УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"2022 онд Монгол Улсын эдийн засаг 4,8 хувиар өслөө. Цаашид эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, тогтвортой байлгах бодлогыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой болж байна. БНХАУ эдийн засгийн өсөлтөө хамгийн багадаа 5 хувиар өснө гэдэг таамаг гаргасан. Үүний дагуу БНХАУ-ын эхний гурван сарын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байгаа. Тиймээс манай улсын эдийн засаг 2023 онд дор хаяж 6 хувиар өсөх бүрэн боломжтой.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сайн байгаа нь манай улсын эдийн засагт ч сайнаар нөлөөлнө. Тиймээс эдийн засгийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын тухай хуулийг мөн ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг засгийн газар ойрын хугацаанд оруулж, УИХ-д өргөхийг гишүүд дэмжиж байгаа.
Мөн хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах олон нийтээс санал авах ажлыг энэ долоо хоногт эхлүүлнэ. Цаашид Монгол Улсын эдийн засгийг хөрөнгө оруулалт хийх таатай орчныг бүрдүүлбэл эдийн засаг 6-аас дээш хувиар өсөх боломжтой" гэв.