Монгол Улсын Засгийн газрын “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-үүд хэрэгжиж, Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу "Геосан" ХХК-ийн "ЦЕСНА ГРАНД КРАВАН 208В" бага оврын онгоц нисгэж эхэллээ.
Алтай, Бугат сумд нь аймгийн төвөөс алслагдмал, хүн ам ихтэй, өндөр уулс, даваа бартаатай, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төв рүү зорчиход хүндрэл үүсдэг.
"Цесна Гранд Краван 208В" онгоц нь 12 хүний суудалтай, 8340 м өндөрт 341 км/цагийн хурдтай, 1700 км алслалттай ниснэ.
Бага оврын онгоц нисэж эхэлснээр алслагдмал сум суурингийн өндөр настан, нялх хүүхэдтэй эхчүүд, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд аймгийн төв, нийслэл хот руу түргэн шуурхай зорчих боломж бүрдэж, төрийн үйлчилгээ иргэдэд ойртож байна.
Цаашид 21 аймгийн 116 байршилд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн зурвас байгуулах бөгөөд эхний ээлжинд Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Хэнтий аймгийн Галшар, Биндэр, Дадал зэрэг сумдад хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Зам тээвэр хөгжлийн яам