 31 төрлийн 82 тоног төхөөрөмж иргэдэд "ОЙРТЛОО"-

Улсын төсвийн хөрөнгө оруулалт иргэдэд бус хэрэгцээгүй бүтээн байгуулалт, хөшөө дурсгалд зарцуулагдаж байна гэх шүүмжлэл их. Чухамдаа хүндээ чиглэсэн чухал хөрөнгө оруулалт бол өнөөдрийн энэхүү тоног төхөөрөмжийн шинэчлэл байсан гэж хэлэхэд буруудахгүй.

Суурьшиж буй хүн амын үзүүлэлтээр нийслэлдээ толгой цохидог байдал нь эргээгээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ямар чухал вэ гэдгийг харуулах чухал үзүүлэлт. Тэгвэл Чингэлтэй дүүргийн 19 хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 31 нэр төрлийн 82 тоног төхөөрөмж очиж буй нь энэ юм. Ингэхдээ нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг эмч ажилчдын өөрсдийнх нь санал хүсэлтэд тулгуурлан авсан талаар албаныхан онцолж байсан юм.

-Ж.Сүхбаатар: Бичиг баримтгүй, ЭМД төлдөггүй, амьдралын боломжгүй нөхцлөөсөө болоод төрийн үйлчилгээг авч чаддаггүй иргэддээ үзэх өдөр, цагийг харамгүй гаргаж үйлчлээрэй-

Эл арга хэмжээний үеэр Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Цар тахлын үед иргэдийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нь хүндрэлтэй асуудлуудын нэг байсан. Иймдээ ч ковидын нөхцөлд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд цаг наргүй, хамгийн ачаалалтай ажилласан хүмүүс бол өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй ажилтан алба хаагчид юм. Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй байнга холбоотой ажиллаж байсан. Хэд хэдэн удаа цахим уулзалтуудыг зохион байгуулж байсан. Энэ утгаараа эдгээр алба хаагчидтайгаа ярилцаж байгаад өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг нийтэд нь шийдье, ингэхдээ шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн жагсаалтыг өөрсдөөр нь гаргуулж авсан. Үүнийг нь төсөв дээр суулгасан. Манай дүүргийн хэмжээнд 16 өрхийн эрүүл мэндийн төв байгаа.

Өнөөдрийн хувь 32 нэр төрлийн 82 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Ингэснээр дүүргийнхээ Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ оношлогооны чадамжийг сайжруулах хөтөлбөрийг эхлүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын хуульд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх журам хэрэгжиж байгаа. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж нь байвал цус, шээсний шинжилгээнээс эхлээд хавдрын шинжилгээг ч авах бүрэн боломжтой гэж харж байна. Хэрэв өрхийн эмнэлэг аль болох 2, 3 дугаар шатлалтын эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг, олон төрлийн нарийн шинжилгээг авч чаддаг бааз суурьтай болбол гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авах боломжтой. Тиймээс бид өрхийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ, оношлогооны чадавхийг сайжруулж байгаа юм. Өмнө нь шээс, цус, биохимийн гэх мэт шинжилгээг заавал дүүрэгтээ өгдөг байсан бол одоо өрх дээрээ өгөх бүрэн боломжтой болж байна" гэсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн "УИХ-ын гишүүний хувиар нэгдүгээр шатлалын эмч эмнэлгийн ажилтнууд та бүхнээсээ аминчлан хүсэх хүсэлт байна. Дүүрэг, хороодынхоо зорилтод бүлгийн иргэдэдээ энэхүү тоног төхөөрөмжийнхөө ид шидийг үзүүлж, тэднийгээ эмчилгээ үйлчилгээ саадгүй авахад нь туслаарай. Орон даяар эрт илрүүлгийн аян явагдаж байгаа ч бичиг баримтгүй, эрүүл мэндийн даатгал төлдөггүй, бусад амьдралын боломжгүй нөхцлөөсөө болоод төрийн үйлчилгээг авч чаддаггүй иргэд гэр хорооллоор бишгүй бий. Энэ иргэдээ үзэх өдөр, цагийг харамгүй гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй иргэдээ хамруулаарай гэдгийг тусгайлан чин сэтгэлээс гуйя" гэлээ.

-ЭМЯ-тай хамтран эмч ажилчдаа тоног төхөөрөмж дээрээ алдаа мадаггүй ажиллахад анхаарна-

Тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боловсон хүчин чухал. Тиймээс ЭМЯ-тай хамтраад эмнэлгийн ажилчдаа сургах, чадавхжуулах, тоног төхөөрөмж дээрээ алдаа мадаггүй ажиллахад цаашдаа анхаарна гэдгийг энэ үеэр Ж.Сүхбаатар сайд болон холбогдох албаныхан онцолсон юм.

-Шинжилгээ өгөхдөө заавал дүүргийн эмнэлэгт хандаж, оочир дугаар хүлээхгүйгээр анхан шатны эмнэлэгтээ хандан шинжилгээгээ өгөх боломжтой болж байна-

Тоног төхөөрөмж шинэчлэгдэж буй байдалд ЧД-ийн 14-р хорооны ӨЭМТ-ийн дарга Г.Анхбаяр "Манай хороо 6461 хүн амтай. Эмнэлгийн хувьд тоног төхөөрөмж тал дээр дутмаг байсан. Хамгийн хэцүү асуудал нь ард иргэдээ 2, 3 дугаар шатлалын эмнэлэг рүү явуулж таардаг. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулж байгаа явдал нь бидний үйл ажиллагаанд ахиц, дэвшил гаргахуйц чухал хөрөнгө оруулалт болж байна. Тухайлбал, биохимийн бүрэн аппарат, анализатор, сэргээн засах физик эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг олгож байгаа. Мөн цус, шээсний шинжилгээний аппарат, зөөврийн эхо өгсөн байна. Зөөврийн эхоны хувьд шаардлагатай тохиолдолд иргэдэд үйлчлэхдээ гэрээр нь авч очоод үйлчлэх боломж бүрдэж байна гэсэн үг юм.

Эдгээр тоног төхөөрөмжүүдийг ӨЭМТ-үүд үйлчилгээндээ оруулснаар олон талын ач холбогдолтой. Тухайлбал, цус, шээсний шинжилгээг өгөхөд заавал дүүргийн эмнэлэгт цаг авч байж, оочир дугаар хүлээх шаардлагатай байдаг байсан бол энэ асуудлыг анхан шатны эмнэлэг дээрээ шийдэх бүрэн боломжтой болж байна" хэмээлээ.

-Шинжилгээ өгөхдөө ачаалалгүй, хариуг нь авахдаа цаг хугацаа алдахгүй байх БОЛОМЖ бүрдэж байна-

Харин ЧД-ийн 10-р хорооны ӨЭМТ-ийн дарга С.Одчимэг "Биохимийн аппарат, хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй зөөврийн эхо аппарат зэрэг тоног төхөөрөмжийг хүлээн авч байна. Манай өрхийн эрүүл мэндийн байгуулагдаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд өрхийн эмнэлэг дээр биохимийн шинжилгээ хийх нь бүү хэл шээсний шинжилгээ ч хийх боломжгүй байсан. Өрхийн эмнэлгүүд ийнхүү өдрөөс өдөрт хөгжсөөр байна.

Өрхийн эмнэлгүүд тоног төхөөрөмжийн хувьд чадавхжих нь олон иргэнд хүрч ажиллах боломж бүрдэж байна гэсэн үг. Жишээлбэл, биохимийн аппарат нь цагт 200 илтсийн шинжилгээг хийх бүрэн хүчин чадалтай. Гэтэл хэзээ ч өрхийн эмнэлэг дээр нэг өдөр 200 шинжилгээ ирэхгүй. Хамгийн дээд тал нь 15-20 иргэн л биохимийн шинжилгээ өгнө шүү дээ. Өөрөөр хэлбэл, бүрэн хүчин чадлаараа хурдтайгаар ажиллах боломжтой болсон гэсэн үг. Хоёрдугаарт, бид өглөө шинжилгээ авсахн бол өдөр гэхэд хариуг нь шинжилгээний хариуг нь өгч чадна. Хэрэв дүүргийн эмнэлэгт шинжилгээ өгвөл олон цаг хүлээгдэнэ. Түүний эрсдэл их шүү дээ. Тиймээс энэ талын эрсдлийг ч бууруулж буй юм" гэлээ.

-14 дүгээр хороонд эрт илрүүлэг, үзлэг оношлогооны төвийг шинээр барьж ирэх онд ашиглалтанд оруулна-

Өмнө хэлсэнчлэн эрүүл мэндийн тусламж үлйчилгээ чиглэлд хийгдэж буй ажил үүгээр дуусахгүй гэлээ. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд Эрүүл мэндийн төвийн дэргэд орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон эрт илрүүлэг, үзлэг оношлогооны төвийг шинээр барьж 2024 онд ашиглалтанд оруулахад анхааран ажиллаж байгааг Ж.Сүхбаатар сайд хэлсэн юм. Одоогоор бүтээн байгуулалтын ажил суурь цутгалтаа хийгээд энэ жил барилгын ажлыг дуусгахаар зорьж байгаа аж.

Иргэд шинжилгээ өгөхийн тулд 2 болон 3 дугаар шатлалын эмнэлэгт ханддаг байсан байдлыг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийгдэж буй тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажил ийнхүү "халж" байгаа юм

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 9 хэм дулаан, үүлшинэ
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 9 хэм дулаан, үүлшинэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.