Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.НАРАНБАЯР: Би иргэдээсээ их юм “ШААРДДАГ” гишүүн болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
30 минут 10 секунд

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог, БЗД-т нэр дэвшигч Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯРтай ярилцлаа.

-БҮХ БАЯНЗҮРХЧҮҮДЭЭ ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛД БАГТААЯ ГЭЖ БОДСОН-

-Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжиллээ. Ямар зарчим баримталж ажиллав?

-Нэгдүгээрт, багтайгаа чин сэтгэлийн харилцаа тогтоох нь миний номер нэг зорилго байсан. Баг дотроо эв түнжингүй бол юунд ч хүрэхгүй.

-Хоёрдугаарт, мэдрэмж гэдэг юмаараа явлаа. Баянзүрхчүүдийнхээ төлөө, сонгогчдынхоо төлөө гээд өглөө босохоор зам нь харагдаж байдаг. Ямар ч их ачааллыг мэдрэмжээрээ зохицуулан ажиллаа.

-Гуравдугаарт, хүн бүрд энгийн байдлаар хүрэхийг зорилоо. Энгийн гэдэг нь жүжиглэнэ гэсэн үг биш, өөрийнхөө байгаагаар, өдөр тутам хийдэг байдлаар хүрэхийг хэлж байгаа юм.

-Дөрөвдүгээрт, магадгүй улстөрийн шинэ төрх байсан байх. Нэр дэвшигч гэсэн тууз зүүчихээд, орцны үүд, автобусны буудал, худаг дээр гээд, дотор нь ороод явахаар ард түмэн их хүлээдэг юм байна.

-Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна. Хичнээн телевиз, студид ярилцлага өгөв өө?

- 40 орчим байгаа шүү. Сонгогчидтойгоо 60 гаруй уулзалт хийлээ. Автобусны буудал, зах, худаг гээд олон нийтийн газраар явж сонгогч бүртэй биечлэн уулзахыг хичээсэн. Өдөр бүрийн тэмдэглэлээ нэгтгэвэл сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 15 мянган сонгогчтой биечлэн уулзсан байна.

- Сонгогчид уулзалтуудад хэр ач холбогдол өгч байна?

- Маш их ач холбогдол өгсөн. Миний гайхлыг төрүүлсэн зүйл нь мөрийн хөтөлбөрийг маш сайн уншиж байна. Бүр бүрэн эхээр нь шаардаад авч байна. Гучин нүүр шүү дээ. Бүтнээр нь уншмаар байна гэж нэхэж байгаад хэд хэдэн хүн авсан.

- Тэд хашир болсон гэсэн үг үү?

- Сонгогчид шинэ юмыг хүлээж байгаа. Хариуцлагатай сонгууль хийе гэж бодож байгаа нь харагдаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд таарсан нэг охин өөрийнхөө тойргийн нэр дэвшигчдийн зургийг хэвлэчихсэн өврөөсөө гаргаад ирж ярилцсан байхгүй юу. Би өглөө гүйж яваа хүнтэй таарч байгаа нь шүү дээ. Энэ, энэ хүнийг нөхөртэйгөө ярилцаж байгаад дарчихсан, энэ дотроос хэнийг нь та зүгээр гэж бодож байна гэж асуусан.

Нэг эмэгтэй бүр, та нар яаж залуучуудын улс төрийн идэвхийг сэргээх талаар яриач ээ. Малайзийн жишээг ярь л даа гэсэн. Тэр хүн бол Малайзад олон жил амьдарсан хүн байсан. Би зөвлөгөөг нь аваад “Ганц хором”-доо ярьсан.

Сонгогчдын боловсрол маш өндөр байгаа нь харагдаж байна. Гэр хороололд явж байхад Хадаа гэдэг хүн бол “Та нар ажил өг. Бид бүхэн та нараас бэлэн мөнгө хүсээгүй. Зүгээр л ажлын байр бий болгоод өг” гэж нэхээд, би тэр хүнтэй хашааны сүүдэрт нэлээн халуун яриа өрнүүлж байлаа.

Эхлээд худаг дээр нь очиход над руу дайрч байсан эмэгтэй ч бий. Гуравдахь удаагаа очиход ямар сайхан хүлээж авсан гээч. Тэгэхээр хүн чинь олон дахин уулзаад ирэхээр итгэл төрдөг юм байна л даа.

-Уулзалтууд хэр үр дүнтэй болж байв?

-Яг дотор нь ороод ярилцаад үзэхээр хүн гэдэг чинь хана хэрэм биш байхгүй юу. Эхэндээ хана руу ус цацаж байгаа юм шиг эргээд над руу ирдэг байсан бол сүүлрүүгээ миний үг хүмүүст нэвчин орж буйг би мэдэрсэн. Ийм юмыг би мэдэрсэн учраас надад айдас алга. Буруу юм хийчихсэн, худлаа ярьсан хүн бол илрэхээс айдаг.

-Үүнийг л өөрчилье гэсэн дүр зураг байв уу?

-Нэг эмэгтэй бүр уйлж байгаад ярьсан. Би эгчийгээ хагалгаанд оруулах гээд мөнгөгүй аргаа барж байхад улстөрчид та нар хэдэн арван сая төгрөгийг сурталчилгааны самбарт зарцуулж байна. Энэ хэрэггүй хулдаасан хэвлэлд ийм үргүй зардал гаргаж байна. Та бүхэнд хүний амь нас үнэтэй биз дээ гээд уйлж байсан. Тэгээд би тэр эмэгтэйн яриаг фэйсбүүк хуудас дээрээ тавиад, хүмүүсийг түүнд туслахыг уриалсан. Уулзалтад ирсэн тэр сонгогчийн яриа өр өвдөм байсан.

Загдаагийн “Зөв амьдрах ухаан” ТББ дээр очиход аливаа зүйл харагдсан шигээ биш юм байна гэж бодсон шүү. Миний ч уулзалтыг лайваар харж байсан нөхөр бас “яг тантай нүүрээрээ уулзахад өөр байна, таныг дэмжинэ ээ” гэж байгаа юм. Би Загдаагийн ТББ-ын талаар сөрөг мэдээлэлтэй байсан. Тэгээд тэнд очтол хүмүүс нь гэр бүлээрээ байдаг юм байна. Энэ чинь маш ухаалаг шийдэл байхгүй юу. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэж монголчууд ярьж ирсэн. Гэр бүлээрээ ингээд байж байх чинь хүмүүсийн аз жаргал байхгүй юу. Тэнд байгаа хүмүүс бол Загдааг маш сайхнаар дурсаж байна лээ. Манай шүүхийн систем оргон зайлахгүй нь тодорхой байвал хүнийг хорихоо болиосой гэж л бодлоо.

-Та хуулийн тэгш үйлчлэл, боловсролын, эмнэлгийн үйлчилгээний тэгш хүртээмж гэж их ярьж байна лээ. Сурталчилгаа хийж явахад тэгш бус байдлыг хэр мэдрэв?

- Тэгш бус байдал үнэндээ газар авсан. Арван мянга гаруй хүн амтай 14-р хороонд л гэхэд төрийн өмчийн сургууль,  цэцэрлэг байхгүй. Хамгийн аюултай нь бид үүнийг гайхахаа больчихоод байгаа. Манай намын Доржханд “Бид Африк шиг болж болохгүй” гээд хэлж байна лээ. Энэ үнэн. Африкийн ядуучууд тахианы мөч олдвол дээрээс нь хар перц асгаж байгаад л түүхийгээр нь идчихдэг, шалбааг ус уучихдаг, муухай хэлбэл мал шиг өсөж байна. Гэтэл хэдхэн км-ийн цаана баячууд нь амьдардаг. Шатны бариул нь хүртэл алт, дэлхийн хамаг мундаг багш нарыг мөнгөөр авчраад сургуулиуддаа хичээл заалгадаг. Гэтэл юу болж байна гэхээр тэнд байгаа баячууд сэтгэл санааны тайван байдалд хэзээ ч байхгүй байгаа. Хэзээ намайг дэлбэлчих вий, хэзээ бослого гарахвий гээд. Манай Монгол ийм болоход ойрхон болчихсон байна.

-Таны сурталчилгааны шинэлэг зүйл нь юу байв?

-Хүмүүс япон хэв маяг гээд бичээд байна лээ. Япон ямар сонгуулийн аргыг өмчилчихсөн юмуу. Хамгийн гол нь хүнд яаж хүрэх вэ, хүний сэтгэлийг хэрхэн хураах вэ гэдэг нь гол асуудал. Тэгэхээр тууз зүүсэн нь, өглөө  бүр автобусны буудал, захуудаар явж мэндчилсэн нь хүмүүст шинэлэг санагдсан юм шиг байгаа юм. Эсрэгээрээ миний хувьд манай багийнхны урилга, сонин тараахдаа эрвээхий хайчлаад, нугалаад, утсаар уяад ажилласан нь хамгийн шинэчлэг байсан. Маш олон хүнд таалагдсан. Үүний ард манай баг хамт олон байлаа шүү дээ.

-Сэтгэлдээ бол би бүх Баянзүрхчүүдээ өөрийнхөө сэтгэлд багтаая гэж бодсон. Урьд нь бол би сургуулийнхнаа ингэж бодож явдаг байсан. Нэг ч гэсэн хүүхэд битгий гэмтээсэй, хөдөө орон нутаг руу явахдаа машин тэрэг нь гаагүй байгаасай гээд. Тэрнийгээ л жаахан томруулчихаж байгаа юм.

-Та ямар шашинтай вэ?

-Бурхны шашинтай.  Гэхдээ их сүртэй биш. Би “Очироор огтлогч” судрыг англи, япон хэлнээс орчуулж байсан. Энэ гайхамшигтай судраас би асар их хүчийг олж авсан. Аливаа зүйлийг сэтгэлдээ багтааж чадсан эсэхээс бүх зүйл эхэлдэг. Сэтгэлд чинь багтаагүй бол бүү хий, багтсан бол зоримог хий. Би өөрөө өөртэйгөө ингэж л ярьдаг.

-АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ВИЙ ГЭЖ ОГТХОН Ч АЙХГҮЙ БАЙНА-

-Та боловсролын шинэчлэлийг хийнэ, Сайн сургуулийг таны дэргэд авчирна гэж ярьж байна. Энэ ажлаа юунаас эхлүүлэх гэж байна?

-Өнөөгийн байдал бол авлигын үр дүн. Албан тушаалаа худалдаад авчихсан хүмүүсийн бий болгосон асуудал. Захирал, менежер болохын тулд хахуулиа өгөөд болчихдог хавтгайрсан үзэгдэл бий. Тийм биш нь ч байгаа. Нэгдүгээр сургуулийн захирал авлига авч байхдаа баригдсан явдал гарсан шүү дээ. Авлигаар орсон албан тушаалтнуудыг хөөж явуулах хэрэгтэй, дахиж төрийн албанд оруулахгүйгээр. Ингэж байж л боловсролын салбар шинэчлэгдэнэ. Энэ төрийн хэдэн өмчийн сургуулиудын боловсон хүчнийг нь холих хэрэгтэй. Нэгдүгээр сургуульд насаараа хадагдсан багшийг шууд хотын захын сургуульд аваачих хэрэгтэй. Энэ чинь нүсэр бус төсөр сэтгэлгээ. Иймэрхүү маш хурдан хийж болох зүйл олон бий.

-Шигүү хорооллуудад сургууль байхгүй байгаа. Үүнийг яаж шийдэх вэ?

-Газрыг авлигаас хурдан салгах ёстой. Хууль бусаар авчихсан газрыг хууль ёсоор нь сургуульд зориулах ёстой. Энэ боломжийг Иргэдийг төлөөлөгчдийн хурал, Хотын захиргаа нь олгохгүй байна.

-Хууль бус газрыг чөлөөлнө гээд барьсан барилгыг нураах юмуу?

-Баригдаагүй барилга зөндөө бий. Сургуулийн зориулалттай газар гэж авчихаад хувь хүний карманд хийсэн газар зөндөө бий. Би тэдгээр газруудыг хэлж байна. Нэгэнт баригдсан газар, тэнд нь хүн орчихсон, хувийн өмч болчихсон газар луу бол бид халдаж чадахгүй.

- Амласнаа биелүүлж чадахгүй бол яана даа гэсэн айдас төрж байна уу?

- Огт байхгүй.

- Яаж ийгээд хийнэ дээ гэж үү?

- Яаж ийгээд биш, гуядаад хийнэ. Би бэлэн юм амлаагүй. Гэхдээ амласан зүйлээ хийнэ. Ёс зүйтэй зарчимтай улстөр. Үзтэл үнэнээр явагчийн үргэлж дэмждэг төрийг бий болгоно. Ажлын байрыг бий болгоно, монголчуудаа ядуурлаас гаргана. Гэхдээ би хишиг өгөхгүй, юм тараахгүй.

-Амлалтаасаа айхгүй байгаа бас нэг зүйл нь би УИХ гишүүн болоод зөв хүнийг зөв газарт нь тавина. Тиймээс би айхгүй байна. Үзтэл үнэнээр явагчийг үргэлж өөд нь дэмжинэ. Энэ бол хүчирхэг зарчим шүү. Ингэж байж л урагш явна. Амархан байгаа биз.

-Та амархныг нь сонгодог хүн үү, адармаатайг нь сонгодог хүн үү?

- Би хоёуланг нь сонгодог. Адармаатай юм чинь амархан л байдаг. Хүн адармаатай гэж л харж байгаа болохоос хийхэд амархан байх нь бий. Амархан харагдавч хийхэд адармаатай байх нь ч бий. Би “Очироор огтлогч ертөнц”-өөр хариулаад байна. Нэг сонгочихсон бол олон юм боддоггүй, хаашдаа сонгочихсон юм чинь.

- Ковид-19, эдийн засаг хямарчихсан гэх мэт шалтгаанаар амлалтаа биелүүлэхэд хэцүү нөхцөл байдал үүсэхгүй юу?

- Бид бэлэн юм амлаагүй. Ялгаа нь энд л байгаа юм. Бид ажлын байр бий болгоё л гэсэн. Энэ чинь мөнгө санхүү, макро эдийн засаг, зээлийн бодлогын асуудлаар зохицуулах боломжтой зүйл. Үүнд би 100 хувь итгэлтэй байгаа.

Яагаад ийм мэдээжийн зүйлийг өмнө нь хийж өгөөгүй юм бэ гэдэг чинь харин хэцүү нөхцөл байдал. Хийхгүй явж ирсэн нь өөрөө гайхал төрүүлээд байна. Төр л байгаа цагт ажлын байр бий болгоход анхаарах ёстой гэдэг чинь мэдээжийн асуудал шүү дээ. 

-АРДЧИЛАЛ БОЛ ХАРИУЦЛАГА МӨН ОРОЛЦОО-

-Та шинэ хэв маягийн улстөрийг сонгооч гэж уриалсан.  Шинэ хэв маяг гэж юуг хэлээд байна?

-Би сонгогчдоосоо маш их юм “шаарддаг” улстөрч болно. Би оролцоог нь шаардах юм. Ардчиллын гол үнэт зүйл чинь оролцоондоо байдаг. Өөрсдөө оролцоод хийчихсэн бол түүндээ хүн сэтгэл ханаж байдаг сонин амьтан шүү дээ. Оролцоогүй бол хүний юмыг дандаа шүүмжилдэг, би байсан бол ингэх байсан гээд. Гэтэл Наранбаярын хийж бүтээсэн зүйлд, боловсруулсан хуулинд тухайн хүний оролцоогоор ганц А үсэг орсон л бол сэтгэл ханамжтай байдаг. Түүнчлэн би өөрөө төр барьж байна, төрийн жолоог атгалцаж байна гэсэн мэдрэмж хүнийг хариуцлагатай болгож байдаг. Тэгэхээр ардчилал бол хариуцлага мөн оролцоо мөн. Энэ утгаараа би сонгогчдоосоо шаардана.

-Жишээ нь Багшийн тухай хуулийг боловсруулаад батлуулах гэвэл шууд хана мөргөнө. Хана мөргөвөл багш нарыг жагсаад өгөөч, чанга дуугараад өг, миний хэлснийг шэйрлээд өг гээд шаардана. Энэ утгаар би сонгогчидтойгоо заавал эргэх холбоонд орох юм. Сонгогчдынхоо царайг цээжилтлээ эргэх холбоотой байна гэж бодож байгаа.

-Гэхдээ би улстөрийн тэмцэл хийхгүй ээ.  Зарчмаа л барина. Эрх мэдлийн төлөө тэмцэхгүй. Чадах хүнд нь л үүнийг өгнө. Ажлын ачааллыг үүрч чадах, чин сэтгэлээсээ ажиллаж чадах хүнийг л дэмжинэ. Тэмцдэг хүмүүс нь тэмцдэг л юм байгаа биз. Би бол улстөрийг өөрөөр харж байна. Зөв ёс суртахуун, зарчим гэдэг зүйлд ард түмнээ уриалж чаддаг, хүнээсээ хүчээ авч чаддаг, тийм л улстөрч байна.

-Багшийн хөгжлийн хууль гэж байгаа юм билээ. Багшийн тухай хууль хэрэгтэй юм уу?

-Түүнийг хүчингүй болгоно. Багшийн хөгжлийн хууль нь тодорхой шийдсэн асуудал тун бага. Мөн багшид баахан ачаалал өгчихсөн. Багш нараар хөгжсөн явцаа тэмдэглэ гээд өдрийн тэмдэглэл хөтлүүлдэг. За болиод өг, багш хүн чинь хүүхэд биш шүү дээ. Арай дэндүү шүү.

-Таныг япон школоор бүх зүйлийг зүйрлээд яваад байна гээд байгаа? Монгол бол Японоос эрс өөр орон шүү дээ.

- Тийм ээ. Монгол бол шал өөр ертөнц. Бид чинь дэлхийн түүхийг бичсэн агуу ард түмэн шүү дээ. Гэхдээ Бид Японоос бүтээлчээр сурах зүйл их байна. Японы улстөрийн цэвэр тунгалаг байдал, улстөрчдийн хариуцлагатай байдал, улстөрчдөөсөө хариуцлага нэхдэг ард түмний оролцоо, ухамсар. Үүнээс бид суралцах ёстой. Японд ардчилал хөгжөөд хамаагүй олон жил болчихсон ард түмэн учраас бид суралцах ёстой. Тэрнээс биш япончуудаас суралцана гээд бөхөлзөхийг нь бид суралцах албагүй шүү дээ. Бас байгалийн баялаггүй улс орон шинжлэх ухаанаа хөгжүүлээд яаж хөгжиж байгаагаас сурах хэрэгтэй.

-МИНИЙ ХҮРЭЭЛЭЛД ИЙМ СЭТГЭЛ БАЙХАД ӨРСӨЛДӨГЧДИЙН ГАРГАЖ БУЙ БУСАД АСУУДАЛ ЁСТОЙ ЖИЖИГХЭН САНАГДАЖ БАЙГАА-

-Та энэ жил анх удаа нэр дэвшлээ. Улстөрийн хувьд бэрхшээл бараг амсаагүй, элдэв сорилттой тулаагүй хүн. Улстөрийн зорилгоор давшаад ороод ирвэл яана даа гэж айж байна уу?

- Огтхон ч үгүй. Миний фэйсбүүк хуудас дээр нэг зураг байгаа. Би сонгуулийн сурталчилгааны хоёр дахь өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зам дээр зогсоод замын ард байдаг чулуун хотхонууд руу хараад зогсож байлаа. Тэгэхэд надад “холхи газар гялалзан харагдах улаан оч оо” гэдэг шиг л маш алс хол санагдаж байсан. Энэ мөч чинь л айдас байхгүй юу. Яагаад гэвэл би тэднийг мэдэхгүй, тэд намайг мэдэхгүй. Хүн чинь мэдэхгүй юмнаасаа айдаг инстинктэй амьтан байхгүй юу. Тэгээд би тэр үед айдсаа давсан. Би яах гэж улстөрд орж байгаа юм, хүмүүсийн төлөө зүтгэх гэж орсон. Би өөрийнхөө хувийн эрх ашигт нийцүүлж улстөрд ороогүй. Би “Шинэ Монгол” шиг олон сайхан сургууль бий болгоё гэж, ирээдүйд хийж бүтээе гэж орсон. Тиймээс зориглож нэг орсон бол, хийвэл бүү ай, айвал бүү хий гэж өөртөө хэлсэн. Яг тэр мөчийг зурагчин маань араас авсан байсан. Өдөр бүрийн уулзалтыг харуулдаг фото сурвалжлагад орсон зураг.  

-Том намууд эхлүүлснээ гүйцээе. Дахиад сонгочих гээд байна.

- Тэд хэзээ ч гүйцээхгүй. Бүтэхгүй зүйлийг амална гэдэг өөрөө утопи. Түүнд хэзээ ч хүрэхгүй. Гэтэл хүний амьдрал бас тийм байдаг. Бүгдэд нь хүрчихвэл аз жаргалгүй болчихдог. Тэгэхээр улстөр гэдэг юм ёс зүйтэй, зарчимтай байж байж бүх зүйлрүү зална. Гэхдээ хүний амьдралд хэрэгтэй аз жаргалын ойлголтыг бид зөвөөр ойлгох хэрэгтэй. Аз жаргал гэдэг чинь хөгжлийн тулгуур ойлголт. Миний ажиллаж байсан “Шинэ Монгол” сургуулийн үзэл санаанд ч үүнийг томъёолж оруулсан. Энэ бол улс орны үндэс юм гэж боддог. “Бусдад туслах талархах сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаж, өрөөлд аз жаргал бэлэглэж өөрийн аз жаргалыг дархалж явсу” гэж. Үүн дээр сэтгэл ханамжийн асуудал гарч ирж байгаа юм. Сэтгэл ханамж хэзээ бий болдог гэдгийг философийн биш хөгжлийн үүднээс нь тайлбарлаж хэлбэл, сэтгэл ханамж хүн шиг амьдрах үед, эрхэмсэг орших үед гарч ирдэг. Мөн бусадтай өөрийгөө зүй бусаар харьцуулахаа болих үед. Тэгэхээр хүчирхэг хүн хэзээ бий болдог вэ гэхээр  бусадтай өөрийгөө хэзээ ч харьцуулалгүй бие даасан шийдвэр гаргаж, өөрийн гэсэн үнэт зүйлийг үзэлтэй болсон үед бий болдог.

-Өрсөлдөгчид хэр шударга өрсөлдөж байна?

- Тун гаагүй шүү.

-Шударга бус үйлдэл гаргаагүй юу?

- Өнөөдөр л гаргачихгүй бол гараагүй. Нэг удаа хакердах гэж оролдсоныг эс тооцвол.

- Ухуулагчдыг тань хог түүсэн гээд цагдаад өгсөн биз дээ?

-Манайхан “Ковид-19”-ийн журмаа бариад ухуулах байрныхаа эргэн тойрныг цэвэрлэснийг төрийн үйлчилгээг үнэгүй үзүүлсэн гээд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад гомдол гаргачихсан. Хаанаас ирснийг нь би мэдэж байгаа. Гэхдээ ямар ч хуулийн үндэсгүй учраас няцаагдсан. Гэхдээ хамаагүй ээ.

6 сарын 20-нд иргэдтэй өргөтгөсөн уулзалт хийх хүсэлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүлээн авч, бидэнд цагаа өгч байсан. Гэвч том намын шахалтаар, “Ковид 19”-ийн журам гэдэг нэрээр уулзалтын урьд өдөр нь цагаа өгөхөө больсон. Тэгээд “Шинэ Монгол” сургуулийн гадаа уулзалтаа хийж 1000 орчим хүн ирсэн. Тэр олон хүнтэй уулзалтыг цуцалчихгүйн тулд Ж.Галбадрах багш нэг шөнийн дотор сургуулийн төмөр хашаануудаа тас тас авсан. Миний хүрээлэлд ийм сэтгэл байхад өрсөлдөгчдийн гаргаж буй бусад асуудал ёстой жижигхэн санагдаж байгаа.

-Улстөрд бохир заваан юм байна их гарч ирдэг шүү дээ.

- Хоёрдугаар сард нэр дэвшихээр шийдэж байхад эргэн тойрныхон маань улстөр гэдэг чинь аймаар ертөнц шүү, урвадаг шарвадаг. Чамайг зүгээр явахад чинь зүүгээр хатгаад алчихна, шударга явахад чинь шуудуунд унагаад алчихна гээд л. Би ч дотроо хийх юмаа хийе, яадаг юм л гэж бодсон. Одоо ингээд хорь хоног явахад надаас урваад намайг зовоосон юм алга.

-“Z” ҮЕИЙНХЭН БИДНЭЭС ИЛҮҮ МЭДЭЭЛЭЛТЭЙ, БИДНЭЭС ИЛҮҮ БОЛОВСРОЛТОЙ БОЛЧИХОЖ. ТЭДЭНД ИТГЭЛ Л ДУТАЖ БАЙНА-

-Энэ жилийн сонгуулийн онцлог юу байв?

-Сошиал ертөнц. Монголын хэвлэл мэдээлэл суларсныг харууллаа. Хүмүүс сошиалаас мэдээлэл авахыг хүсдэг болсон нь харагдаж байна. “Фэйсбүүк” бол Монголоос хэдэн сая долларыг авлаа даа. Тэгэхээр энэ салбарт ажилладаг хүмүүс ингээд зүгээр сууж болж байгаа юмуу. “Фэйсбүүк” Монголын баялгийг дээр үеийн хар, шар феодалууд шиг сорж авч байна шүү дээ. Сонгуулийн хууль нь ч тэгэхээр хийгдчихсэн. Тэгээд сонгууль хийх нэрээр том намууд хэдэн зуун саяар, магадгүй тэрбум төгрөгөөр сошиалд сурталчилгаа цацаж байна. Би гэхэд хэдэн сая төгрөг бүүстэд зарцуулсан. Энэ чинь худалдааны алдагдалд нөлөөлнө. Энэ зүйлийг бид яагаад олж харахгүй байна. Би үүнийг гайхаад байна. Ирэх сонгууль дээр Монголын компаниуд ийм мөнгийг өөртөө шингээж авахуйцаар нөхцөлийг бий болгохын тулд би явна.

-Намайг улстөрч болсон хойно наймаачин юмуу, улстөрч юмуу гэж гайхахуйц болох байх. Икида гэдэг Японы ерөнхий сайд байсан. Ерөнхий сайд байхдаа Францын ерөнхийлөгч  Шарль Де Голльтой уулзсан. Шарль Де Голль түүнтэй уулзсаны дараа “би нэг улсын ерөнхий сайдтай уулзчихав уу, эсвэл транзисторын наймаачинтай уулзчихав уу” гэсэн гэдэг. Энэ их нарийн учиртай үг. Икидагийн үед “Sony” дөнгөж гарч ирж байсан. “Sony”-гийн хамаг транзисторуудыг зарчихгүй юу. Төр нь ингэж ажиллаж байж Японы эдийн засаг босч ирсэн. Би тийм төрийг бий болгохыг хүсч байгаа. Хамаг л аж ахуй нэгжүүдээ дэмжээд гүйж байдаг. “Фэйсбүүк” Монголын баялагийг сорж байгаад улстөрчийн хувьд би дургүй байгаа. Ингэж харж байгаа улстөрч ховор байгаа байх. Гэхдээ би үзэж тарна. Үүнтэй тэнцэхүйц хэмжээний монгол IT компаниудыг босгохын тулд би бүхнийг хийнэ. Гэхдээ “Фэйсбүүк”-ийн монголд бий болгосон сайн талыг үгүйсгэхгүй. Зарим хэвлэл мэдээллийнхэн хаалтын гэрээ гэсэн зүйлийг хийж улстөрчдөд үйлчилдэг, эзний сэтгүүл зүй гэж аймаар юм байна. “Фэйсбүүк” бол үүнийг зад татсан.

-Сошиалыг харахаар залуучууд саналаа өгье, өөр сонголт хийе гэсэн мессеж маш их байх шиг.

- Гуч, гучин жилийн мөчлөгөөр төр улс эргэдэг. Энэ удаагийн мөлчөгт залуучууд маш гэгээлэг байна. “Z” үеийнхэн биднээс илүү мэдээлэлтэй, биднээс илүү боловсролтой болчихож. Энэ хүүхдүүд өөртөө итгээд, бусдад итгээд, ирээдүйдээ итгэвэл тэд маш том өөрчлөгч хүч. Тэдэнд итгэл дутаж байна. Би ганцаараа юуг өөрчлөх бол гэсэн бодолд ээрэгдээд байна. Ганцаараа ч хамаагүй саналаа өгчихөөд харъя гэсэн алхмыг хийх хэрэгтэй.

-Танай эвслээс олон хүн парламентад орж чадахгүй бол бусад намуудтай хэрхэн хамтран аижллах вэ?

-Маш уян хатан байна. Хүчний хувьд сул нь байнга олон нийтэд хандаж байдаг, нөлөөлөх хүчээ нэмэх зорилгоор. Би тийм л тоглолт хийнэ. Гэхдээ би хөмсгөө зангидаж бусад руу дайрахгүй. Хоёрдугаарт, би хэн нь Монголын төлөө, боловсролын төлөө, эрүүл мэндийн төлөө байх юм, тэр хүнтэй очиж гар барина. Үүнд хувь хүний асуудал гарахгүй. Жишээ нь сонгуулиар авах юмгүй үзэлцсэн гээд яах юм. Нам дамнасан монгол хүний эрх ашиг гэж байна шүү дээ. Манай ХҮН намын ямар ч хүн үүнийг ойлгоно.

- П.Наранбаяр УИХ-ын гишүүн болвол ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд огцрох уу?

-Алдаа гаргахаас айгаад яваад байвал жинхэнэ тэнэг зүйл болно. Ёс зүйн ноцтой юм гарвал шууд ажлаа өгнө. Бага зэргийн юм байвал уучлал гуйна. Маш жижиг зүйл дээр огцоръё гэвэл Баянзүрхчүүд гомдоно биз дээ, яах гэж ийм хариуцлагагүй хүнийг сонгов оо гээд.

-Таныг цэвэр хүн, зөв хүн гэсэн имидж тогтож байна. Ингэж гарч ирсэн улстөрчдийн араас янз бүрийн фактууд их гарч ирдэг. Таныг ухвал тийм зүйл гарч ирэх үү?

- Цэвэр имидж төрхөөр гарч ирсэн хүн хийсэн зүйл нь жоохон болж харагдаж болно. Харин бохир хүн жоохон гэгээлэг зүйл хийхэд том ажил шиг харагддаг. Гэхдээ би үүнээс айхгүй байна. Надад ЖДҮ хуссан зүйл байхгүй, газрын наймаа байхгүй. Ухаад ч юм гарч ирэхгүй ээ. Итгэлтэй байна.

-Олны танил хүмүүс таныг их дэмжиж, нөхөрлөж байна. Энгийн хүмүүс таныг дэмжиж буй онцгой түүх байна уу?  

-Байлгүй яахав. Завханы Тосонцэнгэлийн Сүхээ ах маань байна. Манай Нараа нэр дэвшиж байна гээд хөдөөнөөс давхиж ирээд ухуулагчаар ажиллаж байгаа хүн шүү дээ. Машинаа мөргүүлчихээд Тосонцэнгэлд нэг дэлгүүрт очсон чинь Сүхээ ахтай таараад, машинаа засуулаад, бидний нөхөрлөл эхэлсэн. Дараа жил нь би дахиж очсон. Тэгээд энэ жил намайг нэр дэвшиж байгаа гээд хүрээд ирж байна. Дорноговийн Эрдэдэнэдалайд, Дундговийн Дэлгэрхангайд байна, Төв аймгийн Баянгүнзгий суманд найз малчин залуу байна. Ийм энгийн сайхан нөхөрлөл зөндөө шүү дээ. Хэнтэй ч чин сэтгэлээсээ харилцдаг байхад л болно.

-“Шинэ Монголын Наранбаяр гэж хэн бэ” гэсэн сошиал давлагаа өрнөсөн байна лээ. Хүмүүс таны талаар өгүүлж буй хамгийн их давтагдсан дүгнэлт юу байв?

-Маш олон хүн намайг дэмжиж буйгаа хэлж, миний тухай дурсамжаа ярьсан байна лээ. Намайг ингээд дүгнэчихэж гэхээсээ илүү мартсан сайхан дурсамжуудаа санаж асар их урам зориг авсан.

-Сонгуулиар хүссэн үр дүн гарахгүй бол яах вэ?

-Дараагийн сонгуульд үзнэ.

 

Ярилцсан: Г.Мандахбилэгт

Авто замуудыг нээлээ
Авто замуудыг нээлээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.