Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 20 секунд

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2023.04.10) хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улстай олон жилийн турш хамтран ажиллаж, парламентын чадавхыг бэхжүүлэх тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархалтай байдгаа илэрхийлэв.

Хатагтай Илейн М.Конкиевич цаг гарган хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумын талаар товч танилцуулсан юм.

Тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын зургаан эксперт оролцохоор хүрэлцэн ирсэн. Форум "Жендэрийн тэгш байдлын төлөөх улс төрийн намын манлайлал", "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл" сэдвийн хүрээнд хоёр өдөр үргэлжилнэ гэдгийг хатагтай Илейн М.Конкиевич тэмдэглэв. Тэрбээр, шийдвэр гаргах түвшинд тэр дундаа парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн чухлыг онцлоод Улсын Их Хурлын даргын хувьд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг хоёр жил гаруйн хугацаанд Улсын төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж, улс төрийн намууд, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудыг оролцуулсан цуврал хэлэлцүүлгийг явуулж, санал авсан. Намууд улсын хэмжээнд бодлого, үйл ажиллагаа явуулдаг, санхүүжилт, орлогын эх үүсвэрээ ил тод зарладаг, хөрөнгөө олон нийтэд ил тод мэдээлдэг байх зэрэг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан хуулийн төсөл бэлэн болсон. Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэлээ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа ардчилсан улс орнуудад тавигддаг нийтлэг, гол шалгууруудыг хангахыг зорьсон. Мөн төрөөс намуудад үзүүлэх дэмжлэг, санхүүжилтийг ил тод болгох, бодлогын намыг төлөвшүүлэх, жендэрийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэнцвэртэй хангах зэрэг зохицуулалтыг тусгасан. Монголын ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намын тогтолцооны шинэчлэлийг хийхэд дэлхий дахины ардчиллын гол байгууллагууд болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Венецийн комисс, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудын дэмжлэг, санал зөвлөмж чухал ач холбогдолтой болохыг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хатагтай Илейн М.Конкиевичийг “Ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургууль хамтран ирэх зургаадугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулганд оролцохыг урьсан юм.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, Английн Ноттингемийн Их сургуулийн дэд профессор, Др.Фернандо Касаль Бертоа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

3х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох “Дэлхийн гран-при” Улаанбаатарт болно
3х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох “Дэлхийн гран-при” Улаанбаатарт болно
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.